Тэсийн голын минжний тоо өсөж байна

Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанаас Тэсийн голд нутагладаг, нэн ховор амьтан болох минжнүүдийг эргэж, амьдрах орчныг нь судалжээ. Энэ талаар захиргааны дарга Д.Тогтохбаяраас тодрууллаа.

-Хэдийд судалгаа хийв?

-Манай захиргааныхан өнгөрсөн сарын дундуур Монгол, Оросын хил орчим нутгаар ус зүйн хэмжилт хийгээд ирлээ. Энэ хүрээндээ минжнүүдийг эргэж, хаагуур нутаглаж байна, амьдрах орчин нь таатай байгаа, эсэхийг судалсан юм.

Тэсийн голд 1985, 1988 онд Герман, Монголын хамтарсан экспедиц Ховдын Булган голоос минж нутагшуулсан байдаг. Сүүлд 2002 онд бас нутагшуулсан юм. 1985 оноос хойш гэхээр 31 жил өнгөрсөн байна.

-Тоо толгой нь хэд хүрээд байна вэ?

-Тэсийн гол дагуу минж олноор тархан суурьшсан. Тэр дундаа Нисэхийн булан орчим амьдарч буй бололтой. Нисэхийн булан гэдэг газар нь Завхан аймгийн Тэс суманд хамаардаг. Хүний нөлөө харьцангуй бага, цөөн тооны малчин нутагладаг ч минжнүүдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөггүй, харьцангуй тайван өсөж үржиж буй бололтой.

Тоо толгойг нь хараахан тодорхойлоогүй, нарийвчлан тогтоох хэцүү шүү дээ. Ямартай ч өсөж үржих нөхцөл бүрдсэн байгааг судалгаагаар тогтоосон. Байгаль хамгаалагчид ч сайн ажиллаж, байнга харж хянаж буй юм билээ.

Тэсийн гол дагуух минжнүүдийн тоо толгой сүүлийн жилүүдэд хэр өсөж байгаа талаар Тэс сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Болдбаатараас тодруулахад “Гурван жилийн өмнө 16-17 бүл байсан. Нэг бүлд 6-8 минж бий гэхээр ойролцоогоор 100 орчим гэж үзэж болох юм. Яг нарийн тоолох боломжгүй.

Овоохойных нь тоогоор л хэдэн бүл байгааг тойм төдий тогтоож буй хэрэг. Өдгөө 25-26 бүл байна гэж үзэж байгаа. Гурван жилийн дотор нэлээд өсчээ. Ховор амьтан учраас нутгийн иргэд ч амьдрах орчинд нь сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг сайтар ойлгож, хамгаалахад тусладаг болсон” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)