Түүнд хоёр дахь удаагаа боломж олгох бололтой

Хөлбөмбөгийн хаалгач Бруно алдар цуутай “Фламенго” багийн ахлагч, дэмжигчдийнхээ шүтээн, улсынхаа шигшээ багийн итгэл найдвар нь байлаа. Гэтэл өөрийн нууц амраг, загвар өмсөгч, жүжигчин Элиза Самудиогийн амийг хороосноор өөрийн алдар цууг баллаж, шоронд 22 жил хоригдох ял авав. Хачирхалтай нь энэ явдлыг эхнээс нь шинээр эхлэх боломж болгож тэр чадсан байна. Талбай дээр дахин гарахад нь түүнд хэн туслав, ийм боломж яаж олдов?

Бруно Бразилын Белу-Оризонтийн ядуусын хороололд төрж, өсжээ. Эцэг, эх нь түүнийг багад нь эмээгийнх нь гар дээр орхиж. Ээж нь хүний амь хороосон хэрэгт холбогдож, эцэг нь шоронд долоон удаа суусан аж. Хүү ядуу тарчиг байдлаасаа салахыг мөрөөдөж, хөлбөмбөг түүнд ийм боломж бэлэглэлээ. Чийрэг бадируун биетэй, бараг хоёр метр өндөр Бруно 18 наснаасаа улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2004-2008 онд шилдэг хаалгач болсон байна.

Тэрбээр 2006 онд хамгийн нэрд гарсан “Фламенго” клубт шилжив. Төдөлгүй “Ботафого” багийн эсрэг тоглолтын үеэр торгуулийн хоёр цохилтыг хааж, хөлбөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээх болов. Үүнээс нэг жилийн дараа жилд гурван сая еврогийн цалинтай тоглох гэрээ байгуулахыг удирдлага нь түүнд санал болголоо. Хойтон жил нь Бразилын дээд лигийн 126 тоглолтод оролцож, 39-д нь “Фламенго” багийнхаа хаалганд бөмбөг алдалгүй аварга болсон байна. Ингэж байж Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд хөл тавьсан аж. 2014 оны ДАШТ-д түүнийг гол хаалгачаар оролцууллаа. Түүнээс гадна мань эрийг “Барселон”, “Милан” багийн удирдлага сонирхох болжээ. “Бруно маш сайн байсан. Тэр хилийн чанадад гарвал өндөр нэр цуутай болох байв” гэж нэг клубийн Меценга нь ярьсан байдаг.

2009 оны тавдугаар сард улсын аварга шалгаруулах ээлжит тэмцээний дараа “Фламенго” нийт тоглогчдод зориулж үдэшлэг зохиохдоо загвар өмсөгчдийг урьжээ. Энд л хаалгач маань Элиза Самудиотой танилцаж, улмаар шөнийг хамт өнгөрөөсөн байна. Хэсэг хугацаа өнгөрөхөд Самудио жирэмсэн болсноо түүнд дуулгав. Тэр үед тамирчин залуу гэргийтэй, хоёр хүүхэдтэй

байснаас өөрийгөө түүний хүүхдийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Тэгээд хүүхдээ “авхуулах”-ыг санал болгож, дараа нь Самудиод заналхийлж эхэлжээ. Самудио саналыг нь хүлээн авч буй дүр наанаа үзүүлээд цагдаад ханджээ. Тэрбээр “Бруно шанаанд буу тулгаад “Намайг юу хийж чадахыг чи мэдэх үү? Би нийгмийнхээ хог шавхруун дунд өссөн хүн шүү” гэж заналхийлсэн хэмээн Самудио хэлсэн байна. Шүүх түүнийг жирэмсэн эмэгтэйд ойртохыг хоригложээ.

Элиза 2010 оны хоёрдугаар сард хүүтэй болж, эцгийнх нь дурсгалд зориулж Брунико гэдэг нэр өгсөн аж. Түүгээр ч зогсохгүй хүүхдийн тэтгэмж, сууц нэхэж, хүүгээ өсгөж, хүмүүжүүлэхэд оролцохыг шаардав. Үүнийг эс биелүүлбэл Бруно өөрт нь заналхийлснийг хэвлэлийнхэнд ярина гэж хэлсэн байна.

