Түгшихгүй байхын аргагүй

102 дугаар сургуулийн урд тал

Хүүхэд сургуулийнхаа ойролцоо явж байгаад гар утсаа булаалгасан, ээмгээ мултлуулсан, хадаас гишгэсэн, нүхэнд унасан гэх зэрэг өөрийн буруугаас биш, бусдын, тодруулбал, томчуудын хайнга, хариуцлагагүй, эрээ цээрээ алдсан байдлаас үүдсэн хохирол бишгүй. Хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон хүү шонд цохиулаад үүрд явчихсан гашуун түүх хуучраагүй байна. Хүүхдийн хоёр дахь гэр болсон сургууль, багш, хамт олон нь эрдэм сурах, хүмүүжиж төлөвших найдвартай орчин байх шиг амар амгалан гэж хаа байх билээ. Гэтэл манай улсад сургуулийн эргэн тойрон сэтгэл түгшээсэн, айдас дагуулсан орчин хэвээр байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны хавар сургуулийн орчин хүүхдэд аюултай, эсэхийг тандаж нийслэлийн ерөнхий боловсролын 242 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 596, нийт 838 байгууллагын гадаад орчны аюулгүй байдлыг судлахад 2224 зөрчил илэрчээ. Тухайн үед сургалтын байгууллагуудад зөрчил, дутагдлыг арилгах даалгаврыг тав хоногийн хугацаатай өгч, үндсэндээ зөрчил болгоныг арилгуулсан гэх авч амьдралаас урган гарах шалтгаануудын улмаас төд удалгүй дахин муу дүн авахаар болчихсон байдаг гэнэ.

Хамгийн ойрхон байх 24 дүгээр сургуулийг л аваад үзье. Сурагчид хашаан дотроо сургуулиа тойрон уралдаж, хөлийн чилээ гаргангаа, хэн хурднаа үзэн хөөцөлддөг байсан нь саяхан. Гэтэл тус сургуулийн хашаанд энд тэндгүй олон давхар байшин барьснаас сурагчид байшингаа тойрч гүйж чадахаа байсан. Хөлбөмбөгийн үлгэр жишээ ногоон талбайтай юм сан, уг нь. Өдгөө эрхбиш талбайн хэмжээ хэвээр байх, үзэгчид тэмцээн үзэж, дуртай багаа дэмжин хашхиралдаж чөлөөтэй зогсох орон зай бараг үгүй болсон. Талбайд тултал газар олгосон гэсэн үг. Сургуулийн урд, хашаанд нь тулгаад зам тавьсан бөгөөд ар араасаа явах хоёр машины хаанаас нь л бол хаанаас нь цүнх үүрсэн охид, хөвгүүд суга үсрэн гарч ирж байгаа харагддаг. Ийм дүр төрх нийслэлд мөн ч олон сургуулийн орчинд харж болно.

Сургуулийн орчинд газартай холбоотой, барилга байшин барьсан, барьж байгаа, барихаар зэхсэн зэрэг үйлдэлтэй холбоотой зөрчил тоолж баршгүй. Үүний зэрэгцээ хүүхдүүд сургуулийнхаа орчинд, цайны газартаа чанаргүй хоол, хүнс идэж, эрүүл мэндээрээ хохирох нь жирийн үзэгдэл болов. Ширхгийн хоол хэмээх хуршсан тосонд хайрсан хуушуур, хямд махаар хийсэн, эсгэсэн гурилтай бууз зэрэг шим шүүсээр тааруу, хоол боловсруулах эрхтэнд халтай хүнс өдөр бүр идэхэд хүүхдийн ходоод болон бусад дотор эрхтэн эрүүл байх уу.

