Тэтгэврийн шинэчлэлийг нийтийн тээврийнхэн эсэргүүцэв

Францын нийслэлийн нийтийн тээврийнхэн нэг өдөр ажил хаяснаар метро, трамвай, цахилгаан галт тэрэгний хөдөлгөөн өнгөрсөн баасан гарагт зогсжээ. Энэ нь сүүлийн 12 жилд хамгийн томд тооцогдох эсэргүүцлийн ажиллагаанд тооцогдов. Тодруулбал, Ерөнхийлөгч Эмманюэль Макроны санал болгосон, тэтгэврийн шинэчлэлийг нийтийн тээврийнхэн нь тийн эсэргүүцсэн байна. Үүний улмаас парисчуудад тээврийн хямрал нүүрлэж, авто замд 200-300 км үргэлжилсэн түгжрэл үүсэж, олон мянган хүн метроны зогсоогүй үлдсэн цөөн өртөөг зорьжээ. Ажил хаялтад Парисын метроны 16 чиглэлийн 10 нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

Ажил руугаа яарсан хүмүүс унадаг дугуй, скутер, таксины аль боломжтойг ашиглаж, явган алхахад хүрсэн гэнэ.

Өдгөө мэргэжлээс шалтгаалаад тэтгэвэрт өөр өөр насанд гардгийг Ерөнхийлөгч Э.Макрон жигдлэх санал тавьжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайлбал, өмгөөлөгч нар, агаарын тээврийн компани болон эмнэлгийн ажилтнууд өнөөдөр илэрхийлж, ажил хаяхаар төлөвлөж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн гол гурван байгууллага баасан гаргийн ажил хаялтаа Ерөнхийлөгч Э.Макронд өгсөн сануулга гэж нэрлэжээ. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийвэл эрт чөлөөнд гарах эрх нь цуцлагдаж, хэдэн жил нэмж ажиллах хэрэгтэй болохыг метроны ажилтнууд тэмдэглэв. Газар доор олон цаг ажилладаг тэд нөхөн төлбөр хэлбэрээр хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарч болох тухай хэлэлцээрийг Засгийн газартайгаа байгуулсан аж. Метроны ажилтнууд дунджаар 55 насандаа тэтгэвэрт гардаг бол бусад хүн 63-тайдаа чөлөөнд гардаг. Тэтгэврийн нэгдсэн системийн тухай санал нь далайчнаас эхлээд нотариатчин болон дуурийн дуулаач хүртэлх олон мэргэжилтнийг хамрах төдийгүй тэдний тэтгэвэр буурах гэнэ.

Францын Ерөнхий сайд Эдуар Филлип “Тэтгэврийн системийн шинэчлэл хүмүүсийн сайн, сайхны төлөө чиглэнэ. Дэлгүүрийн эзэн, судлаач, фермер, төрийн албан хаагч, эмч, бизнес эрхлэгч ч ижил эрхтэй байх цогц тогтолцоотой болно” хэмээн урьд нь мэдэгджээ. Тус улсын Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн төслөө парламентад ирэх жилийн эхээр өргөн барих юм.

Тэтгэврийн насныхан хэт олон болж, төсөв хүрэлцэхгүйд хүрсэн тул Засгийн газар нь шинэчлэл хийх шаардлага тулгарсан аж. Энэ сэдэв урьд нь эмзэгт тооцогдож байсан юм. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд үг хэлэхдээ, хэнийг ч хохироохгүйн тул цаг хугацаанд хавчигдалгүйгээр хуулийн төслөө боловсруулахаа амлажээ. Гэвч түүний болгоомжлол санаанд оромгүй уршиг дагуулав. Эрх баригчдадаа итгэж найдахгүй байгаа энэ үед юу хийх нь тодорхойгүй байдал францчуудыг түгшээж байна.

Тээврийн хэрэг эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Жан-Батист Жеббари ажил хаягсдын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр амлажээ. Гэсэн ч Засгийн газар төмөр замын ажилтнуудын ажил хаялтыг ийн амлаж, харьцангуй төвөггүй дарсныг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан сануулав. Өнгөрсөн онд тэдний ажил хаялт хэдэн сар үргэлжилж, Парисыг хэд хэдэн удаа хот хоорондын харилцаагүй болгосон юм. Тухайн үед дөнгөж ажлаа эхлээд байсан Ерөнхийлөгч Э.Макрон буулт хийгээгүй. Төмөр замынхан буулт хийхэд хүрсэн. Тэгвэл сая нийслэлд Парисын төдийгүй улсын хэмжээний тээвэрчид ажил хаясан байна.

Тэр үеийн Засгийн газрын ялалт түр зуурынх байсан бөгөөд удалгүй тус улсыг шар хантаазтануудын хямрал нөмөрсөн. Мөн Парисын нийтийн тээврийн ажилтнууд анхааруулга өгөхийн тулд баасан гаргийн оройноос эхлээд, бямба гаргийн өглөө хүртэл ажил хаялаа. Үйлдвэрчний эвлэлийнхэн 48 цагийн ажил хаялт зарлах эрхтэй байдаг аж. Гэхдээ эл хугацаанд хуулийн дагуу ажил хаяхаа тээврийн салбарынхан анхааруулсны сацуу бага зэрэг үйлчилгээ үзүүлэх ёстой тул тээврийн зарим хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна. Унадаг дугуй, мопед түрээсийн газар хоосорсон байжээ. Энэ удаагийн хар баасан гараг зөвхөн анхааруулга төдий болохыг үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдэв

Ташрамд дурдахад, жолооч шаардлагагүй, төв компьютерын удирдлагатай метроны 1-14 дүгээр шугамын үйл ажиллагаа хэвийн байжээ. Метроны өртөө бүрт “Халаасны хулгайчаас болгоомжлоорой” гэснээс өөр жирийн үед дөрвөн хэлээр цацдаг зар яваагүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)