Тээврийн хаягдсан хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр барих нь

Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдал эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ангилах, дахин ашиглах зорилгоор тээврийн ашиглалтаас хасагдсан хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулах санамж бичгийг Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” компанитай өчигдөр байгууллаа. Дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад барих гэнэ. Үйлдвэрийн барилгыг ирэх есдүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруу лахаар төлөвлөжээ. 

Ингэснээр 50 орчим ажлын байр бий болох бол тус төв жилдээ ашиглалтаас хасагдсан 5000 гаруй тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулах аж. Өнгөрсөн оны байдлаар манай улсад нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа аж. Иймээс үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)