Тээврийн жолооч нар халдвар авах эрсдэл өндөр байна

“Ковид-19”-ийн халдвар авсан хоёр монгол иргэн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээллээ. Ингэснээр манай эмч нар дөрвөн иргэнээ эдгээгээд буй юм. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сарын 15-нд эх орондоо ирсэн 231 иргэнээс долоо нь шинэ вирусээр халдварласныг дээрх төвийнхөн тогтоосон юм. Тэднээс ийнхүү хоёр нь ХӨСҮТ-д 20 хоног хэвтэн эмчлүүлээд, эдгэрэв. Д.Нямхүү захирал “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ-ийнхөнд лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу манайхаас гадна Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Ховд аймаг болон ЭХЭМҮТ-д “Ковид-19”-ийн шинжилгээ хийх боломж бүрдсэн. Манай төвийнхөн ч өнөөдөр (өчигдөр)-өөс хоёр лабораторид зэрэг шинжилгээ хийж эхэллээ. Ингэснээр БНСУ, БНХАУ-аас манайд хандивласан 8000 оношлуурыг ашиглах орчин бүрдсэн гэсэн үг. Учир нь БНСУ-ын “Сэжүн” компанийн оношилгооны сүүлийн үеийн дэвшилт машиныг шинэ лабораторидоо суурилуулсан юм. Нэмж хэлэхэд, франц иргэн болон бусад өвчтөний бие тогтвортой байна. Эдгэрсэн хоёр хүнд гурав хоног дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул эмнэлгээс гаргаж, сувилалд хянах боллоо” гэлээ.

Тээврийн жолооч нар халдвар авах эрсдэл өндөр байна

ДЭМБ-ын өдөр өчигдөр тохиосон бөгөөд тус байгууллагынхан дэлхий даяар коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн хугацаад эмнэлгийн 36 000 гаруй ажилтан “Ковид-19”-ийн халдвар авч, 100 гаруй нь нас барсан тул ийнхүү эмгэнэл илэрхийлэв. Түүнчлэн улс орнууд цаашид эмч, сувилагч нарынхаа нийгмийн асуудлыг онцгой анхаарч, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангахыг ДЭМБ гишүүн орнууддаа уриалсныг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дамжууллаа. Тэрбээр “Дэлхийн олон оронд эмнэлгийн ажилтнууд хамгаалах хэрэгсэлгүй, гялгар уут, тор зэргийг толгойдоо углан, тусламж, үйлчилгээ үзүүлсээр байна. Манай улсын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс эмч, мэргэжилтнүүддээ хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж, цалин хангамжийг нь нэмж, эмнэлгүүдэд шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн нь сайн хэрэг. Цаашид бид урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн сахивал халдвараас өөрсдийгөө болон улс орноо хамгаална гэдгийг мартаж болохгүй” гэлээ. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компанийнхан ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд талархсанаа илэрхийлж, 100 сая төгрөг хандивлажээ. Уг хандивын мөнгийг эмч, ажилтнууддаа тэнцүү хувааж, цалин дээр нь урамшуулал болгон өгөхөө тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн. Ташрамд дурдахад, энэ сарын 6-ны байдлаар 479 тээврийн хэрэгслээр, 500 гаруй жолооч хил нэвтэрсний 200 гаруй нь газрын тос экспортлогч. Түүнчлэн Алтанбулаг боомтоор өдөрт 20 орчим ачааны машин орж ирж буй бөгөөд жолооч нар коронавирусийн халдвар бүртгэгдсэн газар, бүсээс тээвэр хийж байгаа аж. Тиймээс жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг маш сайн хангахгүй бол халдвар авах эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан.

ЭШЛЭЛ

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам:

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор одоогоор 188 улс бүх шатны боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд дэлхий даяар нийт суралцагчийн 91.3 хувь буюу 1.6 тэрбум орчим нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй байна.