Бруно бүгдийг зөвшөөрөв. “Бруногийн худалдаж авч өгсөн хотоос гадагш байраа үзэхээр явлаа” гэж Самудио 2010 оны зургадугаар сарын 4-нд ээждээ хэлээд явснаас хойш хүүхэдтэйгээ сураггүй болжээ.

Цагдаа нар эрэлд гарч Самудиогийн дөрвөн сартай хүүг Белу-Оризонтийн ядуусын хорооллоос олов. Энэ хэрэгт холбоотойгоор Бруногийн нэр дуулдаад байсан ч нотлох баримт олдсонгүй.

Хөлбөмбөгчний үеэл 21 настай Хорхе Роза мэдүүлэг өгөх хүртэл мөрдөн шалгах ажил гацчихаад байлаа. Бруногийн найз Луис Макарао цагдаагийн офицер байсан Маркос Апаресидод 500 мянган ам.доллар өгч Самудиог алуулсан, захиалагч нь Бруно гэж Роза хэлсэн байв. Түүний үгээр бол Элизаг алахын өмнө түүнийг зургаан өдөр тамласан, үүнийг Бруно өөрийн нүдээр харж байхдаа эмэгтэйг хашхирч буй дууг сонсохгүйн тулд хөгжим чанга тавьж байсан аж. “Тэд түүний гарыг хүлээд зангиагаар хоолойг нь боож, сүүлд цогцосыг нь мөчилж, нохойд хаяж өгсөн” гэж Роза хэлсэн байна. Бруногийн машинаар цогцосыг зөөж байжээ. Хаалгачийн машин дотроос олдсон цусны бүлэг Самудиогийнхтой тохирч байв. Бруно болон түүний хамтрагчийг баривчиллаа.

Эхний үед хаалгач маань “Болсон явдлыг бид инээд наргиан болгон дурсах болно” хэмээн хэлж байлаа. Түүний өмгөөлөгч “Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх өрсөлдөөнд аргентинчуудын эсрэг тоглож, Мессигийн торгуулийн цохилтоос хаалгаа хамгаалах болно” гэж сайрхаж байлаа.

Мөрдөн шалгах ажиллагаа гурван жил сунжирч, Элизаг хөнөөх захиалга өгөөгүй, харин болсон явдалд харамсаагүй хэмээн Бруно эцсээ хүртэл нотлохыг оролдож байжээ. Самудиог хулгайлж, егүүтгэх үйлдлийг зохион байгуулахад түүнийг буруутай болохыг 2013 онд хүлээлгэж, 22 жил, гурван сар хорих ял ногдуулжээ. “Фламенго” клубийн удирдлага шүүхийн шийдвэр гарсны дараа гэрээгээ цуцлав.

Хөлбөмбөгийн талбайд эргэн ирэх хүсэлтэй байгаагаа Бруно 2017 онд мэдэгдлээ. Шоронд байгаа тамирчинд дэмжлэг үзүүлэх сонирхолтойгоо Бразилын есөн баг илэрхийлэв. Өмгөөлөгчид нь ч бэлтгэл хийж, тэмцээнд оролцох боломж олгохын тулд шүүхийн шийдвэрийг өөрчлөхийг хүсэж өргөдөл гаргав. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байхдаа Бруно улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрт ордог “Боа Эспортё” клубтэй туршилтын гэрээ байгууллаа. Түүнийг хөлбөмбөгийн талбайдаа эргэж ирсэн нь бразилчуудын дургүйцлийг төрүүлжээ. Эсэргүүцэгчид “энэрэх сэтгэлгүй алуурчин, шуламс шиг амьтан” тоглох ёсгүй, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэцгээж байлаа. Хэвлэлээр шуугиан дэгдээх нь тамирчны нэр алдрыг улам өргөж байгаад тэд анхаарлаа хандуулсан байна. Бруног дэмжигчид болохоор Элизаг “өөрөө гарч ирж зам дээр нь тээглэсэн биеэ үнэлэгч” гэж үзэж байв.

