ТҮНХЭЛД ГАРСАН БУУН ДУУ юунаас болов

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутагт алт олборлож буй “Пураам” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс компанийн тэрэг техник руу буудаж үйл ажиллагааг нь зогсоосон тухай өнгөрөгч бямба гаригийн дугаартаа мэдээлсэн. Манай сонины сурвалжлах баг өнгөрөгч амралтын өдрүүдэд тус газар ажиллаад ирлээ.

БУЛАГТЫН АМАНД ЮУ БОЛОВ?

Түнхэл тосгоноос баруун тийш 35 орчим км-ийн зайд Булагтын ам хэмээх уул ус, ургамал модтой сайхан хангай байх. Урагшаа харсан амтай энэ жалгын баруун биед үргэлжилсэн их ой, зүүн талдаа нар туссан энгэр ээвэр газартай. Харин жалгын дундуур Дархан цаазат Ноён уулаас эх авдаг Буданчийн гол урсдаг аж.

Булагтын амны дунд бие, Буданчийн голын голдирол даган БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “Пураам” компани алт олборлодог юм байна. Тус компанийг Монголын хөрөн гө оруулалттай гэх боловч зарим эх сурвалжаас үзвэл хятадын хөрөнгө оруулалттай компани гэж мэдээлж байна. Ажилчдын байрнаас уурхайн гүн хүртэл 100 орчим метр бөгөөд ажилчид өглөөний цайндаа орчихоод ажилдаа гарахаар зэхэж байж.

Тэдний түрүүч 07.45 минутын үед уурхай руу алхжээ. Тэд уурхайд ирээд тэрэг техникээ шалгаж байтал гэнэт урд уулын модон дундаас хэсэг хүн тэдэн рүү гал нээжээ. Энэ үйл явдал 00.08 цагт эхэлсэн байна. Анхны сум уурхайн гүнд байх хүнд даацын Huyndai маркийн экскаваторын цонх хагалж, кабины арын бүхээгт тусаад зогсжээ. Гэтэл дахин буун дуу гарч сум экскаваторын агаар шүүгчийг онож, улмаар хөдөлгүүрийн эд ангиудыг гэмтээжээ. Айж сандарсан компанийн ажилчид тэрэг техникээ хаян зугтсан аж.

Гал нээгчид чиглэлээ өөрчлөн экскаватороос 30 орчим метрт байх цахилгааны эх үүсвэр том оврын дизель хөдөлгүүр рүү хэд хэдэн удаа буудсан төдийгүй хажууханд ил задгай байх 250 орчим литр шатахуунтай савыг цоо буудсан байна.

Саванд байсан бүх шатахуун асгарсан боловч азаар дэлбэрэлт болоогүй аж. Ачигч машинд хэд хэдэн сум тусаж дугуй, радиаторыг онон цаашлаад шатахуун дамжуулах шалаанкийг цоолжээ. Ажил дууссаны дараа тэрэг техникээ манаж хонодог вагончигт хоёр залуу байж. Тэднийг вагончигоос гарахын өмнөхөн дээгүүр нь хэд хэдэн сум өнгөрсөн байна. Тэд уурхайн техник рүү 10 орчим минут гал нээхдээ нийт 22 сум тавьсан байна.

Гэхдээ ажилчид руу гал нээгээгүй байна. Цочролд орсон компанийн ажилчид хэсэг хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгээгүй аж. Буун дуу зогссоны дараа тэд болсон үйл явдлын тухай Түнхэл тосгоны цагдаагийн хэсэг рүү утсаар мэдэгдэж, тусламж хүсчээ. Бага үдийн 10.20 минутын орчимд Түнхэлийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн хамт ирж, хэргийн газар үзлэг хийсэн төдийгүй Мандал сум болон аймгийн цагдаагийн хэлтсээс нэмэлт хүч дуудсан байна. Төд удалгүй цагдаагийнхан уурхай болон ойр орчмын нутгийг хамгаалалтад авч, гал нээсэн хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ. Бидний авсан мэдээллээр тэд ууланд бүгж байгаа гэнэ.

ТЭД ХЭН БАЙВ?

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа нарын дөрвөн хүн наймдугаар сарын 31-ний өдөр Түнхэл тосгонд ирсэн аж. Тэд орон нутгийн гишүүн дэмжигчдээрээ дамжуулан морь бэлдүүлэн уул нуруудаар явж, уурхайн үйл ажиллагаа, гол усны голдирлыг нарийвчлан үзжээ. Тэд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, хууль зөрчин алт олборлож байгаа “Пураам” компанийн үйл ажиллагааг хүч хэрэглэн зогсоосон байна.

ЯАГААД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОВ

2009 оны долдугаар сарын 16- ны өдөр Гол мөрний урсац, ойн сав бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох, хайхыг хориглох тухай хууль батлагдсан ч өдий хүр тэл хэрэгжихгүй байгааг Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Улс үндэстнээ аваръя” хөдөлгөөнөөс мэдэгдэж, тууштай арга хэмжээ авахаа орон даяар зарлажээ.