Сургууль бүрийн хажууд хамгийн хямд, жишээ нь чипс хэмээх амталж шарж, хатаагаад гялгар уутанд хийсэн төмс, элдэв өнгийн сунадаг чихэр, хэзээ хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй шоколад гэх зэрэг юу нь үл мэдэгдэх хүнс худалдаалдаг жижиг дэлгүүрүүд байдаг бөгөөд тэдний орлогын эх үүсвэр нь сурагчид. Энэ мэтчилэн дурдаад, жишээ татаад байвал хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын эсрэг санаатайгаар хортой хүнсээр “зэвсэглэн” дайрагсад олон.

Гэр хорооллын хүүхдүүд сурдаг сургуулиудын орчин бүр ноцтой. Хичээл нь орой тарахад камергүй, харанхуй гудамжинд бага ангийн хүүхдүүд цүнхээ дааж ядан яваа, гар утас, номоо дээрэмдүүлчих вий хэмээн айж, хулмаганаж түгших нь сэтгэлд бууж байна. Оршин суугаа газраасаа хол сургуульд явдаг хүүхдээ хүргэж өгч, авах гэсэн эцэг, эхчүүдийг магтууштай. Хүүхдүүдээ сургуулийн орчин дахь, замд таарах элдэв хал балтай зүйлээс хамгаалах гэхдээ хэдэн буудлын тэртээгээс зорин ирж хичээл тарахыг нь хүлээж зогсдог. Ингэж орон тооны хүүхэд зөөгч болсон аав, ээжүүдийн сэтгэл нэг талаар амар байдаг ч ард нь ажилгүйдэл, бухимдал тасардаггүй. Тэгээд ч хотын бөглөрөлд 40 мянган машин нэмдэг гэсэн тооцоо бий.

Монголд сургуулийн орчинд айхавтар аюул нүүрлэсэн гэхгүй ч, түгшүүртэй, санаа зовохоор байна гэдэг гэр бүл, хотын амьдрал, нийгэмд ямар их стресс, ачаалал нэмж байгааг шууд хэлж болохоор. Боловсролын гэлтгүй төр, засгийн түвшинд дорвитой авч үзэх, системийн хямралын нэгээхэн судал, судас нь сургуулийн орчны аюулгүй байдал болжээ.

Бэлтгэсэн: Р.Оюунжаргал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хүүхдийг ямар ч эрсдэл “анаж” мэднэ

41 дүгээр сургуулийн өмнө хатгасан хашаа

Нийслэл дэх ерөнхий боловсролын зарим сургуулийн орчны байдлыг сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль энэ жил 50 жилийнхээ ойтой золгож байна. Сургуулийн барилгыг 1969 онд барьсан аж. Хагас зуун жилийн настай энэ байгууламжийн дээврээс дусаал гоожих, түүнээс болж шавар унах зэрэг асуудал тулгарч байгааг багш нар хэлэв. Сургууль 650 хүүхдийн суудалтай ч энэ хичээлийн жилд аргагүйн эрхэд 1410 сурагч хүлээн авчээ. Тэгэхээр хоёр дахин их ачаалалтай ажилладаг гэсэн үг. Тус сургууль гаднаа хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай. Сурагчид, орчин тойрны хүүхдүүд энд ирж цагийг өнгөрөөдөг гэсэн. 50 жил болсон барилгын дээвэр, анги, танхим муудсан нь ойлгомжтой. Сургуулийн захиргаа жижиг эвдрэл, цонх зэргийг боломжоороо засаж байгаа аж. Харин ангийн тохижилт, засварт эцэг, эхийн тусламж их байдгийг сургалтын менежер Ж.Жаргалсайхан хэллээ.

