Тэнгэрээс “дүүжлэгдсэн” өдрүүд

БНХАУ-ын Хунань мужийн Жанзязэ хэмээх газарт аялсан тэмдэглэлдээ энэ удаа урд хөршийнхөн аялал жуулчлалыг хэрхэн цогцоор нь хөгжүүлж буйг өгүүлэхийг зорилоо.

БАЙГААГАА БОРЛУУЛАХ УХААН

Жанзязэд очсон хүмүүст үзэж харах, мэдэх зүйл арвин. Тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь газар, тэнгэрийн дунд манан, буданд “өлгийдүүлэн” дүнхийх сүрлэг Тяньзи уулс, Байлун лифт буюу 100 луугийн шат, Шар луугийн агуй, хотын төвөөсөө 10 хүрэхгүй км зайд орших Тяньмэнь уул, Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэсэн өвөрмөц тогтоцтой газар. 

Энэ бүгдийг үзчихвэл та ЮНЕСКО-гийн нэлээд хэдэн өв соёлтой танилцлаа гэсэн үг. Хамгийн гайхалтай нь энэ бүхэн нэг газарт цогцолсон нь олзуурхууштай, бас бахархууштай. Хятад Улсын хамгийн эко бүс нутаг болсон Жанзязэ хэдийгээр байгалийн өгөгдлөөрөө сэтгэл татах үзэсгэлэнтэй ч хэрэв аялал жуулчлал хөгжүүлэх бодлогогүй, зөнгөөр нь “ташуурдсан” бол тийш явах хүн хэдэн арван саяар хэмжигдэхгүй байсан.

Яагаад гэвэл тэндхийн байгалийг тольдохын тулд хэдэн зуу, мянган метрээр хэмжигдэх, эгц, хадан ууланд авирч, өтгөн ой шугуй дундуур явж, өөрөөр хэлбэл нэлээд эрсдэлтэй, магадгүй аминд халтай зам туулахаас өөр аргагүй. Харин ухаалаг бодлого, нягт зохион байгуулалттай бүтээн босголтынх нь үр дүнд бартаа саадгүйгээр, тэгээд алхах, гулсах, техникээр зөөлгөх, тэнгэрээс “дүүжлэгдэх” зэргээр тун зугаатай явсаар тэр өндөрлөгт хүрнэ. 

Эс бөгөөс будант оргил руу авирах нь битгий хэл бэлд нь очиж, хараад л сүрдэж, зүрхшээмээр юм билээ.

Бид дөрвөн шөнө, таван өдрийн аяллын хөтөлбөрийн дагуу эдгээр гайхамшигтай танилцсан юм. Бүгд л өөрийн гэсэн өвөрмөц үүх түүх, өв соёлтой тэдгээр газарт ижил төстэй зүйл бий нь өндөрлөгт, өөрөөр хэлбэл, “тэнгэрт” оршдог. Тэнд хүрэхийн тулд хэчнээн шатаар өгссөнөө харин тоолмоор юм билээ. 

Сонирхолтой дурсамж байж мэднэ шүү дээ. Мөн тэндхийн хад асга, уулс, агуй дахь “хайлмаган” чулуунуудын дүрс, хэлбэрийг ажиглаарай. Бүгд л эр хүний нандин эрхтнийг санагдуулам байгааг анзаарах нь лавтай. Энэ нь хүртэл үнэхээр сонирхолтой, бас хачирхалтай. Өнгөрсөн жил БНХАУ гадаад, дотоодын 139 сая гаруй аялагчийн нүдийг хужирлаж, 123.417 тэрбум ам.доллар “халаасалсан” статистик байна.

Энэ нь 2016 оныхоос 0.8 хувиар өссөн үзүүлэлт бол нохой жилийг үүнээс хэд дахин нэмэгдсэн үр дүнтэйгээр үдэж буй гэнэ. Үүний нэлээд хувийг үзэсгэлэнт байгалиа үзүүлж харуулан олсон байна. Мөн дотоодын аялал жуулчлалаас олсон мөнгө нь энэ салбарын нийт орлогын 60 гаруй хувийг эзэлжээ. Хүн аялж, зугаалахад тодорхой мөнгө зарцуулж чадаж байна гэдэг нь амьдралын түвшин, чанартай шууд холбоотой. 

