Түргэн тусламж нь хэдий болтол нохойд барьдаг мод шиг байх вэ

Эрүүл мэндийн үйлчилгээ аль аль талдаа унаад буйг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байх. Эрүүл мэндийн даатгалаар шинжилгээ хийлгэж, онош тогтоолгох бол бүтэн сар хүлээх юу ч биш болсон. Ойр ойрхон эмнэлэгт хэвтэж болохгүй, багадаа гэхэд гурван сард нэг хандах хэрэгтэй гэж цааргална. Өвчин хүлээх үү.

Бэртэл, гэмтлээс авхуулаад гэнэтийн яах аргагүй өвдөлт, зовиур хэцүү. Энэ тохиолдолд “Түргэн тусламж”-д найдна, хүлээнэ. Харин хүйтэнд эмнэлэгт очиж, эмчид үзүүлэх гэж дүүрэг, хороо явж байснаас гарын дор, үнэ төлбөргүйгээр нь “түргэн” дуудчихаад гэртээ хэвтэж байх нь биеийн амрыг харж, хувиа хичээдэг хүмүүсийн авир гэлтэй.

Мэдлэг, мэргэжлээр гайгүйд тооцогдох эмч нар нь улсынхаас илүү хувийн эмнэлэгтээ хүчээ илүү зориулна. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд итгэхээс үгүй нь их. Хаа сайгүй байдал ийм болсныг эмч нар хэнээс ч илүү мэдэх болоод тэр байх, саяхан танил эмч “Солонгос ухасхийгээд ирье. Ходоодоо дурандуулж, ЭХО-д харуулаад л ирнэ” гэж Дөрвөн замаас гараад, Налайх ороод ирье гэх шиг хээвнэг ярьж байлаа. Энэ бүхэн хэзээд анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд сайжрах нь бараг үгүй түргэн тусламжийн үйлчилгээний талаар дахин хөндөхөд хүрэв.

Иргэн редакцад хандсан юм. “Даралт огцом ихсэж, эм уугаад байхад нэмэгдсээр бүр 120/180 хүрэхэд дотор муухай оргиж, бие чичрээд ирэхээр нь түргэн тусламж дуудтал бараг гурван цагийн дараа ирсэн. Тэр хооронд зовлон үзсэн чавганц бүрээс асуусаар байгаад даралтаа буулгаж авсан л даа. Гэхдээ цаашид ийм байж болохгүй биз дээ. Үйлчилгээг сайжруулах арга зам байна уу, албаны хүмүүст хандаж, асуудал дэвшүүлж болох уу” гэсэн юм.

Хөндөж байсан танил сэдэв. Ядах юу байх билээ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захиралтай холбогдож, ажил байдал ямаршуу байна, хүчин чадал нэмэгдэж байна уу, түргэн тусламжийн үйлчилгээ шуурхай хүргэхэд замын түгжрэлээс гадна юу саад болж байгаа талаар асуулаа. С.Ариунболд захирал “Өнөөдрийн байдлаар бид 46 машин үйлчилгээнд гаргаж байна. Цаана нь цөөн хэдэд засвар, үйлчилгээ хийж, бэлэн байдалд байлгадаг. Хотын хүн амын тоо, өвчлөлийн байдал зэрэг үзүүлэлтэд үндэслэж гаргасан стандартын шаардлагаар бол Улаанбаатарт түргэн тусламжийн 120-130 машинаар үйлчлэхээр байгаа юм. Гэтэл өнөөдөр төсвийн бололцоо 46 машинаас хэтрэхгүй байна. Машинаас гадна эмч, ажиллагсдын тоо гэдэг асуудал бий. Одоо байгаагаас олон эмч, жолооч цалинжуулах боломж байхгүй. Мөн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, гадаадад туршлага судлуулах, тоног төхөөрөмж сайжруулах, эмч, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд анхаарах боломжгүй хэвээр. Төр, засгаас огт анхаардаггүй, юу ч өгдөггүй гэж болохгүй ч, түргэн тусламжийн үйлчилгээг илт сайжруулах нөхцөл, бололцоо хомс байна. Энэ тухай Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн Засаг даргад байнга мэдээлж, шаардлагатай зүйлсээр хангахыг хүссээр л байна. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу, эрүүл аж төрөх ёс гэдэг ойлголт байхаа больсон, баяр ёслолоор архи хэтрүүлэн хэрэглэснээс болж осгох, ухаан алдах зэргээр ачаалал ихэсгэдэг. Иргэд ядаж биеийн байдалдаа дүгнэлт хийгээд түргэн тусламж дуудах зовиур мөн үү, биш үү гэдгийг ялгаж, салгадаг бол, энэ үйлчилгээнд иргэний хувиар хариуцлагатай ханддаг бол дуудлагын тоо цөөн байх бөгөөд амь нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний дуудлагаар аль болох хурдан хүрч очих боломжтой. Хаана, хаанаа цаг зав, хөрөнгө, хүч хэмнэж болохоор” гэсэн юм. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд дарга хэвлэлийнхэнд мэдээлэл өгч дадсан янзтай нэг амьсгаагаар ингэж хэлсэн юм.