41 дүгээр сургуулийн чанх урд том саарал, төмөр хашаа барьсан байв. 2016 онд Хан-Уул дүүргийн V, VI хорооны иргэдэд зориулж спорт цогцолбор барина хэмээн энэ газрыг хашсан байна. Гэсэн ч өнөөг хүртэл ямар нэг бүтээн байгуулалт эхлээгүй, спорт цогцолборын сураг ч алдарсан гэнэ. Автобусны буудал, сургуулийг холбодог замыг нь таглаад хашаа хатгасан ч иргэдээ бодсон уу гэлтэй голоор нь хүн явах зам гаргажээ. Спорт цогцолборын тендер цуцлагдан “хамар дор нь” байгаа төмөр хашаа эзэнгүй болчихож гэж сургуулийн захиргааныхан бодож байж. Гэвч төмөр хашааг нураан, дулааны шугам татаж дууссанаас хойш хоёр хоногийн дараа хашааг дахин татсан гэнэ. Хүүхдээ автомашинаараа хүргэдэг эцэг, эхчүүд сургуулийн баруун талаар тойрч очдог байсан ч хашаа хатгаснаас болоод замгүй болжээ. Тус сургуулийн нэг багш хэд хоногийн өмнө тэнд ажиллаж буй хүмүүст шаардлага тавихад хүнд даацын машины нэг жолооч “Дуугүй ажлаа хий. Чадахгүй бол чамайг халуулна” гэж зандарсан гэнэ. Албан бус эх сурвалжийн хэлснээр энэ газрыг Кёкүшюүзан Д.Батбаяр, улсын заан Ч.Батзориг нар өмчилж авсан гэх.

ЗАМААС Л ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

Баянзүрх дүүргийн XXVII хорооны 102 дугаар сургуулийн барилгыг 11 жилийн өмнө барьжээ. Гаднах төрх нь өнгө үзэмж сайтай энэ сургуульд ямар ч талбай байхгүй, зөвхөн зүүн тийш гардаг гарцтай. Баруун, урд, хойд талд нь ямар ч зайгүй, айлын хашаа шавчихсан. Сургуулиас гарахад шууд л төв зам тосоод авна. Сургууль, төв замын хооронд 10 метр л зайтай юм билээ. Дүрсгүй бяцхан жаалуудын хувьд энэ үнэхээр аюул. “School police”-ын үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх нэлээд завгүй харагдсан. Мөн сургуулийн ойр орчимд архи уусан хүмүүс цөөнгүй үзэгддэг гэнэ. Дөрөвдүгээр ангийн сурагчтай уулзахад “Автобусны буудал орчмоор согтуу хүн олон. Согтуу хүн харагдвал замын нөгөө талаар алхдаг” гэв. Өглөө 07.20 цаг гэхэд “School police”-ын эргүүл хийх эцэг, эхчүүд ирдэг юм байна. “Авто замтай ойрхон болохоор бага ангийн хүүхдүүдийн хичээл орох цагаар ачаалал эрс нэмэгддэг. Дэггүйтэж гүйх, нэгнээ хөөх гээд болзошгүй эрсдэлийг мэдэхгүй бяцхан хүүхдүүд л их сандаргадаг” гэж нэгэн ээж ярилаа. Сургуулийн барилгыг Сэлбэ голтой ойр, цэвдэг дээр барьсан аж. Өвөл болоход шал нь доороосоо хөөн хөлдөж, дулаан орохоор хагардаг, цонх цуурдаг гэнэ. Энэ сургуульд мөн л 640 хүүхэд хичээллэх хүчин чадалтай боловч өдгөө 1210 сурагч суралцаж байгаа аж. 102 дугаар сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад гаднаа гүйлдэх ч талбайгүй юм билээ.

САЙНЫ ТЭМДЭГ БИШ

Баянзүрх дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 33 дугаар сургуулийн өнгө үзэмж, байршил нь давгүйд тооцогдоно. Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг өнгөрсөн жил ашиглалтад оруулжээ. Орчин, барилга нь өмнөх хоёр сургуультай харьцуулахааргүй сайн. Гэвч энэ сургуультай зэрэгцээд караоке, дэн буудал, баар, лоунж үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдүүд сургууль руугаа явахдаа эдгээр газрын хажууханд байрлах нарийн замаар алхдаг. Олонх нь тэр замаар явах шаардлагатай. Өдөр аюулгүй. Харин үдээс хойш хичээллэдэг хүүхдүүд орой тараад гэр лүүгээ явах замд нөгөө “хэцүү” газруудын гадаа уусан, уугаагүй хүмүүс зогсож байдаг гэнэ. “Хичээлээ тараад орой болгон ээжийнхээ ажил руу явдаг. Энэ замаар ганцаараа явж байхдаа их айдаг” гэж нэг сурагч ярив. Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо цэнгээний газар байна гэдэг яав ч сайны дохио биш. Согтуу хүмүүсийн сэртхийлгэм үйлдлүүдийг бид бишгүй л сонсож байгаа. Сургуультай ойр ийм газрууд байгаагаас болоод ямар асуудал гарахыг хэн ч таашгүй. Болзошгүй аюулаас сэргийлэх шаардлага тулгарчээ.

