Түрээслэх сурах бичгүүдийг хүүхдийн тоогоор хэвлэсэн тул дутах ёсгүй гэлээ

  2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 680 мянга орчим хүүхэд суралцаж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ хичээлийн жилд 100 нэр, төрлийн нэг сая орчим сурах бичиг нөхөн хэвлэж, нийлүүлснээ БШУЯ-ныхан мэдээлсэн. Гэвч сургуулиудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсний дараа дунд, ахлах ангийнханд түрээслэх сурах бичиг хүрэлцэхгүй, зарим нь сугалаагаар номтой болж байна гэх шүүмжлэл гарах болов. Энэ талаар БШУЯ-ныхнаас тодруулахад “Засгийн газрын шийдвэрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс дунд, ахлах ангийнхны бүх сурах бичгийг тухайн сургуулийнх нь номын сангаар дамжуулан, түрээслэх үйлчилгээ нэвтрүүлээд байгаа. Тодруулбал, өнгөрсөн жилийг хүртэл VI-XII ангийнхны 60 хувь нь номоо худалдаж авдаг байсныг болиулж, түрээслүүлэх болсон. Энэ нь ном худалдаж авснаас 3-4 дахин хямд үнэтэй. Сурах бичиг түрээсэлсэн орлогыг дараа жилийн нөхөн хэвлэх зардалд зарцуулдаг. Өнгөрсөн хичээлийн жилд түрээслэх 78 нэр, төрлийн 780 мянга орчим сурах бичиг хэвлэж, нийслэл, орон нутгийн сургуулиудад хүргүүлсэн. 2020-2021 оны хичээлийн жилд ч нэмэгдсэн хүүхдийн тоогоор сурах бичиг нөхөн хэвлэж, түгээгээд байна. Тухайн сургуульд түрээслэх сурах бичиг хүрэлцэхгүй байгаа бол сурагчийн тоогоо зөв мэдүүлээгүй, эсвэл элсэлт, төгсөлтийн зөрүүг буруу тооцсонтой холбоотой. Сурах бичиг дутаж байгаад нь өөр сургуулиас илүү гарсныг нийлүүлэх боломжтой” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)