“ТЭЭГЧ ЭХ БОЛМООР БАЙНА”

  Сайн байна уу. Би 32 настай, нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, төрийн жирийн нэгэн албан хаагч. Нөхөр минь хувиараа ажил эрхэлдэг. Хүүхдүүдийн маань том нь найм, бага нь гурван настай. Яагаад энэ захиаг бичих болсон юм бэ гэж гайхаж магадгүй. Бид их хэмжээний өртэй юм л даа. Хувь хүнээс мөнгө зээлсэн чинь хүүнд нь л гэхэд сард нэг сая гаруй төгрөг төлдөг. Тиймээс өрөө дарахын тулд тээгч эх болохоор шийдсэн юм. Ингэхийн тулд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, учраа ч олохгүй байна. Тээгч эх хайж явдаг хүн цөөнгүй байдаг гэж сонссон юм. Хэрвээ ийм хүмүүс байвал чин сэтгэлээсээ холбоо бариарай… гэсэн зарыг Bataar.mn сайт энэ оны хоёрдугаар сарын 23-нд нийтэлжээ. Энэ эмэгтэй тээгч эх болж, өрөө дарах эрмэлзэлтэй байхад өөр нэгэн нь хэчнээн төгрөгөөр ч хамаагүй тээгч эх хөлсөлж, хүүхэдтэй болохыг хүсэж суугаа нь лав. Гэтэл Монголд тээгч эхийн асуудлыг хуулиар зохицуулаагүй, Донорын тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой нэг ч заалт алга. Тиймээс олон эрсдэл гарч буйг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Дээр дурдсанчлан дуртай нь тээгч эх болдог, их хэмжээний ханш тогтоодог, байр, машин амладаг гэхчилэн нэгнийхээ зовлонгоор бизнес хийдэг болчихож. Зарим нь бүр “Лабораторийн орчинд үр тогтоолгох мөнгө байхгүй. Бэлгийн харилцаанд орж, хүүхдээ тээлгэмээр байна” хэмээн улаан цайм хэлдэг гэх. Үнэхээр аав болохыг хүссэн үү, эсвэл мөнгөний боломж муутай эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татах гэж байгаагийн алин болохыг таашгүй. Тиймээс “Өнөөдөр” сонин энэ удаагийнхаа “Дугаарын онцлох сэдэв” буландаа тээгч эхийн асуудлыг хөндлөө. Уг нь манайд ийм үйлчилгээ үзүүлдэг чадвартай, мэргэжлийн эмч нар, гадаадын жишигт нийцсэн эмнэлэг бий. Тэдэнд олон хүн хандаж байгаа гэнэ. Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон нь ч байна. Гэхдээ олонх нь харь орныг зорьдог аж. Тэндхийн тусламж, үйлчилгээг энд ч яг адилхан үзүүлж байхад их хэмжээний мөнгө төлөн байж гадаад руу явах ямар ч шаардлагагүй. Үргүй гэсэн оноштойгоор энэлж яваа хүмүүс үр шилжүүлэн суулгуулах, эсвэл тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой. Ийм аргаар төрсөн 100 мянга гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаа юм байна.

Харин Монголд энэ нь шинэ сэдэв мэт боловч “Баянгол” эмнэлэгт л гэхэд үр шилжүүлэн суулгуулаад үрийн зулай үнэрлэсэн 40 орчим гэр бүл бий. Нөхөн үржихүйн энэ мэт туслах технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл ашигладаг болжээ. Герман, Голланд, Дани, Швед, Швейцарьт ургийг түргэн бойжуулж, эрүүл чийрэг хүүхэд болгоход тусалдаг тэжээлт орчныг маш сайн бэлтгэдэг бол Израиль, ОХУ-д ч энэ салбар шинжлэх ухаан эрчимтэй хөгжжээ. Израиль, Англид үр шилж үүлэн суулгахыг зөвш өөрдөг ч ийм аргаар ихэр хүүхэдтэй болох хууль зүйн орчин нь бараг хаагдаж байгаа гэсэн. Өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үед төрөхийн хүндрэлээс сэргийлэхийн тулд тээгч эхэд ихэр хүүхэд тээлгэхээс татгалзах болжээ. Сингапурт ч мөн адил. Гадаадын улс орнууд үргүйдлийг энэ мэтчилэн цогцоор нь шийдвэрлэж, тусдаа хуулиар зохицуулдаг байхад манайх тээгч эхийн асуудлыг хөсөр хаяж, дуугүй өнгөрч боломгүй. Үр хүүхэдгүй хүмүүст тээгч эх хэрэгтэй. Тээгч эх болоход, хүүхдээ тээлгэхэд хууль хэрэгтэй.

