Түймэр уур амьсгалд нөлөөлнө

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зарим нутгийг хамарсан байгалийн түймэр манай гарагийн экологийн тогтолцоо, хүний эрүүл мэнд, уур амьсгалд удаан хугацааны турш сөргөөр нөлөөлөхийг НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) анхаарууллаа. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Клэр Нюллис Швейцарын Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр “Түймрийн улмаас агаар мандалд нүүрсхүчлийн хий хуримтлагдаж, улмаар дэлхийн дулааралд нөлөөлнө” гэв.

Умард мөсөн далайн онгон байгаль маш эмзэг, мэдрэмтгий бөгөөд тэнд дулаарал дэлхийн бусад бүс нутийнхаас хурдан явагддаг аж. Утааны бичил хэсгүүд цас, мөсөн дээр бууж, нарны элчинд уурших үйл явцын улмаас Умард мөсөн далай дахь дулаарал түргэсдэг байна. Үүний сацуу түймэр мөнх цэвдэг хайлах эрсдэлийг хурдасгаж, нүүрсхүчлийн, бас хүлэмжийн хий болох намгийн хий дэгдэхэд хүргэх аюултай.

Бөмбөрцгийн хойд хэсэгт урьд нь гарч байгаагүй, тухайлбал, Скандинавын орнуудад түймэр дэгдсэнийг К.Нюллис тэмдэглэжээ. Саяхан явуулсан судалгаанаас үзвэл, өдгөө дэлхийн тайгын ой 10 мянган жилийн турш байгаагүй ойрхон давтамжтай шатдаг болсон гэнэ. Өнгөрсөн зууны 70-аад оноос хойш Өмнөд Европт ч байгалийн түймрийн давтамж, цар хүрээ мэдэгдэхүйц нэмэгджээ.

Түймэр хүний амьдрал, эрүүл мэндэд шууд эрсдэлтэйгээс гадна шатсан бүтээгдэхүүнүүд ч аюултайг ДЦУБ анхааруулжээ. Хүний нүд, амьсгалын эрхтэн тогтолцоонд таагүй нөлөөлөх аюултай хий, бичил хэсгүүдийн холимог гэсэн бохирдуулагч агаар мандалд цацагддаг. Утаа гэхэд уушгины ажиллагааг муутгаж, бронхиттой болгох, багтрааг хүндрүүлэх, цаг бусын үхэлд хүргэж мэднэ.

К.Нюллисийн хэлснээр, энэ онд түймэр Сибирийн 90 мянга гаруй га газар нутгийг хамарч, утаа нь АНУ-ын Аляск, Канадын баруун хойд нутаг, Гренландын баруун эрэгт хүрчээ. Шведэд 30 мянган га газар хамарсан 50 мянга гаруй түймэр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын эцсээр АНУ-д баруун муж улсуудыг нь голдуу хамарсан байгалийн 68 түймэр бүртгэгдсэн бол он гарснаас хойш ийм гамшиг 1.5 сая га газрыг хамарчээ.

ХОЙД, УРД ХӨРШИД АЮУЛЫН ШАР ТҮВШИН ЗАРЛАВ

Энэ долоо хоногт хойд хөршийн төвийн бүс нутгийг бүхэлд нь хамрах циклоны улмаас агаарын температур 28-32 градус хүрэх гэнэ. Иймээс байгалийн түймэр дэгдэхээс сэргийлэн аюулын шар түвшин зарласан байна. Тус улсын Онц байдлын яамны Төвийн бүс нутгийн төвийн хэвлэлийн албаны мэдээлснээр Тула, Рязань, Воронеж болон бусад хэд хэдэн мужид 33 градус хүртэл халж, өглөө, оройн цагаар манатай байж болзошгүй гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түймрийн дэглэм зарлаж байсан Рязанийн бүс нутагт л гэхэд хуурайшилтын үе эхэлснээс хойш түймрийн 14 голомт бүртгэгдэж, 13.2 га газар хамарчээ. Тэдгээрээс 8.2 га-г ойн түймэр аж.

Аагим халуун өдрүүдээр бороо, аадар орох магадлал Липецк, Белгород, Курск мужийн зарим дүүрэгт л байгаа гэнэ. Халуун цаг агаар газар тариаланд ч хохирол учруулж болзошгүй байгааг Онц байдлын яамнаас нь анхааруулжээ. Тус улсад цаг агаарын аюулын ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн түвшин байдаг.

Хятадын зарим бүс нутгаар үргэлжлэн хэт халахтай холбогдуулан тус улсын ус, цаг уурын мэргэжилтнүүд зарласан аюулын шар түвшний хугацааг сунгасан байна. Төв болон өмнөд бүс нутгийн дийлэн хэсгээр, тухайлбал Чунцин, Хубэй, Фузянь мужид агаарын температур 37-39, зарим газраар 40 градус давж халахыг Үндэсний цаг уурын төвөөс нь мэдээллээ.

Тэрчлэн баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Турфаны цутгалан, зүүн хойд нутгийн Ляонин, Зилинь мужийн зарим хэсэгт аагим халуун болохыг анхааруулжээ. Нэр заасан газруудын оршин суугчдад гадагш гарах цагаа богиносгож, цахилгааны хэрэглээ нэмэгдсэний улмаас үүсэж болзошгүй түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг нутгийн эрх баригчид нь уриалсан байна. Тус улсад аюул учруулахаар халууны үед улаан, улбар шар, шар өнгийн түгшүүр зарладаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)