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.ДАРИЙМАА: Хурд сааруулагчтай ч тэмдэг, тэмдэглэгээгүй зам олон байсан

Сургуулийн орчны аюулгүй байдал ямар байгааг тандах судалгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар явуулсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд илэрсэн олон зөрчил, дутагдлыг тав хоногийн хугацаанд арилгуулсан тухай өмнө бид мэдээлсэн. Дугаарын онцлох сэдвийн хүрээнд энэ талаар болон одоо сургуулиудын орчин аюулгүй болсон, эсэхийг тус газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаагаас тодруулсан юм.

-Тандалт судалгааг хавар хийж, хугацаатай даалгавар өгч, зөрчлийг арилгуулсан юм билээ. Түүнээс хойш байдал сайжирсан гэж ойлгож болох уу?

-Тандалт судалгааг өнгөрсөн хавар буюу дөрөв, тавдугаар сард явуулж, дүнг холбогдох байгууллагуудад танилцуулсан. Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу ерөнхий боловсролын 242 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 596, нийт 838 сургалтын байгууллагын гадаад орчны аюулгүй байдлыг судалсан юм.

-Хөндөж байгаа сэдэв бол сургуулийн орчны аюулгүй байдал юм. Энэ үүднээс сонирхоход 242 сургуулийн хэдэн сурагчийг хамруулсан бэ?

-Эдгээр сургуульд суралцагч 141 058 сурагчийн аюулгүй байдал суралцаж буй сургуулийнх нь орчинд хэр хангагдсаныг тандсан гэсэн үг. Судалгаагаар хаана, хаанаа зөрчил, дутагдал олон илэрсэн. Хамрагдсан 838 байгууллагын 38 хувийнх нь нийтийн эзэмшлийн биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах шаардлагатай, 44 хувийнх нь гаднах болон дотор орчин камерын хяналтын системээр бүрэн хангагдаагүй байсан. Сургууль, цэцэрлэгийн орчинд 2224 зөрчил илэрснээс 800 буюу 35 хувийг газар дээр нь, тав хоногийн хугацаатай үүрэг өгч арилгуулсан. Тухайлбал, шалгалтын явцад траншейны 85 нүх битүүлүүлж, 87 байгууллагын гадна орчинд байсан цахилгааны ил утсыг аюулгүй болгуулсан. Сургуулийн хашаа замтай залгаа, үүдний хэсэгт машины зогсоол байхгүй, хурд сааруулагчтай боловч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй нь олон байсан. 

