Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй.

-Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу  АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

И-баримт аппликейшн ашиглан төлбөр төлж болно. И-баримт аппликейшны төрийн үйлчилгээ цэсний нэхэмжлэх хэсэгт хандаж төлбөрөө интернэт банкны аппликейшн ашиглаж төлөх боломжтой. Төлсөн төлбөрийн баримтаа ибаримтад бүртгэлтэй имэйл хаягаар хүлээн авах ба хэвлэн авах боломжтой.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар төлж болдог. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой.

  • Монгол банк: Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай.
  • QPay: QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө.

-Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар:  

  • Дүнжингарав худалдааны төв дэх “Нэг цэгийн үйлчилгээ”-д; 
  • Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт;
  • Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төвд; 
  • Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт;
  • Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Татвар хураах ажиллагааны зардлыг бууруулах, татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор “Татварын удирдлагын нэгдсэн систем” /e-tax.mta.mn, itax.mta.mn/, Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн систем /www.smartcar.mn/-ээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр төлснийг гэрчлэх “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ” Татварын ерөнхий газрын даргын 2019.05.08-ний өдрийн А/75 дугаар тушаалаар баталсан энэхүү цахим татварын гэрчилгээг www.itax.mta.mn сайтаас татвар төлөгч хаанаас ч хэвлэн авах боломжтой.

-Танд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)