Түймрийн халз зурвасуудын хоёрыг нь эхний ээлжид шинэчилнэ

Түймрийн эрсдэлийн хоёрдугаар бүс буюу аюулын зэрэг өндөртэйд тооцогддог нийслэлийн ногоон бүсийн ойн санг хамгаалах ажлыг 1960- 1999 онд үе шаттай хэрэгжүүлж, 40 метр өргөн, хоёр км хүртэлх урттай 10 зурвасыг байгуулсан. Гэвч сүүлийн 20 гаруй жил эдгээр зурвасыг огт сэргээгээгүй аж. Холбогдох байгууллагууд ойрын жилүүдэд энэ талаар эрчимтэй ярьж, шаардлагатай хөрөнгийг нь нийслэлийн төсөвт тусган, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан ч төсөвт өртөг бага гэх шалтгаанаар нэг ч аж ахуйн нэгж, байгууллага үүнд оролцоогүй байна. Харин энэ жилийн нээлттэй сонгон шалгаруулалтад Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 310 дугаар анги оролцон гүйцэтгэгчээр сонгогдсон юм. Тус ангийнхан БОАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТӨҮГ-ын дүгнэлт, нийслэлийн Онцгой байдлын газрын саналд үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Багабаянгаас Халзангийн ам, Шаргаморьтын эхээс зүүн хойш чиглэсэн хоёр зурвасыг эхний ээлжинд сэргээхээр сонгожээ. Үлдсэн найман байршлыг хэзээ шинэчлэх нь тодорхой бус байгаа аж. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Өнгөрөгч жилүүдэд түймрийн халз зурвасыг сэргээн шинэчлэх, төсөв хөрөнгийг нь батлах ажил удааширсны улмаас өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Энэ ажлын гүйцэтгэлд зориулж 2017 оноос жил бүр 10 сая төгрөгийг төсөвлөсөн бол өнөө жил хоёр дахин нэмсэн нь цагаа олсон шийдвэр байлаа” гэв.

Бэлтгэсэн: Г.Дамдинсүрэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)