Түүхий резин, шингэн ширэм, маскны үйлдвэрүүд өнгөрсөн онд нээлтээ хийсэн боловч ажиллахгүй байна

Орхон аймагт “Эрдэнэт” Үйлдвэр, технологийн паркийг түшиглэн түүхий резин, шингэн ширэм, маскны үйлдвэрүүд өнгөрсөн онд нээлтээ хийсэн ч  үйл ажиллагаагаа явуулахад хэд хэдэн хүндрэл тулгарч байна.

Тухайлбал, шингэн ширэм үйлдвэрлэх “Бэрэн метал” ХХК домен зуухыг Монгол улсад анх удаа ашиглалтад оруулсан нь хууль эрх зүйн орчин, технологитойгоо зөрчилдөж байна хэмээн тайлбарлаж байна. Хэрэв уг үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хэмжээндээ ажиллаж чадвал гаднаас авдаг ган бөмбөлөг, барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангах боломжтой ажээ. Мөн түүхий резин үйлдвэрлэх “Мэйнспринг” ХХК чанартай резин үйлдвэрлэж байгаа ч бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т нийлүүлж чадахгүй байгаа гэнэ. 

“Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хууль 2009 онд батлагдсан. Уг хуулиар бүх шатны байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж өгчээ. Тодруулбал, УИХ төрийн бодлого боловсруулах, Засгийн Газар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үнэт цаас, хөрөнгийн баталгааг гаргах, Нутгийн удирдлагын байгууллагууд нутаг дэвсгэр, байршлыг нь тогтоох, Засаг дарга орон нутгийн хөтөлбөр боловсруулан батлах, Паркийн удирдлага хэрэгжилтийг хангах, гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй байна. Үйлдвэр, технологийн паркид согтууруулах ундаа, тамхи,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл, хуулиар хориглосон химийн хорт, цацраг идэвхт бодис ашиглах үйлдвэрлэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Мөн бусад хуулиар хэд хэдэн хөнгөлөлтүүдийг эдэлдэг. Тухайлбал, Газрын тухай хуулиар газрын татвараас чөлөөлөх,  Татварын тухай хуулиар нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлдөг байна. Мөн сүүлд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулинд Орлогын албан татвараас эхний гурван жил 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөхөөр заасан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)