Түүвэр үү, луйвар уу

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэндээ бэлэн болгоод буй. Үүнийг манай улсад анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгын дүнд суурилан боловсруусан. Эргэн сануулбал, энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт 1570 иргэнийг сонгож, санал асуулга явуулсан. Улмаар тус санал асуулгад хамрагдсан хүмүүсээсээ 785-ыг нь сонгон, зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатыг Төрийн ордонд зохион байгуулаад байгаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор янз бүрийн байр суурь хөвөрч буй энэ үед шүүмжлэгчид зөвлөлдөх санал асуулгыг онилж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн талаар ярих нь байтугай бичиг үсэг тайлагдсан нь ч эргэлзээтэй хүмүүс оролцсон “зөвлөлдөх санал асуулга” гээч зүйлийн үр дүнд тулгуурлан боловсруулсан төслийг голж эхлэв. Тиймээс ч зөвлөлдөх санал асуулгатай танилцсанаас хойш бидний дунд үүнийг түүвэр үү, луйвар уу гэх маягаар харах байр суурийн эрс зөрүү үүссэн гэхэд болно.

Өчигдөр болсон “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ч яг ийм байр суурийн зөрүү тод ажиглагдаж байлаа. Уг хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас МУИС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд үүнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагч, Америк, Эстони, Япон, Хятад, Австрали, Бүгд Найрамдах Солонгос Улсаас зочин илтгэгч оролцсон юм.

Уг хурал нь “Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг болон “Зөвлөлдөх ардчилал ба мэдээлэл харилцааны технологи” салбар хуралдаанаар үргэлжлэв. “Ардчиллын чанар” нэгдсэн хуралдаанаар илтгэлүүдийг хэлэлцүүлсний дараа асуулт, хариулт өрнөсөн юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг тодруулсан.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин “Нөхцөл байдлаас шалтгаалан зөвлөлдөх санал асуулгууд харилцан адилгүй үр дүн дагуулж байна. Зөвлөлдөх санал асуулгыг төр зохион байгуулдаг. Ер нь бол санал асуулгыг зохион байгуулдаг Зөвлөлдөх хороо бүгдийг хянах ёстой” хэмээж байлаа. Ард түмний нэр барьж, хуулиар дулдуйдан гаргасан бодлого, шийдвэрийн улмаас ард иргэдээ хэдэн зуун саяар нь хэлмэгдүүлсэн улс орон олон байдгийг нэг бус оролцогч анхааруулж, зөвлөлдөх санал асуулгаар тийм үр дүнд хүрэх вий хэмээн болгоомжилж буйгаа нуугаагүй юм. Профессор Ж.Фишкин “Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд оролцогчдын саналыг нууцаар авдаг нь хамгийн ач холбогдолтой. Санал асуулгад оролцож байгаа хүмүүсийг хэн нэгэн, бүлэглэлийн нөлөөнд автуулахгүйн тулд нууцаар авах ёстой. Төр иргэдээ заавал сонсох учиртай” гэсэн хариулт өгч байсан юм.


Хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгад би экспертээр оролцож, тодорхой мэдээлэл өгсөн. Түүврийн аргаар сонгосон тэдний эрх зүйн мэдлэгийг яаж үнэлээд байгаа юм бол гэх асуулт тухайн үед төрж байсан. Өөрөөр хэлбэл, хуульч хүн хүртэл ойлгохооргүй зүйл тэр санал асуулгын хүрээнд яригдаж байсан юм. Эрх зүйн олон жилийн түүх, туршлагатай, тэр хэрээр иргэдийнх нь тухайн чиглэлийн мэдлэг дээшилсэн Барууны оронд Үндсэн хуулиа өөрчлөх, эсэхийг ийм маягаар, зөвлөлдөх санал асуулгын хүрээнд асуух нь нэг хэрэг.

Харин манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад иргэдийнх нь эрх зүйн мэдлэг, төлөвшил өөр. Тийм хүмүүсээс шууд Үндсэн хуулийн талаар асуух нь зөв үү. Улмаар ард түмний санал ийм байна гээд үр дүнд нь хөтлөгдөн шийдвэр гаргавал эрсдэлтэй юм биш үү” гэхэд профессор Ж.Фишкин “Зөвлөлдөх ардчилал гэдэг бол тухайн асуудлыг сайн мэддэг эксперт, шинжээчдийн нэмэлт мэдээллийн дараа иргэдийн үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг арга зүй юм. Зөвлөлдөх санал асуулгын үеэр оролцогчдын мэдлэгийн түвшин маш их нэмэгддэг. Мэдлэг олж авч байгаа үйл явц маш чухал юм шүү. Тухайн асуудлынхаа талаар огт мэдээлэл аваагүй хүмүүсээс шууд саналыг нь авахаас өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгын явцад хүмүүс өөрийнхөө толгойгоор бодож, сэтгэдэг.

Харин оролцогчдынхоо эрх зүйн мэдлэгийг ч юм уу, наана нь сорьж, үнэлж дүгнэх нь ардчилсан бус арга” гээд манайд явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг үр дүнтэй болсон хэмээн үнэлж буйгаа тэмдэглэнэ лээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ч “Ямар ч мэдээлэлгүй хүмүүс шийдвэр гаргах үйл явцад оролцох нь хамгийн аюултай. Иргэд зөвлөлдөх санал асуулгад оролцохдоо харьцуулж бодон, жижиг бүлгүүдэд хуваагдан үүнийг хэлэлцэхдээ ямар ч дарга, эрдэмтэн, судлаачдаас ч илүү шийдвэр гаргадаг нь нотлогдсон зүйл. Зөвлөлдөх ардчиллын энэ арга Азид их дэлгэрч байна.

БНСУ-д ард түмэн засгийн эрх барихаа больчихлоо. Ардчилал хямралд өртлөө” гэж тус улсын эрдэмтэн, судлаачид ярьж, томоохон шийдвэрүүд гаргахдаа зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгыг ардчиллыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байна” хэмээн тодотгож байсан юм. Гэвч зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх мэт төрийн байгууламж, тогтолцооны шинжтэй шинэчлэлийн шийдэл болгон хэрэглэж болохгүй гэх байр суурь илэрхийлэх хүн цөөнгүй байлаа.

Уг хурал өнөөдөр өндөрлөх бөгөөд “Орон нутгийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын механизмаар хэрэгжүүлэх нь” нэгдсэн хуралдааны үеэр загвар сургалт зохион байгуулах юм байна. Үүнд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нар оролцож, төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг ач холбогдлын дагуу эрэмбэлэхэд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглан иргэдийн саналыг хэрхэн тусгах талаар гадаад, дотоодын туршлагыг судлах юм. Үүний хүрээнд оролцогчид Орхон аймгийн Жаргалант сумыг загвар сургалтын жишээ болгон, тэндхийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэх гурван асуудлыг эрэмбэлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)