Л.АМАРЗАЯА: МАНАЙХ ЖИЛД ДУНДЖААР 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгадаг

 “Баянгол” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн эмэгтэйчүүдийн эмч Л.Амарзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үр хүүхэдтэй болохыг хүсдэг ч эрүүл мэндээсээ шалтгаалаад төрөх боломжгүй эмэгтэйчүүд Монголд цөөнгүй. Ямар тохиолдолд тээгч эх авах шаардлага гардаг юм бол оо?

-Эмэгтэйчүүдийн хүүхэд тээх, төрүүлэх үндсэн эрхтэн нь умай буюу хүмүүсийн хэлж заншсанаар сав юм. Тэгэхээр ямар нэгэн шалтгаанаар умайг мэс заслаар авсан, эсвэл ховор тохиолдолд төрөлхийн умайгүй юм уу, умайн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүдэд тээгч эх хэрэгтэй болдог. Үүнээс гадна тухайн эх хүүхэд тээхэд нас нь хэт оройтсон болон эрхтэн тогтолцооны хүнд хэлбэрийн эмгэгтэй эмэгтэйчүүд хамаарна. Жишээ нь, артерын даралт ихсэлтийн III, IV зэрэгтэй эмэгтэй жирэмсэлбэл хүүхдээ тээх хугацаандаа өөрт болон ургийн амь насанд аюул учруулж болно. Тиймээс үр шилжүүлэн суулгуулахаар хандаж буй эмэгтэйчүүдэд хүүхэд тээж болох эсэх, эсвэл тээгч эх шаардлагатайг тодорхой шинжилгээ, оношилгооны дагуу шийддэг. Тээгч эхийн талаарх ойлголт нь гадаадын олон сая хүн амтай улс орнуудад тохиолддог шиг олон биш ч тулгамдаж буй асуудлуудын нэг юм.

-Тээгч эх болохын тулд эрүүл байх ёстой гэх мэтчилэн тодорхой шалгуур байдаг гэж сонссон. Танайд энэ асуудлаар хэчнээн хүн ханддаг вэ?

-Олон улсад бол “Тээгч эхийн программ” гэж бий. Манай орны хувьд энэ талаар мөрддөг тодорхой стандарт одоогоор байхгүй. Бид тээгч эх болох эмэгтэйд дараах шаардлага тавьдаг. 20-32 насны, дор хаяж нэг удаа төрсөн, өмнөх жирэмслэлтийн тээлт болон, төрөх явцад ямар нэгэн хүндрэл гараагүй, эрүүл саруул, суурь өвчингүй, архи тамхи хэрэглэдэггүй, сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой. Мөн ДОХ, тэмбүү, хламид гэх мэт бэлгийн замын халдварт өвчингүй, өмнө өвдөж байгаагүй байх ёстой. Тиймээс тээгч эх болохоор ирсэн эмэгтэйд хэд хэдэн лабораторийн болон багажийн шинжилгээ хийдэг. Манай төв жилд дунджаар 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгадаг. Одоогоор тээгч эхээс төрсөн гурван хүүхэд байна. Хүүхдээ тээж буй эхчүүд ч хэд хэд бий.

-Үр шилжүүлэн суулгах, өөрийн хүүхдийг бусдаар тээлгэн төрүүлэх нь монголчуудын хувьд шинэ сэдэв байх л даа. Гэхдээ хэрэгцээ шаардлага нь байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тээгч эхээс төрсөн хүүхдийн эрхийн талаар нэг л заалт тусгажээ. Гэтэл гадаадын орнуудад тээгч эхийн асуудлаар олон заалттай хуультай байдаг юм билээ. Хуульд юуг чухалчлан тусгах хэрэгтэй вэ?

-Монголчуудын дунд үргүйдэл болон үр шилжүүлэн суулгах талаарх мэдлэг, мэдээлэл нэлээд хомс. Тиймээс манай эмнэлгийн зүгээс улиралд нэг удаа сургалт явуулж, мэдээлэл өгдөг. Хууль мэдээж хэрэгтэй. Ганцхан заалт энд хангалтгүй. Бид хуулийн дагуу ажиллая гэхээр яг энэ талаарх хууль одоогоор манай улсад алга. Эмнэлгийн зүгээс үр шилжүүлэн суулгаж байгаа гэр бүлийнхэнтэй харилцан гэрээ хийдэг. Тухайн гэр бүл, тээгч эх юм уу эр, эм бэлгийн эсийн донор авч байгаа хүмүүс тээгч эхтэйгээ гэрээ хийдэг.

