Түргэн тусламжийн төвийн удирдлагыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж эхлэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тэднийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүйг тус газрынхан илрүүлсэн учраас одоогоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд явцын дунд АТГ руу харьяаллын дагуу шилжүүлэх магадлалтай аж.

Тус төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамт Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан аж. Зарим эх сурвалж 80 000 ам.доллар гэж буй бол нөгөө хэсэг нь 60 орчим сая төгрөг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

Хууль сахиулах болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд “Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нарыг 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн нь үнэн” гэсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)