Түрээсийн дугуйнуудын ихэнх нь хулгайд алдагджээ

Дэлхийн 600 гаруй хотод унадаг дугуй түрээслэх үйлчилгээ бий. Манай улс ч энэ жишгийг дагаж “Ubike” үйлчилгээг өнгөрсөн оны долдугаар сарын 9-нөөс нэвтрүүлсэн. Гэтэл түрээсийн дугуйнуудын талаас илүү хувь нь хулгайд алдагджээ.

Уг төслийг санаачлагч, “Никель Ганбаа” компанийг үүсгэн байгуулагч Г.Дашням “Өнгөрсөн оноос хойш нийслэлд 20 зогсоолд 200 гаруй дугуй байршуулсан. Харамсалтай нь, 100 гаруйг нь хулгайд алдсан. Дугуйн байршил тогтоогчийг алхаар цохиж, эвдээд дахин ашиглах боломжгүй болгон, эд ангийг нь салгаж зарах тохиолдол цөөнгүй байна. Мөн дугуй түрээслэгчид дараагийн хүмүүс хэрэглэнэ гэдгийг ухамсарлаж, зогсоолд үлдээж сурах хэрэгтэй” гэсэн юм. Унадаг дугуй түрээслэгчид “Түрээсийн дугуй манай замын нөхцөлд тохирсон, унахад тухтай зэрэг давуу талтай. Замын түгжрэлийг бууруулахад унадаг дугуй түрээслэх үйлчилгээ чухал нөлөөтэй. Иймд иргэд соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй. Манай улсын иргэд бусад орны адил удахгүй унадаг дугуй унах, ашиглах соёлд суралцана гэж найдаж байна” хэмээв.

Түрээсийн нэг дугуйн үнэ 540 000 төгрөг аж. Тэгэхээр ойролцоогоор таван сая гаруй төгрөгийн дугуйгаа “тавиад туучихсан” гэсэн үг. Уг үйлчилгээг өвөл түр зогсоож, дулааны улиралд ажиллуулдаг. Хуваарийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлснээс хойш 22 дугуй алдагджээ. Одоогоор дугуй түрээслэх үйлчилгээнд 88, засварын газарт 10 гаруй дугуй бий гэнэ. Нийслэлийн цагдаагийн газрын ажилтан, цагдаагийн ахмад Б.Алтай “Он гарснаас хойш унадаг дугуй алдсан хэрэг 184 бүртгэсэн. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 10-наас ирэх есдүгээр сарын 25 хүртэл “Унадаг дугуй” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд унадаг дугуй хулгайлдаг бүлгийн талаар мэдээлэл ирсний дагуу харьяа дүүргүүдэд шалгалт хийж эхэлсэн. Гэмт этгээдүүд унадаг дугуйг цахимаар худалдах нь түгээмэл. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр зарж буй дугуй бүү худалдаж аваарай” гэв.

Зөвхөн түрээсийн бус иргэдийн эзэмшлийн дугуйг хулгайлах тохиолдол ч цөөнгүй аж. Хяналтын камергүй орц, гудамжинд иргэд дугуйгаа үлдээсний улмаас ийм хэрэг гардгийг албаныхан мэдээлэв.

Сонирхуулахад, түрээсийн дугуйн цагийн хөлс 1000, хоёр цаг бол 1500 төгрөг аж. “Ubike” төсөл нь гурван үе шаттай. Ирэх онд 2000 дугуйг 150 зогсоолд, 2021-2026 онд 150 зогсоолд 2500, 2027-2033 онд 5000 цахилгаан дугуйг түрээсийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

С.Чүнсэрээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)