-Донорын талаар тодорхой ойлголт өгөөч?

-Эр, эм бэлгийн эсийг гуравдагч хүн буюу донороос авч үр хүүхэдтэй болох тохиолдол манай эмнэлэгт л гэхэд жилд дунджаар 10 орчим хүнд хийгддэг. Эмэгтэйчүүдийн наснаас хамаарч өндгөвчний нөөц буурч, өндгөн эс боловсруулах чадваргүй болсон, эсвэл мэс заслын улмаас өндгөвчөө хэсэгчлэн болон бүтнээр нь авахуулсан эмэгтэйчүүдэд донор өндгөн эс авах шаардлага гардаг. Эрэгтэйчүүд мөн адил азоспермия буюу үрийн шингэнд нь эр бэлгийн эс огт байхгүй байдаг. Энэ эмгэг сүүлийн үед олноор оношлогдож байна. Энэ тохиолдолд донороос эр бэлгийн эс авдаг. Хандаж буй үйлчлүүлэгчдийн хувьд олонх нь төрсөн ах дүүгээсээ эс авдаг.

-Үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдээ хэрхэн хянадаг вэ?

-Үр шилжүүлэн суулгаснаас хойш 14 хоногийн дараа эхний шинжилгээ, хяналт хийгддэг. Энэ үед жирэмсэлсэн эсэх нь мэдэгдэнэ. Үүнээс хойш тодорхой хугацааны давтамжтайгаар найман долоо хоног хүртэл хянаад, харьяа дүүргийн эмнэлгийнх нь хяналтад шилжүүлдэг.

-Манай эхнэр гээд танихгүй хүн дагуулж ирээд үр шилжүүлэн суулгуулах гэсэн тохиолдол гарч байв уу. Үүнийг яаж мэдэх вэ. Мэдээж гэрлэлтийн баталгаа бас бус зүйлийг чухалчлах байх л даа.

-Хүн ам цөөн, тохиолдол нь тийм олон биш болохоор ийм асуудал гарч байгаагүй л дээ. Ихэвчлэн дүү нь эгчдээ, эгч нь дүүдээ тээгч эх болох гээд ирдэг. Огт танихгүй хүнээр тээлгэх нь ховор. Хэрэв ийм тохиолдол гарвал тухайн эмнэлэгтэй холбоогүй асуудал. Бидний гол зорилго бол үр хүүхэдгүй гэр бүлд үр шилжүүлэн суулгаж, жирэмслүүлэх шүү дээ.

-Хэрвээ эхнэр, нөхөр хоёр хүүхдээ тээгч эхээр тээлгээд дараа нь авахаа больчихлоо гэдэг ч юм уу, хүүхдээсээ татгалзвал яах вэ?

-Энэ нь тухайн гэр бүл болон тээгч эхийн хоорондын гэрээгээр зохицуулна.

-Хэрвээ тээгч эх хугацаанаасаа өмнө хүүхдээ дутуу төрүүлэх, зулбах ч юм уу ямар нэгэн эрсдэл гарлаа гэж бодоход тухайн эмнэлэг хариуцлага хүлээх үү?

-Ийм тохиолдолд дутуу төрөх болон зулбах нь юунаас болсон бэ гэдэг нь чухал. Бид найман долоо хоног хүртэл нь хянаад харьяа дүүргийн эмнэлэг рүү явуулдаг гэж дээр хэлсэн. Мэдээж үр шилжүүлэн суулгуулж, жирэмсэлсэн эмэгтэйд жирэмсний онцгой хяналт шаардлагатай. Иргэдийн хэлж заншсанаар “хуруу шилний хүүхэд” гаж хөгжилтэй байх нь элбэг,  дутуу төрдөг, амархан зулбадаг гэх мэт ойлголт нь ташаа юм.

-Танайх үр шилжүүлэн суулгахдаа ямар төлбөр авдаг вэ. Хүмүүс үнэ өртгийг нь их сонирхож байгаа байх. Иргэд мэдлэг, ойлголт муу байдгаас гадаад орныг зорьж, өндөр үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсаар байна шүү дээ.

