Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулна

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-ынхан 2013 онд гаргасан. Түүнээс хойш тус төв өөрийн гэсэн байргүй, ГССҮТ-ийн “бөөрөнд” толгой хоргодож өнөөдөртэй золгов. 

Уг нь шинэ барилга барьж, 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажил царцсаар өдий хүрчээ. Төвийн барилгын ажлын явцтай ЭМЯ-ныхан өчигдөр танилцахад гүйцэтгэгч компанийнхан энэ онд багтаан ашиглалтад оруулахаа амлав. 

Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Бямбадорж “Түлэнхийн төвийг барьж дуусган, ашиглалтад оруулах санхүүжилтийг шийдсэн. Барилгын ажлыг саадгүй явуулах үүднээс ажлын хэсэг томилсон. Бүтээн байгуулалтыг шуурхайлах үүрэг өглөө” гэв.

Хөлдөж, түлэгдсэн хүмүүст үйлчлэх, нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг цогц үзүүлэх, олон улсын стандарт хангасан, орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник төхөөрөмжөөр тоноглох тус төвийн шинэ байрыг барихад Кувейтийн сангаас найман сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ онд багтаан ашиглалтад оруулахын тулд гүйцэтгэгч компани нэмж, ажиллуулж байгаа гэнэ. Барилга гурван (захиргаа, эмнэлэг, шарил хадгалах газар) хэсэгтэй. А хэсгийн гүйцэтгэл 80, үлдсэнийх нь барилгын ажил 60 хувьтай явж байна.

Ташрамд дурдахад, 2013 оноос А, С хэсгийн барилгыг “Цаст констакшн”, В-г нь “Нутгийн зам” ХХК барьж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)