Тэд уг хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж байсан төдийгүй хуулийг орон нутагт хэрэгжүүлэхийг шаардаж, Засгийн газарт 2010 оны долдугаар сарын 2-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн ч Засгийн газар хариу өгөлгүй зургаан сар болжээ. Төр засгаас энэ асуудалд анхаарч, арга хэмжээ авахгүй байгааг хөдөлгөөнийнхөн хэлэлцэн Үндсэн хуулиар олгогд сон иргэнийхээ үүргийг биелүүлэхийн тулд уурхайн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн нь энэ аж.

АЛБАНЫ ХҮНИЙ АМ, АЖИЛ ХОЁР ЗӨРӨВ ҮҮ

Үүсээд байгаа нөхцөл байд лын талаарх үнэн бодит мэдээллийг уншигчдад хүргэх үүднээс Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлг өө нийнхөн болон бидний хэсэг сэтгүүлч уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын хилийн торноос ч илүү бат бэх гэж хэлж болохоор үргэлжилсэн их хашаагаар бид ороод явчихав. Орох орох доо бүгд биеийн байцаалт, ажлын үнэмлэхээ дахин дахин шал гуулав.

Монгол Улсын хилээр давж гаалиар орж гарч байгаа юм шиг л санагдлаа. “Буданч хэмээх сайхан нэртэй энэ голын урсац эхнээсээ адаг хүртэл хэвийн хэмжээнд байгаа. Бидний үйл ажиллагаа голын ус, ойн сав бүхий газраас ангид, голын усыг хааж боогоогүй” хэмээн тайлбарлах “Пу раам” компанийн аж ахуй эрхэлсэн менежер Ш.Цогтын ярианд хөтлөгдөн “аан аан” гэсээр явтал голын голдирлоос арваадхан алхмын зайтай олборлолт явуул сан бай гааг нь хараад сэтгэл эмзэглэв. Урсгал өгсөж дээш жаахан алхлаа. Өгсөх тусам голын урсгал ээдсэн сүү шиг ногоон туяатай болох нь тэр. Олборлолт явуулаад ашигласан хайр гаа машинаар зөөж урсацын доор хаядаг юм байна.

Тэр нь өдөр ирэх тусам зузаарсаар бүхэл бүтэн хайрган уул болжээ. Голын усыг боомилж нуур үүсгэн түүгээрээ алтаа угаадаг гэх малчны үг үнэн санагдав. Буданчийн гол Хайрган уулын доогуур нэвчиж адаг руу урсахаас өөр замгүй. Голын ундарга оргилон байвч төд удалгүй хайрганы доогуур шургаад замхардаг бололтой юм. Ажиглаад байтал тэрхүү гол уул овоо шиг хэд хэдэн сүндэр хайрга гатлаад уруугаа урсахын даваан дээр шургахыг харлаа. Компанийн менежер өөрийнхөө үгийг батлах гэсэн мэт баахан зүйл бидэнд тоочив.

Ерээд оны эхнээс энэ газарт хоёр ч компани олборлолт явуулж байсан. Үнэнийг хэлэхэд бид хүний орхиод явсан шороон дээр ирсэн хүмүүс. Тэр ч бүү хэл таван жилийн өмнө энэ голын усыг хүн малын хэрэгцээнд хэрэглэж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Бид ард иргэдийн тусын тулд сайхан сэтгэл гаргаж малчдад ус зөөж өгдөг юм.

Огт ойлгомжгүй агаад утгагүй тайлбарыг бидэнд ярилаа. Буданчийн гол тасарсан нь манай компанийн үйл ажиллагаатай хамаагүй хэмээн мэлзсэн. Элэг эмтрэм болсон газар шороог эндээс харлаа. Дараа нь бид компанийн бичиг баримттай танилцав. Тус компани энэ газарт 30 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан төдийгүй одоогоор 53 тонн алтны нөөцтэй юм байна.

Олборлолт явуулах тусгай зөвшөөрөл, лицензийн сунгалт, уулын ажлын төлөвлөгөө, ус ашигласны төлбөр, ус ашиг лах гэрээ гээд бүх юм хуулийн хүрээнд хийгджээ. Харин өнгөрсөн онд Гол мөрний урсац, ойн сав бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох, хайхыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ямар ч байгууллагатай ус ашиглах тухай гэрээ хийгээгүй гэсэн Усны газрын тайлбарыг тэд гайхаж байсан.

Түнхэл тосгоны Засаг “ноён” Р.Раднаабазартай уулзсан юм. Харамсалтай нь тэр ард иргэдийнхээ сайн сайхны тулд юу ч хийгээгүй нь түүний ярианаас илт байв. Нэг л их хээгүй гүндүүгүй царайлж бусдыг харан инээвхийлсэн нөхөр.