“Боа” клубийн ерөнхийлөгч Роне дэ Коота хэлэхдээ “Бруногийн үйлдсэн гэмт хэрэг хөлбөмбөгтэй холбоогүй, энэрэх тогтолцооны утга учир нь засаж залруулахдаа байдаг болохоос хүний амьдралыг үрэн таран хийх зорилго байдагггүй юм. Бруногийн үйлдлийн төлөө бид хариуцлага хүлээхгүй, харин түүнд хоёр дахь боломж олгох нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна.

Хэсэг завсарласны дараа эхний тоглолтоо Бруно үзэгчдийн асар хүчтэй эсэргүүцлийн доор өрсөлдөгчийнхөө торгуулийн цохилтыг хааж “Боа” хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулахыг түүнд санал болгосон ч Дээд шүүхийн шүүгчид хөлбөмбөгчийг шорондоо байх ёстой гэж үзэв.

Хагас нээлттэй дэглэмд үлдсэн хугацаагаа өнгөрүүлэхийг шүүх зөвшөөрснөөр хөлбөмбөгтөө эргэж ирэх хоёр дахь оролдлогоо Бруно 2019 оны долдугаар сард хийв. Гэвч хаалгачийг хөлсөлж авахыг нэг ч баг зөвшөөрсөнгүй. “Би ноцтой ч гэсэн нэг л удаа алдсан хүн. Би муу хүн биш. Гэтэл нэг удаагийн алдаагаар минь миний мөрөөдлийг нийгэм маань булшлах гэж байна.

Өршөөл нигүүслээ надад хүртээж, хөлбөмбөг тоглох боломж олгохыг би залбирч, гуйж байна”. Бруно ингэж хэлжээ.

Бруно энэ жил хугацаанаасаа өмнө суллагдах болсон бөгөөд өдөр болгон цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх, эх орноосоо гарч явахгүй байх үүрэг хүлээсэн байна. Түүнийг шоронгоос гараад нэг сар болоход л “Операрио” клуб гэрээ байгуулах хүсэлтэй байгаа ч үүнийг эсэргүүцсэн үйл ажиллагаа, ивээн тэтгэгчээ алдсан зэрэг нь багийн удирдлагыг Брунотой наймаалцахаас татгалзахад хүргэв.

Бразилын телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа шоронгийн нөхцөл байдал биеийн нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн, шоронд байхдаа амиа хорлох гэж оролдсон ч “Бурхан түүнийг нүгэл хийлгээгүй”. Хөлбөмбөгийн талбай дээр байсан зургаан жилд олж авсан бүхнээ алдсан. Гэхдээ нөхцөл байдлыг өөрчилж, тэмцэх, алдсан бүхнээ эргүүлж авахыг хүсэж байна. Би алдаа гаргасан, түүнийхээ зохих “шагналыг” нэгэнт хүртсэн” гэж Бруно ярьжээ.

Одоо 35 настай Бруногийн анд Хайме Марсело найзыгаа хөлбөмбөгтөө эргэж ирэхийг сайхан үйл явдал гэж үзэж байгаа аж. Түүний үгээр бол хаалгачийг Европын хэд хэдэн клуб сонирхож байгаа юм байна. Бүрэлдэхүүнд нь Бруно тоглох багийг сонгочихоод байгаа ч нэрийг нь нууцалж байна. Олон түмний зүгээс дарамт үзүүлж, тэдний чиглэсэн замыг нь өөрчлөхөд хүргэчих вий гэж болгоомжилж байгаа бололтой.

Бруногийн хүү энэ жил 10 нас хүрч буй. Түүнийг эмээ нь өсгөж байгаа. Эцэг нь шоронд орсныг түүнд хэлсэн ч “яагаад” гэдэг асуултад хариулт өгөөгүй гэнэ. Хүүг Брунико гэдэг шүү дээ, тэр хөлбөмбөгч болохыг хүсдэг.

Бэлтгэсэн: Р.Жаргалант 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)