-Үр шилжүүлэн суулгалтын төлбөр нийт 6-10 сая төгрөгт багтдаг. Монголд хамгийн хямдхан гэж бодож байна. Үнэ нь яагаад ийм хэлбэлзэлтэй байна вэ гэхээр тухайн хосуудын үргүйдлийн шалтгаан, нас, үр хөврөлийн лабораторид ямар арга, технологи хэрэглэхээс хамаардаг гэсэн үг. Жишээ нь нөхөн үржихүйн идэвхтэй насандаа буюу 20-30 насны эмэгтэй үр суулгууллаа гэхэд 40 настай эмэгтэйтэй харьцуулахад хамаагүй бага зардал гаргана. Нөхөн үржихүйд туслах технологиуд янз бүр байдаг. Үр шилжүүлэн суулгах, үрийн шингэнийг угааж цацах гээд ажилбарууд нь өөр өөр. Жишээ нь, эр бэлгийн эсийг угааж цацах аргын үед лабораторийн нарийн орчин шаарддаггүй, зардал нь ч бага. Хамгийн гол нь үр шилжүүлэн суулгалтад шаардлагатай эм, тариа, техник технологиуд нь өндөр өртөгтэй байдаг. Германд хамгийн багадаа 12.000 евро, түүнээс дээш өртөгтэй. Гэхдээ үүний 40 хувийг улс нь даадаг. АНУ-д 30.000-35.000 ам.доллар, БНСУ-д 15 сая төгрөг, Сингапурт 8000 сингапур доллараас дээш байх жишээтэй.

П.ТҮВШИНТӨГС: Тээгч эхийн асуудлыг хуульчлах нь зөв ч илүү нарийн заалт оруулах хэрэгтэй

 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тээгч эхтэй холбоотой хоёр заалт оруулсан. Үүнийг хуульчид хэрхэн үзэж байна вэ. Төлөөлөн болгон хуульч, хууль зүйн ухааны магистр П.Түвшинтөгсөөс энэ талаар тодрууллаа.

-Манай улсад 1999 оноос хүчин төгөлдөр үйлчилж ирсэн Гэр бүлийн тухай хуулийг өөрчл өх зайлшгүй шаардлага байсан. Тус хуулийг шинэчлэн, өөрчлөх гэж байгааг гэр бүлийн эрх зүйн байдлыг судалдаг судлаачийн хувьд маш зөв зүйл гэж үзэж байна. Энэ шинэчилсэн найруулгаар тээгч эх болон хүүхдийн эрх ашиг, сонирхол, хамтран амьдрагчдын ёс зүйн харилцааг зохицуулж өгснөөр илүү өргөн хүрээ хамарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ тээгч эхийн асуудал бол амьдралд хэдийнэ бий болсон зүйл шүү дээ. Өнөөдөр хуульчлах гэж буй нь хожуу “ухаарсан” хэрэг. Үүний зэрэгцээ тус хуульд энэхүү харилцааг зохицуулж өгч байгаа хоёр заалт нь эрх зүйн харилцааны хувьд тодорхойгүй, ерөнхий байна. Гадаад улсууд хуульдаа тээгч эхийн асуудлыг илүү нарийн тусгасан байдаг. Тухайлбал, АНУ, ХБНГУ, Их Британи зэрэг улсад тээгч эхтэй холбоотой гэрээний үүргийн харилцааг хуулиар зохицуулдаг.

Харин манай улс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа гэхэд энэ хоёр заалттай холбоотой асуудлууд гарч ирэх болов уу гэж харж байна. Тээгч эхийг тухайн хүүхдийн эцэг эх юугаар хангаж өгөх шаардлагатай, амьдрах байр, тээгч эх болон хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн хүйс зэргийг гэрээгээр зохицуулж болно гэж заасан хэдий ч энэ нь ямар төрлийн гэрээ байх боломжтой, ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ гээд Иргэний хуулийн гэрээний ерөнхий зарчмыг аваад үзэхэд энэ харилцаагаар зохицуулах боломжгүй болж байгаа юм. Тиймээс гэрээний асуудлыг илүү нарийвчлан оруулах хэрэгтэй.

-Тэгэхээр илүү тодорхой, нарийн заалттай хууль хэрэгтэй болох нь.