ГОЛЫН УСНААС УНДААЛСАН МАЛ ӨВЧИЛДӨГ БОЛЖЭЭ

Буданчийн голын уснаас уусан малын дотор эрхтэн өвчилдөг болсон тухай тавдугаар багийн малчин Батпүрэв ярилаа. Тэрбээр хоттой хониныхоо захаас нь бариад муулахад л үүнийг тодорхой мэдэж болно гэсэн. Голын булингартсан усанд хүүхдүүд хаа нэг ороход гар хөл дээр нь элдэв зүйл гардаг гэнэ. Голын ус татарсан болохоор компанийн зүгээс хэзээ ус авчирч өгөх бол хэмээн харж суудаг болж. Тавдугаар багийн хэсэг өрх айл Булагтын амнаас жил бүр хадлан авдаг байжээ. Гэтэл энэ жил хадлан

авах нөхцөлгүй болж байгааг тэр үгийнхээ эцэст дайв. Энд тэндгүй хашаа татсан болохоор орох гарах газаргүй болсон зовлонгоо тэд тоочлоо. Балж, Буданчийн голын хөндийг даган 30 орчим өрх айлын 8000 гаруй мал бэлчээрлэдэг юм байна.

ЦАГДААГИЙНХАН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ

Түнхэл тосгонд есдүгээр сарын 4-ний өглөө очсон бид тосгоны Цагдаагийн кубоны үүдийг сахиж үд болгов. Уг хэргийн талаарх үнэн бодитой мэдээллийг Мандал сумын цагдаагийн хэсгээс бидэнд өгсөнгүй. Мэдээлэл өгөх эсэхээ дээд дарга нартаа мэдэгдэж байж шийднэ гэлээ. Хэвлэлийнхнийг удтал хүлээлгэсний эцэст тэд хотод очиж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Хурандаа Т.Сайнжаргалаас ав гэсэн хариуг өгөөд хаалгаа хаав. Цагдаагийн байгууллага болсон үйл явдлын талаар тодорхой хэмжээний мэдээлэл сэтгүүлчдэд өгч байх ёстой. Яагаад үүнийг нууцлаад байгаа нь бүрхэг хэвээр үлдэв.

Харин Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гүйцэтгэх захи рал Н.Дашдэмбэрэлийг өрөөн дөө удаа дараалан дуудаж уулзсан. Баттай бус эх сурвалжаас үзэхэд уурхай руу буудсан хүмүүс одоо хэр нь олдоогүй байгаа аж. Онги гол хөдөлгөөний тэргүүн Мөнхбаярын зарим бичиг баримт уулнаас олджээ. Тэднийг морь унаагаар залгуулсан малчин, тэдэнтэй холбоотой гэх нутгийн иргэдийг байцаасан нь иргэдийн сэтгэл зүйд дарамт болжээ. Айсан, эмээсэн иргэн мэр сэр тааралдаж байлаа.

Мөн тосгонд орж гарч байгаа машин техникийг хянаж байгаа гэсэн. Уг нь энэ өдөр тосгоны иргэд байгаль хамгаалах талаар цуглаан зохион байгуулах ёстой байлаа. Гэтэл цуглаан зохион байгуулах өдрөө урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрлөө аваагүй гэсэн нэрээр уг цуглаан болсонгүй. Эцэст нь хэлэхэд сэтгүүлч хүний хувиар болсон үйл явдлыг нүдээр харж аль нэг талд хазайлгүй бичсэн нь энэ.

Гэвч алтны үнэр авсан иргэд, байгалийн баялагт хэт улайрсан эрх мэдэлтнүүдээр манай газар нутаг дүүрчээ. Орон нутгийн засаг захиргааны зүгээс ямар ажил хийснийг олж сонсох гэтэл энэ талаар хэлчих хүн гарсангүй. Голын ус ширгэж, ургамал амьтан үгүй болох нь тэдний хувьд юу ч биш болж. Бүр “Бороо”-гийн, “Пураам”- ын, “Нинжа”-гийн, манай танай газар хэмээн ярих нь элэг эмтэрмээр.

Уг нь бид төрж өссөн газар шороогоо “Баянгийн ам”, “Тоглохын тал” зэргээр уул ус, ургамал амьтныхаа нэрээр нэрлэдэг уламжлалтай шүү дээ. Алтны цаадах арван там хэзээ дуусах бол. Нэгэнт төр засаг хууль журмаа гаргасан бол түүнийхээ биелэлтэд хатуу хяналт тавьдаг байх ёстой.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хэнбугай ч тэрхүү хуулийг хатуу мөрддөг байх учиртай. Эс бөгөөс ийн буу шийдэмдээ хүрч, улмаар хүний амь нас үрэгдэн, цус урсгах мөргөлдөөн, үймээн хэзээ мөдгүй гарах аюул бидэнд ойрхон болжээ.

Х.Эрдэнэбулган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)