Түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна

2017  он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим  гарсан ойн түймэрт /2017 оны тавдугаар сарын 17-нд гарсан/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дах Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 иргэн, нийт 91 хүн ажиллаж 2017 оны зургадугаар сарын 07-нд цурманд орууллаа.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-ҮҮр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /2017.05.27/ гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн ажиллаж өнгөрсөн сарын 31-ний өдөр цурманд оруулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулсын “Залаатын ам” гэдэг газар /энэ сарын 05-нд гарсан/ ойн түймэр гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 албан хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн ажиллаж, түймрийг тухайн өдөр нь цурманд оруулсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /2017.05.27/ гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 51 иргэн, нийт 71 хүн ажиллаж, 2017 оны зургадугаар 07-ны 18:45 цагт бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

Цаг агаар халж, хур тунадас бага, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)