-Тийм. Эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас хүүхэд гаргах боломжгүй хосуудад хоёрхон сонголт бий. Хүүхэд үрчилж авах, нөгөө нь тээгч эхэд үр шилжүүлэх. Хүүхэд үрчлэх асуудлыг манайх хуулиараа зохицуулсан. Харин тээгч эхийн асуудлыг хуульчилж өгөөгүй. Бусад оронд тээгч эхтэй холбоотой асуудлыг хуульчилсан байхад манайд яагаад болохгүй гэж гэсэн асуулт судлаачдын дунд байсаар ирсэн. Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж өгөөгүй ч энэ асуудал амьдралд түр үүлээд бий болсон зүйл шүү дээ. Харин манайхан үүнийг хүүхдийн хулгай гэдэг тал руугаа оруулж үзэх гээд байдаг. Бусад улс орон энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуулиараа зохицуулдаг. Ингэхдээ нарийвчлан зааж өгдөг. Тээгч эх болон хүүхэд эндвэл яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг АНУ хуульдаа заасан. Тээгч эхийн эрүүл мэнд болон эд хөрөнгийн асуудал ч урган гарч ирдэг.

-Бусад улсын хуульд тээгч эх тухайн эцэг эхээс хэчнээн төгрөг авч болохыг заасан байдаг уу. Тодорхой жишээ хэлэхгүй юү?

-Мөнгөн дүнг тодорхойлдоггүй. Тухайн этгээд үүд хоорондоо зөвшилцөх боломж олгодог. Харин АНУ-д тээгч эхийг даатгалд хамруулдаг. Ингэснээр тухайн хүүхдийг төрүүлэхдээ тээгч эх эрүүл мэнд, амь насаараа хохирвол даатгалаас мөнгө олгодог. Гэтэл манай хуульд эдгээр асуудал бүрхэг байна. Гэрээгээр зохицуулах боломжтой гэж заасан ч энэ бүх асуудлыг эрх зүйн үндэсгүйгээр зохицуулна гэдэгт эргэлзэж байна.

-Ийм асуудалтай холбоотойгоор зөвлөгөө авсан тохиолдол бий юү?

-Тээгч эхтэй холбоотой асуудал манай улсад хэд хэд гарч байсан. Гадаад улсын нэг иргэн монгол эмэгтэйг тээгч эхээр сонгож, мөнгө төлс өн байх жишээтэй. Гэтэл нөгөө эмэгтэй хүүхэд төрсний дараа өгөхгүй гэсэн байгаа юм. Манай улсад энэ талын эрх зүйн зохицуулалт байхгүй учраас мөнгө авснаас үл шалтгаалан тухайн тээгч эмэгтэйд хүүхдийг өгсөн. Гэр бүлийн тухай хуульд тээгч эхийн тухай заалт байхгүй байсан учраас хамтран амьдрагч гэдэг үүднээс зохицуулсан.

-Хуульчийн хувьд та Гэр бүлийн тухай хуульд юуг түлхүү тусгаасай гэж бодож байна вэ?

-Шинэчилсэн найруулгаар хүүхдийн язгуур эрх ашиг, тээгч эх, үрчлэлт, тусдаа болон хамтран амьдрах гэрээ гэдэг зүйл орж ирж байна. 1999 онд Гэр бүлийн тухай хуульд энэ бүх асуудлыг орхиод баталсан. Нарийн зохицуулж өгөөгүйгээс эрх зүйн хийдэл бий болдог учраас ерөнхий заалт хэт их битгий оруулаасай л гэж бодож байна даа.

ЕРТӨНЦ

Тээгч эхийн тухай олон улсын тунхаг хэрэгтэй

  Тайланд эмэгтэйгээс төрсөн, Дауны хам шинжтэй хүүг албан ёсны эцэг эх нь болох австрали хос авахаас татгалзсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарч, тээгч эхийн асуудлыг цаашид хэрхэх, үндэстэн дамнасан энэ мэт хэргийг яаж зохицуулах вэ гэсэн мэтгэлцээн энд тэндгүй үүсэж байв. Үнэхээр ч тээгч эх хөлсөлнө гэдэг хаа хаанаа амаргүй. Хэрэв байдал бишидвэл хүүхэд өнчрөх, эсвэл хүний наймааны золиос болох магадлал өндөр. Тиймээс тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг Герман, Франц, Швейцарь, Итали, Норвеги, Австри зэрэг Европын орнууд болоод Саудын Араб, Турк, Япон, БНХАУ зэрэг Азийн улсуудад хуулиар хориглодог байна.

