ТҮШМЭД НЬ ТҮМЭНД ХҮНДЛЭГДЭХЭЭ БОЛЬСОН ТӨРИЙН АЛБА

 Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд барьж буй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдах хугацаа өчигдөр дууслаа. Бүртгүүлчих юмсан гэсэн хүсэл бишгүй л байлаа. Даанч надад хүртээлгүй журам байв. Учир нь би төрийн албан хаагч биш. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бас биш. Залуу гэр бүлийн ангилалд ч хамаарахгүй. Бүх юм дууссан хойно “Бүртгүүллээ ч байртай болно гэдэг юу л бол” гэж сэтгэлээ хуурч сууна. 1700 гаруй байрны төлөөх сугалаанд оролцохоор 9000 гаруй хүн бүртгүүлсэн болохоор тэр биз. Бас хажуугаар нь төрийн албан хаагчидтай барьцаастай. Яагаад гэвэл, тэдгээр байрны талаас илүү нь төрийн албан хаагчдад очих журамтай. Энэ улсыг нэгэн өрх гэр гэвэл үр хүүхэд нь болсон ард иргэдээ өврөөс нь төрж, араас нь унасан юм шиг ингэж ялгаварлах хэрэг ер нь юу байна аа. Өмнө нь ч энэ мэт хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхдээ байнга л тэдэнд алгаа дэлгэж байсан шүү дээ.

Төрийн албан хаагчид бусдаас юугаар илүү гэж. Тэнд шалгарсан, шилдэг, онцгой хүмүүс очдог бил үү. Тэрийг би л лав мэдэхгүй, мэдэрдэггүй. Харин төрийн албанд бусдыгаа манлайлж, шалгарсан хүмүүс ажиллах ёстой юу гэвэл “тийм” гэж хариулна. Эртнээсээ тийм байсан. Монгол төрийн уламжлалт ойлголтод түшмэл хүний нэр төр, байр суурь, ухаан чадал нь ямагт дээгүүр тавигдаж ирсэн байдаг. Тиймээс ч хаан төрийн долоон эрдэнийн дөрөвдүгээрт “Хамаг олон амьтныг эрхшээсэн хатуу цаазаар бусдыг үл айлгагч, хатгалдахын сэтгэлээр хэрэг бүгдийг хазгай буруу шийтгэхийг огоот тэвчсэн, ханилсан нөхөдтэйгөө үргэлж зөвшигч, хаа явавч олон бүгдээр хүндлэгдэх, харилтгүй зоригт түшмэл эрдэнэ” хэмээн заасан байдаг. Албандаа нэг л алдсан бол дахиж төрийн алба руу зүглэх ч эрхгүй болдог жишиг ч бий. Бидний даган дуурайх дуртай АНУ-ын Ерөнхийлөгч нар гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, хүүхнүүдтэй нэр холбогдвол улс төрийн карьер нь дуусна гэдгийг мэдэх тул ихэд нууцалдаг байсан. Тухайлбал, тус улсын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны өөр бүсгүйтэй холбогдсон ор хөнжлийн явдал нь олон нийтэд дэлгэгдсэнээр улс төрийн замнал дуусгавар болсон гэхэд болно. Энэ тухай түүний гэргий, нэгэн цагт АНУ-ын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон “Миний амьдралын түүх” номондоо бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энд хууль, дүрэм гэхээс илүүтэй хувь хүний ёс зүйн асуудал яригдаж буй. Угаасаа ёс зүй гэдэг нь хууль, дүрэм гэх зохиомол зүйлсэд хүлэгдэхээс хамаагүй наагуур, анхдагч хэм хэмжээ байдаг шүү дээ. Харамсалтай нь өнөөдөр монгол түшмэд түмэнд хүндлэгдэхээ байж. Түмнээс төө илүү ёс зүйтэй байх ёстой төрийн албан хаагчдад наад захын ёс зүй алга.

Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд гэх ширэн нүүртэй эр дээрхийн нэг жишээ. Хэдийгээр тэр хүн алж, хүрээ талаагүй ч түүнээс болж хоёр бүсгүйн нэг нь нөгөөгөө хөнөөсөн. Ийм хэрэг, явдал болчихоод байхад мань хүн ичих ч үгүй зөөлөн суудалтай, өндөр албан тушаалд суга дэвшив. Хөндлөнгөөс хүмүүс хэчнээн харааж, зүхэхийг юман чинээ бодолгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод буй. Хүүхнүүдтэй холбогдсон нь илрэх төдийд албан тушаалаа өгөх шалтгаан болж байхад явалдаж байсан эмэгтэйчүүд нь нэгнийхээ аминд хүрчихээд байхад совесть байх хэрэгтэй биз дээ. Энэ тохиолдолд салбарын сайд нь ч хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлэх тэнхээтэй баймаарсан. Цаашлаад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ч эл асуудлаар шаардлага тавьж болох л байсан. Гэвч тэгсэнгүй.