Шуурхай удирдлагын төв 103-ыг зорилоо. Эднийх иргэдийн дуудлагыг бүртгээд яаралтай, яаралтай бусаар нь ангилан, Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уулын гэсэн гурван салбар руу шилжүүлдэг аж. Чингэлтэй дүүргийн салбар төвийг барьж буй бөгөөд цаашид зургаан дүүрэг тус бүрт түргэн тусламжийн төвтэй болох зорилттой байгаа юм байна. 103-ынхан одоогоор өдөрт насанд хүрэгчдийн 800-1000 орчим дуудлага бүртгэж байгаа гэнэ. Хүүхдийн дуудлагыг дээр дурдсан төвүүд рүү дамжуулдаг л болохоос бүртгэдэггүй. Энэ төрлийн дуудлага өдөрт дунджаар 500-600-г хүлээж авдаг ажээ. Тэгэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар өдөрт 1500-1600 дуудлагад явж байгаа гэсэн үг. Энэ бүхнийг дээр дурдсан 46 машинаараа амжуулдаг. Мөн тэр тооны эмч ажилладаг байх нь.

Шуурхай удирдлагын төв 103-ын дарга, цагдаагийн ахмад Т.Бат-Идэр энэ албанд 1998 оноос зүтгэжээ. Түргэн тусламжийн үйлчилгээний сайн, муу, зовлон, жаргалыг мэдэх хүний хувьд байдлыг хэрхэн сайжруулах тухайд шийдэмгий хариу хэлээсэй гэж хүсэж байлаа. Тэрбээр хэд хэдэн чиглэлээр санаа хэлсэн юм. Юуны өмнө иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлага нэн тулгамдаж байна гэлээ. “Түргэн тусламжийн эмч нар өдөржин амбулаторийн дуудлагад явдаг. Өөрөөр хэлбэл өрхийн, дүүргийн эмнэлэгт үзүүлж, онош тогтоолгож эмчлүүлэх шаардлагатай хүн амрыг нь боддог уу, үнэ төлбөргүйгээр нь далимдуулдаг уу, бие нь жаахан эвгүйтвэл түргэн тусламж дууддагийг болиулах хэрэгтэй байна. Нийт дуудлагын 50-60 хувь нь энэ төрлийнх байдаг, ингэж цаг зав, бензин үрж явдаг. Товчхондоо, монголчууд эрүүл мэндээ эмчид даатгадаг социализмын үеийн бэлэнчлэх сэтгэлгээнээс одоо болтол салахгүй байна. Манай улсад эрүүл мэндийн чиглэлийн шуурхай дуудлага хүлээж авах төвд бага эмч, сувилагч мэргэжилтэй хүмүүс иргэдийн дуудлагыг хүлээж авч, бүртгэж байна. 

Өндөр хөгжилтэй оронд бол ийм төвд энгийн хүмүүс ажилладаг. Яагаад гэхээр тэнд ханиад хүрснээс халуурах, даралт ихсэх зэрэгт түргэн тусламж дууддаггүй. Яах аргагүй гэнэтийн юм болсон тохиолдолд яаралтай тусламж хүсэж дуудлага өгдөг, түүнийг заавал эмч, эсвэл сувилагч хүлээж авах шаардлагагүй. Түргэн тусламж гэж яагаад нэрлэдэг вэ. Машинд дайруулах, цус ихээр алдах, зүрхний шигдээс болох, цус харвах, гэртээ төрөх зэрэг амь насанд аюул тулгарсан тохиолдолд дуудлага өгөхөд түргэн тусламжийн баг таваас зургаан минутад хүрч очдог тийм үйлчилгээг түргэн буюу яаралтай тусламжийн гэдэг. Юун хоёр, гурван цаг явж, гудамжны мухарт очин даралт хэмжээд буцах. Түргэн тусламжийн үйлчилгээний концепцыг өөрчлөх цаг болсон гэж үздэг. Өмнө нь энэ байгууллагын даргаар ажиллаж байсан Цулбуур гуай асуудал дэвшүүлсээр байгаад үйлчилгээг багахан хэмжээний төлбөртэй болгож үзсэн түүх бий. Тэгэхэд дуудлагын тоо цөөрсөн ч, иргэдийн гомдол тасрахгүй байсан гэдэг. Тийм болохоор буцаагаад үнэ төлбөргүй болгосон. Өнөөдөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд санаа оноо уралдуулж, хэлэлцлээ гэхэд шийдэгдэх хүртэл дахиад хэдэн ч жил болж мэднэ.