Харин Их Британи, Дани, Бельги, Австрали, Нидерланд зэрэг улсад зөвхөн хүнлэг сэтгэлийн үүднээс тээгч эх болж, бусдад туслахыг зөвшөөрдөг аж. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй болж чадахгүй хүмүүст үрийн зулай үнэрлүүлсэн эмэгтэй хүүхдийн хууль ёсны эцэг эхээс санхүүгийн тусламж авч болохгүй гэж хуульчилжээ. Бусдын хүүхдийг мөнгөний төлөө тээж, төрүүлж өгдөг эмэгтэйг арилжааны тээгч гэнэ. Үүнийг зөвш өөрч, эрх зүйн хүрээнд зохицуулсан, өөрөөр бол арилжааны болоод тусламжийн үүднээс тээгч эх болохыг аль алийг нь зөвшөөрдөг 10-аадхан улс бий. Тэдний дунд Энэтхэг, Украин, ОХУ, Өмнөд Африк, Польш болон АНУ-ын зарим муж ордог байна. Харин бусад улсын хувьд тээгч эхийн асуудал үндсэндээ шинэ зүйл юм.

Зүүн Европ, Зүүн өмнөд Азийн орнуудад ийм “бизнес” сүүлийн үед дэлгэрч байна гэж судлаачид үздэг. Тиймээс тусгайлсан хуультай болохгүй юм гэхэд, энэ талаар тодорхой ойлголттой байхыг холбогдох албаныханд мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Тээгч эхийн тухай хуультай орнууд энэ асуудалд өөр өөрөөр ханддаг. Жишээ нь, хүүхэдтэй хүмүүст туслахыг дэмждэг атлаа Австрали улс арилжааны тээгч болсон юм уу, тээгч эх болохыг хэн нэгэнд хүчээр тулгасан хүнд гурав хүртэлх жил хорих ял оноодог маш хатуу хуультай. Австраличуудтай төстэй байр суурь баримталдаг Канадын эрх баригчид бусдад туслахаар сайн дураараа тээгч болсон эмэгтэйн хөл хүнд байх үеийн болоод амаржсаны дараах эмнэлгийн бүх зардлыг даадаг. Харин арилжааны тээгчийг эрүүгийн этгээд гэж үздэг байна. Тусламжийн тээгч эхийг зөвшөөрдөг ч арилжааныхыг хориглодог Бельги, Нидерланд, Шинэ Зеланд зэрэг улсад тээгч эхэд үйлчилдэг ганцхан эмнэлэг бий. Энэ нь хууль зөрчсөн аливаа үйлдлээс сэргийлдэг аж.

Орос, Энэтхэг, Тайланд улс хамгийн олон тээгч эхтэй гэдэг. Гэтэл Тайландад энэ тухай хууль өнөө ч алга. Дээр дурдсан Дауны хам шинжтэй хүүгийн хэргээс болж тус улсын эрх баригчид гадаадын иргэд, гэрлэлтээ батлуулаагүй хосод тээгч эх болохгүй байх, цусан төрлийн холбоогүй л бол 30-аас доош насны эмэгтэйг ямар ч хүний хүүхдийн тээгч эх болохыг хориглох тухай хууль батлахаар хэлэлцэж байна. Харин Энэтхэгт ижил хүйстэн, ганц бие хүмүүст хүүхэд төрүүлж өгөхийг хориглодог. Хүүхдийг “төрүүлсэн” гурван талын этгээдийн хэн нь давуу эрх эдлэх тухай асуудал олон улсад үл ойлголцол үүсгэх нь их байгааг “Families Through Surrogacy” (Тээгч эхтэй гэр бүлүүд) нэртэй олон улсын байгууллагаас анхааруулжээ. Жишээлбэл, Энэтхэг, Орос зэрэг улсад хүүхэд “захиалагчид”-ыг хууль ёсны эцэг эх нь гэж үздэг бол Их Британид хүүхдийг албан ёсоор хүлээлгэн өгөх хүртэл тээгч эх нь хүүхдийн цор ганц асран хамгаалагч байна. Тэгэхээр англи эцэг эхтэй, энэтхэг тээгч эхийн төрүүлсэн хүүхэд Британийн иргэншил хүсэх хүртлээ аль ч улсын иргэн биш байна гэсэн үг.

Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон хос гэрлэлтээ цуцлуулбал бүр ч асуудал үүснэ. Үүнтэй холбогдох, олон улсад жишиг болсон хууль тогтоомж байхгүйгээс эр бэлгийн эсээ өгсөн гэсэн үндэслэлээр голдуу эцэг нь хүүхдээ өөр дээрээ авдаг нь өндгөн эсээ нийлүүлсэн юм уу, хүүхдээ өсгөсөн эмэгтэйд шударга бус байдаг. Эдгээрийг зохицуулж, тээгч эхчүүд болоод тэдний төрүүлсэн хүүхэд, тээгч эх хөлслөгчдийн хэн хэнийх нь эрхийг хамгаалах, Хүүхэд үрчлэх тухай Гаагын гэрээ шиг олон улсын тунхаг хэрэгтэй гэж олон улсын байгууллагууд үздэг аж.

ҮҮХ ТҮҮХ

“ПРОКАТ” ЭЭЖ

Хорин есөн жилийн өмнө буюу 1985 оны нэгдүгээр сарын 4-нд Лондонд нэгэн охин мэндэлсэн нь тээгч эхээс төрсөн анхны хүүхэд гэж анагаах ухааны түүхэнд тэмдэглэжээ. Гэхдээ энэ бол хуулийн хүрээнд албан ёсоор бүртгүүлсэн тохиолдол учраас ийнхүү онцолдог юм байна. Үүнээс өмнө 1980 онд Америкт тээгч эх хүүхэд төр үүлсэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн мэддэг аж. Гэхдээ бүр МЭӨ түүхийн хуудаснаа тээгч эхийн тухай тэмдэглэсэн байдаг. Библид хүртэл энэ тухай бий. Эртний Ромд хүүхэдтэй болох чадамжгүй гэр бүлтэй гэрээ хийж, эхнэрээ зээлдүүлдэг үйлчилгээ байсан тухай баримт байна. Үүнээс гадна боол бүсгүйчүүдээр нөхрийнхөө хүүхдийг тээлгэдэг явдал дэлхийн түүхэнд мундахгүй. Удам залгах үр хүүхэдтэй болохын төлөө хүн төрөлхт өн хэрхэн тэмцэж ирсэн нь энэ бүхнээс тодорхой. Ер нь тээгч эх гэсэн ойлголт, албан ёсны нэр томъёо нэлээд хожуу буюу 1976 оноос эхтэй юм байна. Тэр үед америкчууд “уламжлалт бус аргын хүүхэд” гэж шивэр авир хийх болсон нь хуруу шилэнд үр тогтоох аргын тухай яриа байжээ.

Тээгч эхийн тухай ярихад үр шилжүүлэн суулгах мэс засалтай зайлшгүй холбогдоно. Учир нь энэхүү аргаар ургийг тээгчийн умайд суулгадаг. 1978 оны долдугаар сарын 25-нд Английн Ланкашир гүнлэгийн Оулдем хотод төрсөн Луиза Брауныг үр шилжүүлэн суулгах мэс заслаар бүрэлдсэн анхны хүүхэд гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Хуруу шилэнд эсрэг хүйсийн эсүүдийг 600 удаа “найзлуулахад” ганцхан тохиолдол нь амжилттай болон ураг бүрэлдсэн нь Луиза юм байна. “Гурван хүний оролцоотойгоор нөхөн үржих үйн технологиор хүүхэд төрүүлэх үйл явцыг “Surrogacy” буюу тээгч эхээр хүүхэд тээлгэн, төрүүлэх гэнэ” гэж анагаах ухааны лавлахад тодорхойлжээ. Үүнийг мэргэжлийн бус, хар үгээр тайлбарлавал мэдээж эр бэлгийн эсээ өгөх эцэг, өндгөн эсээ нийлүүлэхийг зөвшөөрсөн эх, бүрэлдсэн ургийг тээж, төрүүлэх хэн нэгэн байх учиртай.