  • С.АМАРСАЙХАН (Нийслэлийн Засаг дарга):

-Цар тахлаас болж иргэн, аж ахуй нэгжийн орлого тасарч, эдийн засгийн байдал хүндэрлээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, инженерийн байгууламж хариуцсан байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэн, дарамт, шахалт учруулахгүй байхыг уриалъя.

  • Т.ТӨМӨРБААТАР (МХЕГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч):

-Нүүрс тээврийн жолооч нарыг машиныхаа бүхээгээс аль болох гаргахгүй, хилийн цаана хооллож, хоноглохгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Мөн газрын тос экспортлохдоо жолооч тээврийн хэрэгслийг дундын бүсэд байршуулж байна. Мэргэжлийн байгууллагууд хилийн бүсэд халдварын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, мэдээлэх, тусгаарлах, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх гэсэн дөрвөн зарчим баримталж байгаа.

  • Б.ЯНЖМАА (ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга):

-Коронавирусээр нас барагсдын 86 хувь нь 70-аас дээш насныхан. Халдвар авсан хүмүүсийн хүйсийн харьцаа бараг тэнцүү байна. Өвчний оргил үе 4-5 дугаар сард тохионо гэж шинжээчид таамагласан.

СОНИРХУУЛАХАД

Өвчтөнүүдийн хамар, хоолой, цэрэнд вирус “нуугджээ”

Манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн халдвартай 15 хүний нас, хүйс болон тэдэнд ямар ямар шинж тэмдэг илэрчбайгааг ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх мэдээлснийг тоймлон хүргэе.

“Ковид-19”-ийн шинж тэмдэг, өвчний явц улс орон бүрт харилцан адилгүй бөгөөд манайд уг халдвар удаан явцтай эхэлж, 3-4 дэх хоногоос халуурч, 6-7 хоногийн дараа уушгины хатгалгаагаар хүндэрсэн.

Нийт өвчтөний 93.3 хувьд хамар, хоолойн залгиурын арчдас, цэрний шинжилгээнд коронавирус илэрчээ. Тиймээс амны хаалт тогтмол зүүх хамгийн том шалтгаан нь энэ гэдгийг мэргэжлийнхэн зөвлөв.

“Ковид-19” эрэгтэйчүүдэд халтай

“Ковид-19”-ийн халдвар авсан эрэгтэй хүнийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал хүнд шинж тэмдэг илрэх, нас барах үлэмж өндөр эрсдэлтэйг судалгаа харуулжээ. Дэлхий даяар эрүүл мэнддээ анхаарах талаар эрэгтэй, эмэгтэйгээс үл хамааран хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд чиглэсэн “Global health 50/50” санаачилгаас ийм судалгаа явуулсан аж.

Эрэгтэйчүүдийг үхэлд хүргэдэг байж мэдэх өндөр эрсдэлүүд

  • Эрсдэлтэй байдал

Өвчний эхний шинж тэмдэг илрэх үед эрэгтэйчүүд эмнэлгийн тусламжид хандах, гар угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөөг мөрдөх магадлал бага.

  • Тамхи

Дэлхий даяар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их, бас олон жил тамхи татаж байна. Хятадын судалгаанаас үзвэл “Ковид-19”-ийн халдвар авсан тамхичдад амьсгалын замын хүндрэл өгөх магадлал 14 дахин их байв.

  • Бусад вирус

SARS, MERS зэрэг коронавирусийн өмнөх дэгдэлтийн үед эмэгтэйчүүдээс илүүтэй эрэгтэйчүүд их халдвар авч байв.

  • Биологи

Бэлгийн гормон нь эмэгтэйчүүдийн вирус эсэргүүцэх чадварт чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй Х хромосом эмэгтэй хүнд хоёр, эрэгтэйд нэг байдаг.

Хятадад нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

Хятадад нэгдүгээр сараас хойш анх удаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй. 89 өвчтөн эдгэрсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 32-оор нэмэгджээ. Өнөөдрөөс Уханиас хүмүүсийг гаргаж, хөл хориог сулруулахаар болов. Энэтхэгийн Засгийн газрын гишүүд жилийн хугацаанд цалингийнхаа 30 хувийг коронавирустэй тэмцэх санд шилжүүлэх болов.