Байдал бахь байдгаараа үргэлжилнэ. Тиймээс урьдын адил хоолой өвдсөн, халуурсан, даралт ихэссэн гэсэн, бидний амбулаторийн гэж нэрлэж заншсан дуудлагыг яаралтай бусаар бүртгэдгээрээ бүртгэж, жагсаалтад хойгуур тавиад, үнэхээр хүнд байдалд орсон иргэнд түрүүлж хүрч очдог жишгээрээ энэ үйлчилгээг иргэддээ үзүүлсээр байх болно. Тиймээс манай хувьд дуудлага хүлээж авах шугам нэмэх, Нийслэлийн түргэн тусламжийн төвд бол түргэн тусламжийн машины тоог нэмэх, эмч, ажиллагсдын орон тоог нэмэх гэх зэрэг арга хэмжээг төр, засаг авахаас өөр аргагүй. Яг одоо бол томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор дуудлага олширч байна. Өдөр болон шөнийн цагаар арай цөөн, харин 19.00-24.00 цагт бол ачаалал дээд цэгтээ хүрч байна. Иргэд эрүүл байвал түргэн тусламж дуудахгүй шүү дээ. Эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөртөө хянуур байж, зөв аж төрөх л ёстой. Иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг сургуульд заахаас эхлүүлээд хийх хэрэгтэй байна. Өрхийн эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ нэг үеэ бодвол сайжирч байгаа сураг бий. Улам сайжруулах хэрэгтэй. Энэ маш чухал. ЭМЯ-ны бодлого боловсруулагчид нэгийг санаж байдаг байлгүй дээ” гэсэн юм.

“Тулаан”-ы талбарт, нэгжид ажилладаг, байгууллага удирддаг хүмүүс ийнхүү ярьж байна. Нэг сэдвээр олон ч жил ярьж. Дээд байгууллагадаа байсхийгээд л дутуу, дунд зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгдөг ч, шийдэж өгөх нь ховор. Мэдээлэл өгч, санал бодол солилцсон хоёр даргын ярианаас “Бичээд нэмэргүй дээ” гэсэн өнгө аяс шууд мэдрэгдэж байлаа.

Бэртэл, гэмтлээс авхуулаад гэнэтийн яах аргагүй өвдөлт, зовиур хэцүү. Энэ тохиолдолд түргэн тусламжид найдна, хүлээнэ. Харин хүйтэнд эмнэлэгт очиж, эмчид үзүүлэх гэж дүүрэг, хороо явж байснаас гарын дор, үнэ төлбөргүйгээр нь “түргэн” дуудчихаад гэртээ хэвтэж байх нь биеийн амрыг харж, хувиа хичээдэг хүмүүсийн авир гэлтэй. Тийм хүмүүс дулаан гэртээ эмч хүлээн зурагт харж байх зуур түргэн тусламжийн эмч, жолооч хоёр хаагуур явж, ямар зам туулан, хэр их стрессдэж ирдэг гэх вэ. Тэдний ажил, сонголт л доо. Тиймээс тэдний яах нь дуудлага өгөөд гэртээ зурагт хараад байж байгаа хүнд төдийлөн хамаатай биш байж болох юм. Гэхдээ алсуураа нэг нь нөгөөгөөс хамаарах, нийгмийн уур амьсгал эерэг байхад нөлөөтэй эдгээр харилцааг эрүүлжүүлэх үндэс нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бусдад гай болохгүй амьдрах сэтгэлгээ юм даа гэсэн бодол төрөв.

Одоогийн байдлаар бол Монголд түргэн тусламж гэдэг нь хэрэгтэй хүндээ бол ус, агаар мэт чухал атлаа дээр хэлсэнчлэн биеийн амрыг харагсад, хувиа хичээгсдийн хувьд ёстой л нохойд барьдаг мод мэт нэр хүндээр тааруу, анхаарал, “халамж”-ийн тухай яриад ч хэрэггүй үйлчилгээ болсон мэт.

Бат-Идэр дарга “Дээхнэ дээ, нэг айлын дуудлагаар яваад очиход өвдсөн гэх гэрийн эзэн “Майкл Жексон нас барсан гэж сонстол дотор нэг их муухай болоод ирэхээр нь айгаад дуудчихлаа, одоо гайгүй ээ” гэж байсан. Ийм хүн олон шүү дээ” гэж байлаа.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)