Танай сонин сургуулийн гаднах орчны талаар асуудал хөндөж байгаа болохоор энэ тухайд хариулъя. Тухайлбал, 104 дүгээр сургуулийн хашаанд хураасан хуучин хайсыг сургуулийн хашаанаас гаргуулсан. 38 дугаар сургуулийн хашаа замтай залгаа, үүдний хэсэгт машины зогсоол байхгүй. Мөн хурд сааруулагчтай боловч тэмдэг тэмдэглэгээ байхгүй. 103 дугаар сургуулийн хашааны гадна, урд талд нь нураасан байшингийн суурийн шороо, арматур төмрийг хувь иргэн зайлуулахгүй байна. “Абсолют элит”, “Шинэ зуун билэг” сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. “Шавь”, “Буянт Ухаа” цогцолбор, 106, 107, 143, дөрөв, 32, 130, 50, 24, 138, “Абсолют элит”, “Шинэ зуун билэг”, “Элбэг” гэсэн сургууль газар ашиглалт, биеийн тамирын талбай, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтээр сургалтын гадна орчны шаардлага хангаагүй. Энэ мэтчилэн дурдвал зөрчил олон байлаа. Ер нь жил бүр манай газраас хавар, намар шалгалт явуулж, зөрчил, дутагдал байвал арилгуулдаг юм. Сургуулиудын байдал намар нь нэг янз байснаа, хавар нэг бол сайжирсан, эсвэл муудсан байдаг. Муудсан нь шалгалтаар илэрвэл тодорхой үүрэг даалгавар авч, засвар, үйлчилгээ хийдэг л дээ. Наймдугаар сард сургалтын байгууллагууд хичээлийн шинэ жилд бэлэн, эсэхийг тандах зорилгоор мөн шалгалт явуулдаг. Дүүргүүдийн Боловсролын газар аль сургуульд нөхцөл байдал ямар байгааг сайн мэднэ.

-Сүүлийн жилүүдэд сургуулийн хашаанд газар замбараагүй олгож байснаас орон сууц, эсвэл өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байх нь элбэг болсон. Үүнтэй холбоотойгоор сурагчдын эрүүл мэнд, амь насанд халгаатай ямар нөхцөл байдал байна вэ?

-Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий сургалтын техник хэрэгсэл ашиглаж байгаа нь харагдсан. Сургуулийн анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлээгүй тал ч байна. Хүүхэд эрсдэж болохуйц ухсан, траншейны нүх сургуулийн орчинд олон байсан. Мөн гадна орчинд цахилгааны ил утастай, хамгаалалт, хаалт, тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй. Энэ мэт зөрчил, дутагдал илэрсэн тул нийт сургалтын байгууллагуудын удирдах ажилтнуудад хүүхдийн, сурагчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах талд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөөр ирлээ.

Энэ шалгалтыг Төрийн хяналт шалгалтын, Зөрчлийн, Боловсролын, Сургуулийн өмнөх боловсролын, Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд явуулсан. Манайхаас гадна болон дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар оролцсоныг дурдах хэрэгтэй байх.

Бэлтгэсэн: Р.Жаргал

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын аюулгүй байдал хангагдсан гэж та бодож байна уу?

Ч.АЛТАНТУЯА (Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн):

-Хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөдөг. Тиймээс сургуулийн гадаад болон дотоод орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангах ёстой. Дотоод орчин харьцангуй аюулгүй. Сургуулийн захиргаа эцэг, эхчүүдтэй хамтран эргүүл ажиллуулж буй нь энэ асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэж байна. Гэсэн ч хүүхэд хулгайлах, автомашинд дайруулах харамсалтай хэргүүд гардаг. Машинууд заримдаа явган хүний зам дээр ч явж харагддаг. Хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүүхдүүд олноороо өвдөх, гэдэс нь гүйлгэх тохиолдлууд гарч байсан шүү дээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд яам, сургуулийн удирдлага, эцэг, эхчүүдийн зүгээс хамтарч бодлого боловсруулан, ажил хэрэг болгох хэрэгтэй. Гарцгүй газраар зам хөндлөн гарч болохгүйг хүүхдүүдэд ойлгуулахын тулд тусгай, сонирхолтой хичээл заах шаардлагатай байх.

Ц.БАТЧИМЭГ (Нийслэлийн 48 дугаар сургуулийн IX ангийн сурагч):

-Сургуулийн аюулгүй орчин хангагдаагүй. Манай сургуулийн хаалганы нугас их чанга учраас хүчтэй татахгүй бол цохиулах эрсдэлтэй. Сургууль налуу газарт байрладаг, хоёр талдаа шаттай. Тэр шат эгц, өндөр учраас ахмад настан, хүүхдүүд унаж бэртэх аюултай. Үдийн үед цонх онгойлгохгүй болохоор толгой өвддөг, онгойлохоор машин, хүмүүсийн чанга дуу чимээ сонсогдож анхаарал сарниулдаг. Сургуулийн ойр орчим цэлгэр, сул талбайтай, орж гарахад чөлөөтэй байвал гоё.

