Тэргэнцэртэй тамирчид паралимпийн эрх авахын төлөөх эхний дайралтаа хийлээ

“Токио-2020” паралимп эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Тэр хэрээр тамрчид бэлтгэлээ чамбайруулж, паралимпийн эрх авахын төлөө хичээж байгаа нь мэдээж. Монголчууд Токиогийн паралимпэд спортын шинэ төрлөөр анх удаа оролцохоор зүтгэж байна. Энэ бол тэргэнцэртэй туялзуур сэлэм. Монгол Улсад хөгжөөд удаагүй ч тамирчдын амжилт, ур чадвар ахисаар байгаа. 

Ямар ч спортын тамирчид томоохон тэмцээнд оролцохын тулд юуны түрүүнд улсынхаа шилдэг болж, Монголдоо онцгойрох хэрэгтэй. Тэгвэл тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчид Токиогийн паралимпийн эрх авахын төлөөх эхний дайралтай уржигдар хийв. Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбоо, “JCI прогресс” байгууллагынхантай хамтран хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд зохион байгуулсан “Прогресс кап-2019” тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдлөө. 

Зарим хүнд чамлалттай, өрсөлдөөн сул болсон мэт санагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Учир нь туялзуур сэлэмний спорт Монголд хөгжөөд удаагүй, хэрэгсэл, материал нь өндөр үнэтэй. Энэ мэт шалтгааны улмаас хүссэн хүн бүхэн эл спортоор хичээллэх бололцоогүй байдаг гэнэ. 

“Прогресс кап-2019”-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Porsche Mongolia”-гийнхан ажиллаж, тэмцээнийг “Porsche show room”-д хийсэн юм. Тэгснээр спортын хорхойтнууд төдийгүй төмөр хүлэг сонирхож яваа хүмүүс ч тэмцээн үзэх, тамирчдын өрсөлдөөнийг шимтэх боломж бүрдсэн юм. “Porsche”-гийн сүүлийн үеийн загваруудыг сонирхохоор ирсэн, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших туялзуур сэлэмний спортод дурлаад байгаа гэсэн.

Тэмцээний нээлтийн үеэр “JCI прогресс” Төрийн бус байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Г.Оргил “Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд зохион байгуулсан эл тэмцээн тэргэнцэртэй тамирчдын дунд болж буйгаараа онцлогтой. Өмнө нь жирийн тамирчдын өрсөлдөөнтэй хамт хийдэг байсан юм. 

Бид “Прогресс кап”-ыг цаашид жил бүр зохион байгуулна. Тэмцээнд оролцсон тамирчдын чансааг гаргана. Тэгснээр Монголынхоо шилдгийг шалгаруулаад зогсохгүй паралимпийн эрх авахын төлөө сойх тамирчны эхний шалгуур болох юм. Монголын туялзуур сэлэмний холбоо жилд 10 гаруй тэмцээн хийдэг. Бид тэдэнтэй хамтран тэргэнцэртэй тамирчдынхаа өрсөлдөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн бол “Porsche Ulaanbaatar” төвийн маркетингийн менежер Б.Сальма “Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбоо, “JCI прогресс” байгууллагынхан тэмцээнийхээ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах санал тавихад бид дуртайяа зөвшөөрсөн.

Ийм боломж олгосонд баярлалаа. Монголд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулсаар өдий хүрсэн. Тэргэнцэртэй тамирчдын өрсөлдөөнийг анх удаа үзлээ. Үнэхээр хөдөлмөрч, ялахын төлөө бүхнээ зориулдаг юм байна.

Олимпын эрх авах нөөц, боломж байгаа нь анзаарагдсан. Цаашид хамтарч ажиллахыг хүсэж байна. Яалт ч үгүй дэмжих учиртай салбар л даа. Би туялзуур сэлмээр цөөн удаа бэлтгэл хийж үзсэн. Их хэцүү юм билээ. Ажлаа зохицуулж байгаад тогтмол бэлтгэл хийх бодол бий. Туршлагажиж байгаад сонирхогчдын ангиллын тэмцээнд оролцвол сайхан л байна” хэмээн онцолсон.

