“Тэсрэх бөмбөг” тэвэрсэн Улаанбаатар


“Хөрсний бохирдол тэсрэх бөмбөг л гэсэн үг. Тоохгүй, арга хэмжээ авахгүй удвал нэг л өдөр нийслэлчүүдийг тэр аяар нь өвчлүүлнэ. Бид агаар, ус гээд нүдэнд ил асуудлуудаа л ярьдаг ч хамгийн аюултайг нь орхигдуулдаг. Хог хаягдал хотыг муухай харагдуулж байна гэхээс биш, тухайн газар орныхоо эрүүл, үржил шимт хөрсөнд хэрхэн нөлөөлснийг тоодоггүй” хэмээн хөрс судлаач Б.Мандах өчигдөр болсон байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөний үеэр онцлов. Хөрс нь ус, агаар бохирдох, хүн, мал сүрэг, зэрлэг амьтан, ургамал гээд амьтай бүхэн хордох, өвчлөх үүтгэл болдгийг тэрбээр хэнээс ч илүү мэдэх учраас “Хамгийн аюултай нь” гэж цоллов. Тэсрэх бөмбөг, тоолгүй орхивол нийслэлчүүдийг тэр аяар нь “хэвтүүлэх” аюултай зэрэг сүржин үг хэллэг ашигласан нь ч учиртай. Харин манай төр, засаг, холбогдох байгууллагуудын энэ чиглэлээр “авч хэрэгжүүлж” байгаа арга хэмжээ, бодлого, шийдвэр хөрсний бохирдол байдаг л зүйл, ердийн үзэгдэл гэсэн “мессеж”-ийг иргэдэд өгч байна.

ШУА-ийн Газар зүйн хүрээлэн (хуучнаар)-гийнхэн 2014 онд нийслэлийн 70 орчим гаруй цэгээс дээж авч хөрсийг нь шинжлэхэд 88 хувь нь нян, хөгц, мөөгөнцөртэй, 40 хувь буюу хүн амын төвлөрөл их, худалдаа, үйлчилгээний газрууд орчимд аммонийн (шивтрийн) бохирдол бага, дунд түвшинд байжээ. Үүнээс хоёр жилийн дараа хотын найман дүүргийн 90 цэгээс дээж авахад дийлэнхэд нь хорт бодисын агууламж, бохирдлын түвшин эрс нэмэгдсэн нь илэрчээ. Тухайлбал, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хөрсөн дэх мөнгөн ус, хром, цайр, стронцийн агууламж жигд өссөн, Чингэлтэйд цайрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 30.1 микрограмм (мкг)-аар давсан, “Цэцэг” төвийн орчимд цайр стандартаас 2.2 дахин өндөр буюу 655.3 мкг байсан аж. Харин Багануурын “Гурван хүслэн” дэлгүүрийн ойролцоо стронцийн агууламж хүлцэх хэмжээнээс 181.3 мкг, Баянзүрхийн “Нарантуул”, “Да хүрээ” зах, ХХААХҮЯ-ны урд хэсэг, XIII хорооллын ШТС-ын орчмын хөрс стандартаас 2.1 дахин их цайр агуулсныг тогтоожээ. Багахангай, Налайх зэрэг алслагдмал дүүргийн хөрс хамгийн бага бохирдсон, харин Хан-Уулынх эсрэгээрээ байж. Тодруулбал, хөрсний хамгийн аюултай дайсан болох хром Хан-Уулд хүлцэх хэмжээнээс дөрөв дахин өндөр буюу 612.3 мкг гарчээ.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд хийсэн эл томоохон судалгаанаас бид Улаанбаатарын “хар цэг”-үүдийг мэдэж авсан. Харин одоо тэдгээр цэгт бохирдол хэр хэмжээнд хүрсэн, ямар төрлийн хүнд металл зонхилж буй, шинээр ямар газар “өвчилсөн” тухай тоймтой мэдээлэл, судалгаа манай улсад алга. Хөрсний бохирдлын асуудал хариуцсан байгууллагын мэргэжилтнүүд хоёр жилийн өмнөх судалгааны үр дүнгээ одоо хэр нь “мөлжиж” сууна. Уг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлдэг ийм гамшгуудаа бид хяналтаасаа гаргах учиргүй. Тогтмол судалж, тандах ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ судалгаатай байж гэмээнэ эрсдэлийг бууруулах зохистой арга хэмжээ авах боломжтой. Орчны бохирдлын зэргээр Монголтой жишиж болохуйц (гэр хороолол давамгай) Финланд улс гэхэд жил бүр агаар, хөрс, усны бохирдол, үүнээс үүдэлтэй өвчлөлийг тандан судалж, тодорхой хэмжээний хөрсийг саармагжуулж, эрүүлжүүлдэг тухай дэлхийн 47 оронд бохирдлын үнэлгээ хийсэн “Pure earth” олон улсын байгууллагынхан онцолжээ. Харин манайхан үндэсний хэмжээний хяналт, судалгааг орхигдуулжээ. 2014 оноос өмнө энэ чиглэлээр хийсэн судалгааны огноог бүртгэвэл, 2011, 2007, 2002 гэхчлэн тодорхой давтамжгүй, алдаг оног гүйцэтгэж ирсэн байна. 

