Түмнээ түшсэн эрдэмт үсэг монгол бичгээ сурцгаая

 mail Хөглөрсөн навчис хөлийн өлмийд гишгэгдэнэ. Хэзээ нэгэн цагт миний монголын үндэсний бичиг соёл энэ намрын навчис шиг хөглөрөн уначихгүй байгаа гэсэн түгшүүр сэтгэлийг зовооно...         (Хос Уянга нэгдлийн гишүүн, МУИС-ийн сайхан бичигтэн Ш.Ширнэнгийн эсээний хэсгээс)

Түүхээс үзэхэд Монгол бичиг дөрвөн удаа төрийн бичиг болж дөрвөн удаа халагдсан байдаг. Өдгөө крилл үсэг хэрэглэж байгаа ч бидний дунд 1000 жилийн түүхтэй уугуул бичгээ өвлөн уламжлах хүсэл зорилготой залуус цөөнгүй. Үүний нэг жишээ бол  15 жилийн ойн баяраа өнөөдөр тэмдэглэж буй МУИС-ийн "Хос Уянга" нэгдэл юм.

2002 онд анх М.Жавхлан үүсгэн байгуулснаас хойш "Хос Уянга" нэгдэл нь өнөөдөр арав дахь тэргүүн Ү.Доржийн удирдлагад шилжин идэвхтэн 300 гаруй гишүүнийг бүлдээ нэгтгэжээ. Соёл уламжлалаа залган авч яваа Хос Уянгын нэгдлийн оюутан багш нар өөрсдөө сурж мэдээд зогсохгүй бусад оюутнууддаа монгол бичгийн дүрэм, уран бичлэг, угалзан, эвхмэл,  дөрвөлжин бичиг зааж өгдөг онцлогтой. 

Хос Уянга нэгдлийн найм дахь удаагийн тэргүүн Ч.Батбаяр хэлэхдээ: "Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүү" гэх  Инжинашийн хэлсэн үг байдаг. Монгол бичиг бидний уг язгуур чанарт, цусанд байдаг учир хэдий төрийн бодлогоор хавчигдаж байсан ч ард түмний сэтгэлд зүрхнээс арчигдаж байсан үе үгүй гэж бодож байна. Хэрвээ монгол бичгээр бичсэн криллээр бичсэн хоёр цаас газар унасан байлаа гэхэд хүмүүс монгол бичгээр бичсэн цаасыг түрүүлж авах сэтгэлтэй байдаг.  Нэгдлийнхэн маань эхнээсээ докторын зэрэгт хүрээд байгаа бөгөөд энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын цуваа тасрахгүй гэдэгт итгэдэг.

Ойн баярын хүрээнд үе үеийн удирдлага зөвлөх багш, идэвхтэн гишүүдээрээ цугларан хамтын бүтээлийн үзэсгэлэн, сонин гаргаж, мөн сайхан бичигтэн шалгаруулах тэмцээнийг зохиосон байна. Өнгөрсөн 15 жилээ дүгнэн дурсахад хийсэн бүтээсэн зүйл арвинтай Хос Уянга нэгдлээс удахгүй болох улсын сайхан бичигтэн тэмцээнд бүтээлээ сойж буй олон гишүүд буй гэнэ.

Нэгдлийн тэргүүн Ү.Дорж хэлэхдээ:  Уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурсан мэдсэнээ тайлагнан түгээж үе үеийн ах эгч нартайгаа баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна гэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/groups/306488889450329/ линкээр авна уу 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)