“Прогресс кап” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн түрүүлж, Б.Эрдэмтөгс мөнгө, Н.Булган, Б.Жигмэддорж хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийнхэд Д.Цолмон алтан медаль авч, Ч.Тунгалагтуяа дэд аварга болон, С.Оюундарь, Д.Сэлэнгэ нар удаалав.

М.МӨНХТУЛГА: ПАРАЛИМПИЙН ЭРХ АВАХ НӨӨЦТЭЙ НЭЛЭЭД ХЭДЭН ТАМИРЧИН БИЙ

Тэмцээний үеэр “Флеш фенсинг” клубийн дасгалжуулагч М.Мөнхтулгатай цөөн хором ярилцлаа. УАШТ-ий багийн хүрэл, Монголын шилдэг тамирчин шалгаруулах гран при тэмцээний хошой хүрэл медальтай тэрбээр тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчидтай дагнаж ажилладаг Монголын цорын ганц дасгалжуулагч юм.

-Таны удирдлагад хэдэн тамирчин бэлтгэл хийдэг вэ?

-Бэлтгэлээ тогтмол хийдэг 20-иод хүн бий. Бэлтгэлд нь хүргэж өгөх хүнгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас зарим нь ирж чадахгүй байгаа. Олонх нь мундаг тамирчин болохын төлөө, цөөнгүй нь эрүүл мэнддээ анхаарахын тулд спортоор хичээллэж байна. Атгаж чаддаггүй байсан хүн эв эрүүл болсон тохиолдол бий. Би тамирчдынхаа бэлтгэлийг долоо хоногт хоёр удаа хийлгэдэг. Туялзуур сэлэмтэй амьдралаа холбох хүсэлтэй хүн бүхэнд “Флеш фэнсинг”-ийн хаалга нээлттэй.

-Тэргэнцэртэй тамирчдыг дасгалжуулах саналыг хэрхэн хүлээж авав?

-Би эл спортоор таван жил хичээллэж байна. Одоо ч тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэхийнхээ хажуугаар тэмцээнд оролцдог. Би жилийн өмнө Монголын үндэсний олимпын хорооноос хийсэн сургалтад хамрагдан, дасгалжуулах эрх авсан. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөхөн гэж боддог байлаа. Гэтэл эндүү бодож явсан юм билээ. Тэргэнцэртэй тамирчдыг анхандаа өрөвдөж, жирийн харилцаж чаддаггүй байлаа. Одоо би тэгэхээ больсон. Эрүүл хүнээс ер дутах юмгүй. Харин ч биднээс илүү хөдөлмөрлөж, олон бэрхшээл давдаг. Анхандаа өөрийгөө чадах, эсэхэд эргэлзсэн. Ажлын үр дүн гарч байгаад урамшиж байна.

-Тэргэнцэртэй тамирчдыг дасгалжуулахад танаас ямар ур чадвар шаарддаг вэ?

-Жирийн тамирчдын өрсөлдөөнд хамгийн чухал нь хөлний хөдөлгөөн. Гэтэл тэргэнцэртэй тамирчид суугаагаараа тоглодог болохоор мэдрэмжийг нь хөгжүүлэх их чухал юм билээ. Тиймээс энэ тал дээр түлхүү ажилладаг.

-Олимпын эрх авахын тулд олон улсын тэмцээнд тогтмол оролцон, оноо цуглуулах хэрэгтэй. Та бүхэн ойрын хугацаанд бусад орны тамирчидтай өрсөлдөх үү?

-Одоогоор яг тодорхой товлосон тэмцээн алга. Энэ жил олон улсын 2-3 тэмцээнд оролцох болов уу. Ер нь олимпын эрх авах нөөц, боломжтой тамирчин нэлээд хэд бий. Бүгд өгөө, аваатай өрсөлддөг. Тухайн тэмцээнд хэн илүү авхаалжтай, сэтгэл зүй сайтай байсан нь ялдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)