Ц.ДЭНСМАА (Нийслэлийн 105 дугаар сургуулийн багш):

-Сургуулийн захиргаа болон багш нарын зүгээс хүүхдийн суралцах орчин аюулгүй байх нь хамгийн чухал гэж үздэг. Сурагчдын аюулгүй байдлыг хангах ажлууд хийж байна. Тухайлбал, хүүхдүүд зам хөндлөн гарахад туслах, эргүүл хийх, багш нар сурагчдыг заавал эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх, анги танхимаа стандартын дагуу тохижуулах гэх мэт. Гэвч сургуулиас шалтгаалахгүй үүсдэг асуудал цөөнгүй. Эргэн тойронд элдэв барилга байгууламж, авто зам, гарц, дэлгүүр байдаг шүү дээ. Жишээлбэл, сургуулийн ойролцоох зам камергүй, зарим хэсэгт гарц ч алга. Хүүхдүүд гарцаар гарахдаа айж, сандарсан харагддаг. Камер байхгүй замд жолооч дүрэм зөрчиж, хүүхэд дайрах тохиолдол элбэг гардаг. Дэлгүүрээс хүмүүс архи худалдан авч, уугаад хүүхдүүд айлган, буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Мөн гадаад орчин маш их тоостой. Тиймээс сургуулиудын орчныг аль болох чөлөөлж, ногоон байгууламж байгуулах хэрэгтэй.

Ө.НАЦАГ (Нийслэлийн 33 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн төлөөлөл):

-Хотын захын сургуулиудын гаднах орчин их аюултай харагддаг. Төвийн сургуулиуд арай дээр. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ аль болох төвийн сургуульд сургахыг эрмэлздэг. Сургуулийн орчинд камер алга. Багш сурагчдыг эцэг, эхэд нь хүлээлгэж өгөхгүй бол хүүхэд зам, тээврийн осолд өртөх эрсдэлтэй. Үүнийг “School police” бага ч гэсэн шийдэж байна. Сургуулийн орчинд тусгай тэмдэглэгээ олныг байршуулж, хүүхдүүдэд тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал, заавал гарцаар зам хөндлөн гараарай, барьж буй барилгын дэргэдүүр явж болохгүй гэх мэт. Нэгэнт сургуулиудын орчинд барилга барьчихсан бол аюулгүйн зураглал байршуулах ёстой.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Орчны ариун цэвэр сайжирснаар сурагчдын тоо нэмэгдэж, сурлагын амжилт дээшилжээ

Сургуулийн орчны стандартад юуны түрүүнд боловсролын байгууллагын аюулгүй байдлыг тусгадаг аж. Үүний хүрээнд эрүүл мэндийн шаардлага тавьдаг. Энэ нь олон талаар экологийн аюулгүй байдалтай холбоотой. Тухайлбал, сургуулийн дэвсгэр нутаг дахь хогийн цэг, түүнийг тээвэрлэх, хүнсний эрүүл ахуйн шаардлага, зүлэгжүүлэлт зэрэг асуудлыг хөндсөн байдаг. Жишээ нь, Энэтхэгт сургууль орчмын ариун цэвэрт онцгойлон анхаардаг. Тодруулбал, тус улсын Алвар мужид ариун цэврийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлснээр сурагчдын тоо нэмэгдсэн төдийгүй сурлагын амжилт нь 25 хувиар дээшилжээ. Мөн тус улсын зүүн нутгийн сурагч тосгоныхоо бүх оршин суугчийг аюулгүй, цэвэр бие засах газартай болгоход таван жилийн хугацаа зарцуулсны үр дүнд түүний олон найз сургуульд хамрагдах боломжтой болж, сурагчдын дунд өвчлөл буурсан гэнэ.

