Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Засгийн газар өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо. Төсөлд тусгаснаар 2019 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд зээл авсан иргэдийнхийг тэглэх юм. Өөрөөр хэлбэл, зээлийн хэмжээнээс үл хамааран дээрх хугацаанд хамаарах бүх үлдэгдлийг нь тэглэнэ гэсэн үг. Мөн тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан ч үүнд хамрагдах аж. Засгийн газрын хуралдааны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр дээрх төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч юм. Сайдын хэлснээр ахмад настны тэтгэврийн зээлийг тэглээд зогсохгүй тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэр, тэтгэмжээ барьцаалан зээл авсан бол мөн хамруулах аж. 

Түүнчлэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гарч, түүнийгээ барьцаалан зээл авсан бол мөн хамруулахаар төсөлд тусгажээ. Сайд С.Чинзориг “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс силвер ресурс”-ийг байгуулсан. 2019 оны зургадугаар сард Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг энэ компанид шилжүүлсэн. Бид ажлын хэсгийн түвшинд судлахад тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байсан Хятадын компани захиргааны хэргийн шүүхэд хандсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан байхгүй гэсэн үг. Хоёрдугаар сард багтаан тэтгэврийн зээлийг тэглэхээр зорьж ажиллана” хэмээсэн. Улмаар тэрбээр үдээс хойш уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Өнгөрсөн сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэдний 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй гэнэ. Салхитын ордоос төвлөрүүлэх орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар зээлийн үлдэгдлийг барагдуулахаар төлөвлөсөн. Уг орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь нэг их наяд төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан байна. Улмаар тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зогсоох бодлого барих аж. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчийн 53.8 хувь нь доод түвшин буюу 270-310 мянган төгрөг авч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)