ОХУ цар тахалтай тэмцэхэд зориулж ДЭМБ-д нэг сая ам.доллар шилжүүлнэ. Хөл хориог аажмаар цуцлах замаар эдийн засгаа сэргээх чадалтай болсон Европын анхны улс болохоор Австрийн Канцлер Себастьян Курц төлөвлөжээ. Халдвар авсан Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасагт шилжсэн бөгөөд өөрийн үүргийг шаардлагатай тохиолдолд түр орлохыг Гадаад хэргийн сайд Доминик Раабаас хүссэн байна. Алдарт дуучин Элтон Жон цар тахалтай нөхцөлд ДОХ-той хүмүүст яаралтай туслах сан байгуулахаа зарлав. Тэгвэл дуучин, жүжигчин Леди Гага “Даян дэлхий: Гэртээ хамтдаа” цахим тусгай арга хэмжээг ДЭМБ-тай хамтран энэ сарын 18-19-нд зохион байгуулна. Шоу бизнесийн төлөөлөгчид оролцсон эл арга хэмжээ олон улсад халдвар авсан хүмүүсийг дэмжихэд чиглэх аж. Үүнд Элтон Жон, Пол Маккартни, Стиви Уандер, Дэвид Бекхэм, Крис Мартин, Билли Айлиш нарын алдартнууд оролцох гэнэ.

ШИНЖЛЭХ УХААН

Коронавирусийн “дуулахыг” бичиж авчээ

Америкийн биологичид коронавирусийн уургийн чичиргээ (хэлбэлзэл)-нээс гарах дуу авиаг бичиж авсан байна. Эл бичил биетийн “дуу хоолойг” нь “Sound¬cloud” сайтад байршуулжээ. Уг ажлыг удирдсан эрдэмтэн Маркус Бухлер “Бид “SARS-CoV-2”-ийн уургийн чичиргээг бүртгэж, түүнээс үүсэх дуу чимээг буулгасан. Энэ нь бүхэл бүтэн уургийн олон давхаргат алгоритмын найруулга юм. Уг “хөгжмийн” найруулгыг сонсоход тааламжтай, магадгүй тайтгарлыг мэдэрнэ” гэсэн байна.

Далайн хөвөн шинэ өвчнийг эсэргүүцэх чадвартай

Далайн хөвөн (aplysina aerophoba) хэмээх нялцгай биет тун өвөрмөц бодис ялгаруулдаг болохыг илрүүлсэн Орос, Германы судалгааны багийнхан “Эл бодис нь төрөл бүрийн бичил биетийн халдварын эсрэг үйлчилгээтэй. Энэ нь “Ковид-19”-ийг үүсгэгчийн эсрэг ч өндөр үйлчлэлтэй байх өндөр магадлалтай” гэж мэдээллээ. “Ma¬terials science and еngineering” сэтгүүлд нийтэлснээр, эл амьтан нь дэлхий дээр үүссэн анхдагч амьд биетүүдийн нэг төлөөлөл бөгөөд далайн хэт гүнд болон ёроолд амьдардаг. Хувьслын явцад “хөвөн” өөрийгөө хамгаалах гайхалтай механизмтай болжээ. Тэр нь өвөрмөц бодис бөгөөд далайн замаг, мөөгөнцөр, элдэв нян, вирусийг ч устгах чадалтай хор гэсэн үг. Оросын ШУА-ийн Далай судлалын хүрээлэн, Москвагийн Улсын их сургууль, Уралын Холбооны их сургууль, Германы Фрайбергийн уул уурхайн их сургуулийн эрдэмтэн, судлаачид уг бодисыг аэроплизинин гэж нэрлэсэн аж. Энэ нь янз бүрийн өвчин, халдварын эсрэг шинж чанартай бромотиозины бүлгээс гаралтай бодисын солилцооны нөлөө гэнэ.