Манайхтай төстэй асуудлыг хойд хөршийн Белгород хотод хөнджээ. Төрийн тэргүүний гаргасан зарлиг, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, хууль зөрчсөн асуудалд хяналт тавьдаг Бүх Оросын ардын фронт эвслийнхэн тус хотод шалгалт хийн, сургууль, гэрийн хооронд сурагчид аюулгүй зорчих зохимжтой чиглэл сонгохоор нийгмийн сүлжээгээр дамжуулан эцэг, эхчүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж байна. Тухайлбал, тэндхийн нэгэн дунд сургуулийн сурагчид гарааш дамждаг, өөр нэг сургуулийнхан өндөр хүчдэлийн шугам булсан газраар явдаг аж. Тэрчлэн хүчирхийлэл, байгалийн гамшиг, гал түймэр зэрэг онцгой байдлын үед авах арга хэмжээ, сэрэмжлүүлэг, түгшүүрийн дохио, аюулгүй гарцтай байхыг шаарддаг. Аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хийх алхмыг сургуулийн ажилтан, сурагч, эцэг, эхийн зөвлөл хамтран тохиролцдог жишиг олон улсад байдаг аж. Тодруулбал, ийм үед аюулаас сэргийлэхийн тулд юу хийх, хэн оролцох, сургууль дээр хэний шийдвэрийг удирдлага болгож, хяналт тавих, цагдаа, хүүхэд хамгаалах алба, тухайн бүс нутгийн нийгмийн ажилтан зэрэг гаднын мэргэжилтнээс хэнийг, хэдийд дуудах, үүссэн байдлыг хэнд хэн нь мэдээлэхийг хэлэлцэж, тогтсон байдаг.

Алс Америкт төдийгүй хойд хөршийн дунд сургуульд сүүлийн жилүүдэд тухайн сургуулийн сурагч халдлага үйлдсэн хэрэг цөөнгүй гарсан. Тиймээс сургуулийн орчны аюулгүй байдлын замын зургийг Дотоод хэрэг, Онцгой байдал, Батлан хамгаалах яам хамтран гаргадаг болжээ. Тухайлбал, Германы зарим сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд хүүхдээ сургуулийн үүдэнд хүргээд, дотогш нэвтэрдэггүй. Хичээл эхэлмэгц сургуулийн хашааг цоожилдог. Хөндлөнгийн хүн нэвтэрдэггүй. Хичээл орохын өмнө гар утсыг нь хураагаад, завсарлахын өмнө тараадаг. Завсарлагаанаар бүгд сургуулийн хашаан дотор гарч, хөлбөмбөг тоглох нь тоглож, зарим нь гэрээс авчирсан зуушаа иддэг. “Асуудалтай” хүүхдийг нийгмийн ажилтан дагалдан явдаг гэнэ. Харин хаалга нь нээлттэй сургуулийн гадна цагдаагийн ажилтан эргүүл хийдэг. Түүнийг сурагчид бүгд таньдаг. Сургуулиас хүүхдийн гэр бүлийн байдалд хяналт тавьж, тоглоомын хэлбэрээр ордог хичээлийн үеэр зодож, цохидог, хашхирдаг, стресстэй, эсэхийг шалгадаг аж. Мөн ийм аргаар биеийн эрхтэн тогтолцоог зааж, бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалахыг хэлж өгдөг гэнэ.

АНУ-д Германыхтай төстэй, гэхдээ аюултай хот, дүүргийн сургууль үүдэндээ металл хайгчтай. Том нь жижгээ дээрэлхэх асуудал гаргахгүйн тулд дунд, ахлах сургууль нь хоорондоо зайтай оршдог.

Хятадад сургуулийн орчны аюулгүй байдлын онцгой дүрэм байдаггүй ч дүрс бичлэгийн камер хаа сайгүй гэнэ.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)