Энэхүү үйл явцад тээгч эх олон янзын үүрэгтэй оролцдог байна. Олон орны туршлагаас харахад гурван тал харилцан зөвшилцсөний дүнд ургийг зөвхөн тээлгэн, төрүүлэхээс гадна гуравдагч этгээдийн өөр оролцоо ч байж болдог аж. Жишээ нь, тээгч эхийн өндгөн эсийн тусламжтайгаар ураг бүрэлдүүлнэ. Өндгөн эс нь амьдрах чадварг үй буюу хүүхэдтэй болох ямар ч боломжгүй эмэгтэйчүүд дэлхий дээр олон. Ийм тохиолдолд тээгч эх нь өндгөн эсийн донор болно гэсэн үг юм. Үүнээс гадна үр тогтооход хуруу шил, эсвэл нүүр тулан “уулзах” арга бий. Тодруулбал, гурван хүн харилцан тохиролцсоны үндсэн дээр тээгч эхийг ирээдүйн хүүхдийн аавтай дотно харилцаанд оруулахыг зөвшөөрнө гэсэн үг. Энэ асуудлаас болж гэр бүл салсан явдал цөөнгүй байдаг аж. Тээгч эхийн асуудал үргэлж хэл ам дагуулсаар иржээ. Эх, үрийн ариун холбоог тасалсан гэмт хэрэг, хүний наймааны тод жишээ гэхчлэн эсэрг үүцэлтэй тулгардаг ч тээгч эх зайлшг үй хэрэгтэйг анагаах ухаанд хүлээн зөвшөөрсөн.

ХАМГИЙН ХАМГИЙН


Арвин “ургац”

Их Британийн иргэн Жилл Хоукинс 1991-2010 оны хооронд найман хүүхэд төрүүлжээ. Гэхдээ тэрбээр 19 жилийн турш тээгч эхийн үүрэг гүйцэтгэн, биеэ ийнхүү найм хуваасан аж. “Прокат” ээж 45 насандаа хүү төрүүлээд, “тэтгэвэрт” гарах шийдвэрт хүрсэн гэнэ. Хамгийн сүүлд төрүүлсэн хүүг нь Оливер гэдэг аж. Дэлхийн хэмжээнд хамгийн олон удаа тээгч эх болсон анхны хүн Жилл Хоукинс “Оливер миний карьерийн сүүлийг мушгисан хүүхэд. Түүнийг төрүүлэх гэж би их зүдэрсэн” хэмээн мэдээлж байжээ. Үүнээс гадна Оливер түүний хувьд жинхэнэ “харь” хүүхэд. Учир нь тэр хүүг тээхэд Жиллийн өндгөн эсийг ашиглаагүй юм байна. Бусад долоон хүүхдийг тээхэд захиалагч эцгийн эсийг Жиллийн өндгөн эстэй нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Жилл хамгийн олон удаа өндгөн эсийн донор болсноороо бас нэгэн амжилтын эзэн юм байна.

Жиллийн амжилтыг эвдсэн тээгч эх бол өдгөө 46 настай Кэрол Хорлок. Тэрбээр мөн л Британийн иргэн бөгөөд 13 дахь хүүхдээ хүлээж байна. Гэхдээ Жиллээс ялгаатай нь Кэрол тус бүр нэг удаа хоёр болон гурван ихэр төрүүлж байжээ.


Зээгээ төрүүлсэн эмээ

Ээж нь охиныхоо хүүхдийг тээж, төрүүлсэн явдал 1987 онд Өмнөд Африкт бүртгэгдсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд зээгээ тээж, төрүүлсэн анхны тохиолдол гэнэ. Тэгвэл Сюзи Козек охиндоо гурван охин төрүүлж, “бэлэглэжээ”. Хамгийн олон зээ төрүүлсэн эмээгээр тодорсон тэрбээр 2011 онд 51 настайдаа охин Эшлигийнхээ анхны хүүхдийг төр үүлжээ. Хоёр жилийн дараа буюу өнг өрсөн онд тэрбээр ихэр зээгээ төрүүлсэн байна.

Сонирхуулахад, Сюзи Козекийн төр өлтийг тоон үзүүлэлтээр авч үзвэл долоон удаа нярайлснаас нэг нь эндэж, гурван хүүхэд, мөн тооны зээ нь энх тунх байна. Зээгээ тээж, төрүүлсэн хамгийн өндөр настай эмээ Бразилд бий. Тэрбээр 2010 онд зээ охиноо төрүүлэхдээ 60 настай байжээ. 32 настай охин нь хүүхэд төрүүлэх боломжгүй болж, ээжээсээ тусламж хүссэн аж. Тус улсын хуульд зааснаар тээгч эхээр заавал цусан төрлийн хүнээ сонгох учиртай тул ийнхүү настай ээжийгээ “зовоох” болжээ.

ИНФОГРАФИК


О.БАТ-УНДРАХ, Ч.БОЛОРТУЯА, Г.ЛХАГВА, Э.ХАНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)