Дараагийн жишээ Н.Оргил. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын дуулиант асуудал саяхнаас шувтарч байгаа бололтой. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Оргил сая нэг юм сандал, ширээгээ чөлөөлж, шинээр томилогдсон З.Баянзулд ажлаа хийх боломж олгож байх шиг байна. Уг нь аль хоёр сарын өмнө л Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж, хамгийн өндөр оноо авсан З.Баянзулыг ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилуулах дүгнэлт гаргасан юм. Гэтэл энэ хооронд Н.Оргил өөрийгөө ч, өрөөлийг ч “хэвлэлийн баатар” болгож хувиргасан. Н.Оргил анхнаасаа л үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, “жинхлэх” шалгалтандаа ахиу үнэлгээ авч чадаагүй тул тунаж үлдсэнээр нь төрийн албыг залгуулахаар болсон. Тийм ч хуультай. Гэтэл Н.Оргил үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам зарим нэгэн хүнтэй өстөн, дайсан болоодхов. Үнэндээ энд Н.Оргилын талаар ярих гээгүй. Түүний мууг үзэж, буруутгах гэсэнгүй. Н.Оргил, П.Алтангэрэл хоёрын хэн нь үнэн яриад байгааг жирийн иргэн мэдэхгүй. Гагцхүү “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэсэн зарчим байх ёстойг л сануулахын тулд эш татсан хэрэг. Энэ мэт гажиг төрийн албанд эгээ л дасал хэвшил болтлоо ээнэгшиж байна. Угтаа бол дээд хүн нь Н.Оргилыг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрээ гаргасан л бол тэр дуугүй явах ёстой. Явсан хойноо яах нь өөр хэрэг. Ясаа цайтал заргалдаж, тэмцэлдэх нь түүний дур. Гэтэл манайхан тэгдэггүй. Яам, тамгын газар, төрийн албанд шигдэж, албан тушаал, сандлаасаа үхэн хатан зуураад л, заргалдаад л байдаг. Н.Оргил шиг “Би яамнаас гарах бодолтой байна. Ажиллах ямар ч нөхцөл бүрдэхгүй байгаа. Тиймээс би энд суугаад яах вэ. Ажлаас гарах гэж байгаадаа огтхон ч харамсахгүй байна. Нуруун дээрээсээ том ачаа авч хаяад сайхан байх болно” гэж том том яриад л суугаад байдаг. Захирах, захирагдах ёс гэж ер алга. Албан тушаалтайгаа үхэн хатан зууралдах нөгөө нэг хэлбэр нь өрөө тасалгаагаа түгжээд, тамга тэмдгийг нь аваад алга болдог байдал. Энэ зуршил нэг хэсэг ихэд дэлгэрсэн.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл, ГССҮТ-ийн захирлын суудлаа тавьж өгөхгүй байгаа Ц.Энхбаяр гэх эмэгтэйн цагаандаа гарсан үйлдэл. Төрийн нэрийн өмнөөс ярьж байгаагаа үл ухаарч, санаанд орсноо бурж, түүгээрээ түмэн олныг төөрөгдүүлдэг хүмүүс бас байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр телевизэд ярилцлага өгөхдөө ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасна гэсэн ойлголт төрүүлснээр иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, хэл бичгийн эрдэмтдийг үзгээ шүүрч, үгээ хэлэхэд хүргэсэн. Мөн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж “Би гадаадаас ирсэн монгол иргэдэд хүнд суртал гаргана” гэж хэлснийхээ төлөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээж сахилгын арга хэмжээ авахуулж байсан удаатай. Хэлж ярьж буйгаа хянах чадвар хийгээд мэдрэмжгүй, дээр нь хоёр үг холбох хэмжээний бичгийн боловсрол муутай нөхдийн балаг энэ. Тэд байсхийгээд зодолддог. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн ажилтнаа хэл амаар доромжилж, зодсон гэж байгаа.

БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нэгэн ажилтнаа шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах хэмжээнд хүртэл зодсон талаар мэдээлж байсан.Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан. Эдгээр жишээ бол зөвхөн олонд ил болсон хэсэг нь. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж манай ард түмэн хэлэлцэж ирсэн нь учиртай. Бие хүний хувьд төлөвшөөгүй, гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж чаддаггүй хүн төр түшилцэж, түмнээ удирдах үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэх нь үлгэр байдгийг урьд, хождын олон жишээ харуулсаар байна. Төр ёс зүйтэй байхын үндэс нь төрийн түшээдийн ёс зүй билээ. Ёс зүйгүй түшээдээсээ ангижрахгүй бол монгол төр улам улмаар доройтох нь.


Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)