Түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулав

Төрийн орон сууцны корпораци (ТОСК) ТӨҮГ-аас түрээсийн орон сууцны хөтөлбөрийг шинэчилсэн талаараа өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. “Буянт-Ухаа-2” хороолол гурван өрөө байрыг зах зээлийн үнээс харьцангуй хямд түрээслэх юм байна. Тодруулбал, ТОСК-ын захиалгаар барьж, ашиглалтад оруулсан Улаанбаатар хотын 214, орон нутгийн 146 буюу нийт 360 айлын орон сууцыг түрээсийн журамд хамруулж, ам метрийн хэмжээг 30 байсныг 70 хүртэлх болгон шинэчилжээ.

Мөн журмаар төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны энэ онд мөрдөх нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ. “Буянт-Ухаа-2” хорооллын 68.59 ам метр гурван өрөө байранд хамрагдахыг хүссэн иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, гурван сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ын дансанд тушаах аж. Харин цахилгаан болон халуун, хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаас нь хамаарч түрээслэгч өөрөө төлөх юм байна.

ТОСК-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг квотын дагуу эрэмбэлэхээр болсон. Ингэхдээ төрийн албан хаагчдыг төрд алба хаасан жил, гавьяа шагналаар, өндөр настнуудыг насны эрэмбээр, залуу гэр бүлийг хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр алдалтын хувь, хэмжээгээр нь тооцож эрэмбэлнэ” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)