“Түрээслэх сурах бичгүүдийг ирэх долоо хоногоос тараана”

Хичээл эхлээд нэг сар өнгөрлөө. Хүүхдүүд сурах бичиггүй л байна. Дунд, ахлах ангийнхны 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан бол энэ жилээс түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. БСШУСЯ-ныхан “Түрээслэх сурах бичгүүдийг аравдугаар сарын 1 гэхэд сургуулиудад тараана” гэж мэдэгдсэн ч амлалтдаа хүрсэнгүй. Үүнийг далимдуулан дамын наймаачид VI-XII ангийн нэг номыг 15-20 мянган төгрөгөөр худалдах болсонд эцэг, эхчүүд ихэд бухимдаж байна. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжиннямаас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн сарын 25-нд түрээслэх сурах бичгүүдийг хэвлүүлэх компаниудтай гэрээ байгуулсан. Тендерт “Соёмбо принтинг”, “Мөнхийн үсэг”, “Битпресс”, “Сэлэнгэ пресс” зэрэг долоон компани шалгарсан. Зарим нь хэвлээд дууссан гэсэн. Ирэх долоо хоногоос сургуулиудад түгээж эхэлнэ” гэсэн юм. 2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа аж. 

Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 100-гаад нэр, төрлийн 2.7 сая ширхэг сурах бичиг шаардлагатайг албаныхан хэлсэн. Сурах бичиг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шийдсэнийг ташрамд дурдъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)