Ингэхдээ нийслэл, орон нутаг, баруун аймаг, уул уурхайн бүс гэхчлэн хэсэгчлэн судалсан байх юм. “Ийм байгууллагын судалгаанд үндэслэн төдөн га газрын хөрсийг эмчилжээ” гээд хэлчих олигтойхон жишээ ч алга. Агаарын бохирдол хэмээх улирлын чанартай гамшгаас тэгтлээ айдаг монголчууд хавар, зун, намаржин “зууралддаг” хөрсний бохирдлоо хэр зэрэг ойшоодог нь эндээс маш тод харагдана. Ганц баримт дурдъя. Төр хувийн хэвшлийнхний хамгийн их судалсан газар нь Хан-Уул дүүргийн II хороо буюу Арьс, ширний үйлдвэрийн орчим. 2016 оноос хойш гэхэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, АШУҮИС, МУИС, ХААИС, “Байгаль эх, түншлэл” зэрэг байгууллага хамтарсан болон бие даасан таван судалгааг энэ цэгт хийсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус бүсийн хөрсөн дэх хүнд металлын агууламж, бохирдлын зэргийг тодорхойлохоор 340 цэгээс дээж авсан. 114 цэг нь хүлцэх, 57 нь хортой, 33 нь аюултай агууламжаас хэтэрсэн бохирдолтойг тэд тогтоосон байдаг. Байцаагчид “Арьс, ширний үйлдвэрүүд орчмын хөрсний бохирдол аюултай түвшинд байна” хэмээн мэдээлэл хийсэн даруйд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд энэ тухай хэдэн өдөр “шуураад”, аанай л намжсан. Үүний өмнө Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн бас л сүржин мэдээлэл хийсэн юм даг. Судалгаа хийснийг нь, түүнийхээ үр дүнг танилцуулсныг нь буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь, Арьс, ширний үйлдвэр орчмын бүс хүнд металлын агууламж өндөртэй, хөрсний бохирдлын “хар цэг” бүхий газар гэдэг нь нэг бус, нэжгээд судалгаагаар тодорхой болчихсон атал холбогдох байгууллагууд яагаад хариу арга хэмжээ авахгүй байна вэ. Хэдэн цэгээс дээж аваад, түүнийхээ үр дүнг танилцуулаад л хөрсөө “эмчилчихдэг” бол Монголын хамгийн эрүүл хөрстэй нь энэ бүс байх байв.

Долоо хүрэхгүй хоногийн өмнө “Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-ынхан Хан-Уул дүүргийн II хороонд хийсэн ээлжит судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Өмнөх жилүүдийнхтэй ижил үр дүнтэй эл судалгааны талаар мэдээлээгүй телевиз, хэвлэл бараг байхгүй. Харин “Хөрсийг нь яаж эмчлэх вэ” гэсэн өнөөх эзэнгүй асуулт хариулт нэхсэн хэвээр. Тус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэсайхан “Арьс, ширний үйлдвэрийн 84 жилийн хугацаанд хөрсөнд их хэмжээний хор төвлөрүүлжээ. Тухайн орчмын 55 га талбайд бохирдол тархсан байна лээ. Энэ бага тоо биш. Ноднин бид хөрсний өнгөн хэсэгт, энэ жил гүнд хэр хэмжээний хүнд металл тархсаныг судалсан. Газрын гүнээс доош хоёр метр хэртэй гүнд бохирдол тархсан байсан. Хүний эрүүл мэндэд маш аюултайд тооцогддог зургаан валенттэй хром хүлцэх хэмжээнээс бага зэрэг давсан, түүнээс харьцангуй бага уршигтай гурав валенттэй хром хортой хэмжээнд байгааг тогтоолоо” гэж судалгааныхаа үр дүнгээс хуваалцав.

Арьс, ширний үйлдвэр орчмын хөрс хүнд металл, бусад төрлийн бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулж буй учир өнгөн хэсэг дэх сул шороог хийсгэхгүй байхад анхаарах ёстой гэнэ. Ингэхийн тулд тухайн хэсгийг цементлэх, хатуу хучилттай зам тавих, эсвэл хүнд металлыг дарангуйлах чадвартай мод, ургамал их хэмжээгээр тарих арга байгааг Б.Эрдэнэсайхан хэлэв. Судлаачид энэ мэт саналаа нийслэлийн Байгаль орчны газрынханд илэрхийлжээ. “Арьс, ширний үйлдвэр орчмын хөрсийг саармагжуулж, эмчлэх боломж өчнөөн байсан. Даанч манай төр, засаг хөдлөөгүй. Яриад л байдаг. Хийсэн зүйл юу ч байхгүй. Харин энэ удаа нийслэлийн Байгаль орчны газрынхан нааштай хүлээж авсан. Энэ ажлын зардлыг ирэх оны төсөвт суулгуулна гэсэн. Хэрэгжвэл сайхан л байна” хэмээн далд айдсаа ярьсан юм. Харин Монголын байгаль орчны иргэний хяналт, мониторингийн холбооны ерөнхийлөгч Б.Дүгэржав “Уг нь төр, засгаас “юм” хийгээд байгаа. Гэвч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь тухайн хэрэгжүүлсэн ажил нь байгаа онодоггүйтэй холбоотой. Авлигач, мөнгө “цохидог” хүмүүс энэ ажлын дундуур шургачихдаг. Ийм хүмүүсээс салах хэрэгтэй. Хөрсийг бохирдуулдаг хүчин зүйлс нь тодорхой байхад хяналт, хуулийн тогтолцоогоо чангатгах хэрэгтэй” гэж санал бодлоо хуваалцсан.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орчны, тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилго бүхий цөөнгүй ажлыг төлөвлөсөн байдаг. Тэнд буй бүх зорилт, санаачилгыг хэрэгжүүлдэггүй юм гэхэд хөрсний бохирдлын зэргийг жил бүр тодорхойлж, ядаж л Арьс, ширний үйлдвэр мэтийн “хар цэг”- үүдээ юуны түрүүнд арилгаж, “тэсрэх бөмбөг” тэвэрсэн Улаанбаатараа аюулаас ангижруулах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)