Өөрөөр хэлбэл, хятадуудын орлого, амьдралын түвшин байнга өсөлттэй байгаагийн том илрэл гэсэн үг. Тус улсын аялал жуулчлалын салбарт 2017 онд үнэтэй хувь нэмэр оруулсан орнуудыг жагсаахад Мьянмар, Вьетнам, БНСУ, Япон, ОХУ, Америк, Монгол, Малайз, Филиппин, Энэтхэг эхний 10-т оржээ. 

Энэ нь 2010 онд Хятад Улс санаачилсан “Нэг бүс-нэг зам” зэрэг томоохон төслийн үр дүнд аялагчдын тоо ихээхэн нэмэгдсэний тод жишээ. Нөгөөтээгүүр, монголчууд маань урд хөршийн энэ салбарт багагүй мөнгө “хандивлахдаа” голдуу эрүүл мэндийн аялал жуулчлалаар явсныг холбогдох яам, тамгын газрууд нь анхаарахад илүүдэхгүй буй за.

Энэ мэт санаачилга, бодлого энэ салбарын цусан хангамжийг сайжруулан, нэмэгдүүлэхэд ямар чухал болохыг бид ярихаас хэтрэхгүй байгаадаа дүгнэлт хийх л хэрэгтэй. Уг нь бидэнд бэлэн материал нь янз бүрээрээ л байна. Бүр бусдын атаархлыг төрүүлэхээр хэмжээний нөөц, боломж бий.

“СҮН Ү КҮН”-ИЙ СААТСАН АГУЙ

Геологийн өвөрмөц тогтоцтой Шар луугийн агуй бүхэлдээ нүд унагам “интерьертэй”. Энэ газарт “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” буюу “Тансан ламын үлгэр” телевизийн цуврал киноны зарим зургийг авсан юм байна. Саваагүй зантай Ү Күн жигтэй сонин хаддын дундуур сэлмээ бариад нисдэг дээ. 

Яг тэр хэсэгт гардаг “танил” хаднуудыг дэргэдээс нь харахад бас л сонин мэдрэмж төрнө. Агуй дотор мөн л шат тавьж, зорчиход төвөггүй болгожээ. Энд тэнд гэрэлтүүлэг тавьсан нь байгалийн үзэмжийг улам бишрэм харагдуулж, усны тусгалд “тааз”-ыг нь тольдох боломж бүрдүүлсэн нь тун ухаалаг шийдэл. Үнэхээр магтууштай. Аялагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаардаг нь илт. 

Агуйгаар “дүүрэн” ажилчин охид, залуус хүмүүсийг дагахын зэрэгцээ халтирахаас хамгаалан шатнуудыг байнга арчиж, цэвэрлэх юм. Үүнээс гадна агуйн хазайлт, агаарын даралт зэргийг байнга хэмждэг юм билээ. Дуран, камер бүхий 4-5 хүн тунчиг “сүртэй” ажиллаж байхтай таарсан бид ямар нэгэн киноны зураг авч байна уу гэж андуурав. 

Тэд Шар луугийн агуйг тодорхой хугацаанд ийнхүү хэмждэг аж. Нутгийн иргэд энэ газарт ирж хүслээ шивнэдэг гэнэ. Аз жаргал, эд баялаг гээд юу хүссэнээ ганц л удаа агуйн эзэн луунд “хэлдэг” уламжлал бий талаар интернэтээс олж уншлаа.

Урд хөршийнхний нэгэн бэлгэ тэмдэг болсон луугийн нэртэй өөр нэгэн газар Жанзязэд бий. Тэр нь 100 луугийн шат буюу Байлун цахилгаан шат. 330 метр өндөрт ердөө хоёр минутад хүргэх энэ төхөөрөмж эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна. Аялал жуулчлалын оргил ачаалалтай улиралд заримдаа эл шатаар үйлчлүүлэхийн тулд дөрвөн цаг хүртэл хүлээх нь бий гэсэн. 

1999 онд эхэлж, 2002 онд ашиглалтад оруулсан эл байгууламжийг ЮНЕСКО Хүний гараар бүтсэн биет соёлын өвөөр бүртгэжээ. 2002-2003 онд эл шатыг 10 сарын хугацаанд түр хаасан нь байгалийн хад, чулуу нурж осол гарснаас үүдэлтэй юм байна. Тиймээс л 1000 гаруй метр өндөр хадан уулнуудыг “толгойноос хөл” хүртэл нь төмөр тороор хучиж, бэхэлжээ. Ийнхүү хамгаалалтын торон “гоёлтой” болсон хад, асга илүү сүрлэг харагдаж байв.

Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг. Жанзязэгийн Тэнгэрийн хаалга хэмээх газрын тухай олонтоо сонсож байсан ч тийм сүрлэг, магадгүй тэнд хүрчихвэл тэнгэрт толгойгоо “хүргэж” чадах мэт мэдрэмж авахын чинээ төсөөлж байсангүй. Газрын гадаргаас 7600 метрт өргөгдсөн хоёр сүрлэг уул “тэргүүнээ” нийлүүлж, дундаа 131.5 метр өндөр, 57-60 метр өргөн “нүх” үүсгэсэн нь хаалга шиг харагдана. 

(Манай Дорноговь, Завхан зэрэг аймагт хэмжээгээр бага ч үүнтэй төстэй өвөрмөц тогтоцтой хад, цохио бий). Тэнгэрийн хаалганд ер бусын хүч байдаг гэдэгт нутгийнхан итгэдэг аж. Тийм ч учраас уулны энд тэндээс гэнэт хүрхрээ буусан тохиолдол ХХ зуунд дөрвөн удаа бүртгэгджээ. Тэнд уг нь хүрхрээ байдаггүй гэсэн. 

Тодруулбал, 1949 онд ойролцоогоор 1500 метрээс буусан хүрхрээ 15 минутын турш нутгийнхныг гайхашруулжээ. Дараа нь Мао Цэдун нас бардаг 1976 онд ийм үзэгдэл болсон гэнэ. Үүнээс хойш 1989, 1998 онд Тэнгэрийн хаалга усаар “олгойдсон” бөгөөд тухайн жилүүдэд онцгой үйл явдлууд тохиосон юм байна.

Ийм сүрлэг уулын орой руу тэнгэрээс “дүүжлэгдсэн бүхээгт” суугаад очиход задгай онгоцонд яваа мэт сэтгэгдэл төрж, айх, гайхашрах хосолно. Төмөр утсан дээр л тогтож байгаа тэр бүхээг 7455 метр өндөрт гардаг гэхээр бас л аймаар шүү. Нэлээд эрсдэлтэй аялал гэдгийг тасалбар авахад паспорт, бичиг баримт шаарддагаас нь илт. 

Эрдэмтдийн тогтоосноор 400 сая жилийн тэртээд энэ газар нутагт байгаль эх хишгээ хүртээн далай үүссэн бөгөөд дараа нь хэдэнтээ өөрчлөгдөж явсаар өнөөгийн дүр төрхөө олсон гэдэг. Ямар сүрхий үзэгдлүүд болсныг энэ газрын уул, ус бэлхнээ харуулна. Энэ мэтээр онцлох, сонирхолтой сайхан зүйл энд өчнөөн байна. Тэр болгоныг тоочилгүй үлдээе. Эрхэм уншигч та өөрийн нүдээр үзээрэй.

УУЛЫНХАН

“Пандора гараг”-т очсон гадаадын жуулчдын нүдийг хужирлах нэг зүйл нь тэндхийн уугуул иргэд. Тус газар нь хань, тузя, хмонги буюу мео зэрэг үндэстэн, ястны уугуул нутаг аж. Мео бол онцгой овог бөгөөд Хятадын 56 угсаатны бүлгээс хамгийн хачирхалтай, өвөрмөц өв соёлоороо ялгардаг юм байна. 

Тэдний уламжлалт “шашин” нь бөөмөргөл гэсэн. Өдгөө энэ нь ёс төдий зүйл болжээ. Меочууд Вьетнам, Лаос, Тайланд, Мьянмарт ч бий. Хамгийн сүүлийн үеийн статистикаар мео овгийн 11 сая хүн дэлхий дээр амьдарч буйгаас олонх нь Хятадад байна. 

Эмэгтэйчүүдийнх нь үс засалт их өвөрмөц бөгөөд гэзгээ манай эхнэр малгайрхуу болгон янзалж, овоолдог гэсэн. Бид цөөхөн хоногт тэдний уламжлал, ахуйтай сайн танилцаж чадаагүй ч их хурц, тод өнгийн хувцас өмсдөг, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, царайлаг улс шиг санагдсан. Интернэтийн мэдээллээр, овгийнхон нас барагсдынхаа, өвөг дээсийнхээ үсийг хайчилж аваад, үр хойчдоо өвлүүлдэг уламжлалтай гэсэн.

Онцгой тохиолдолд тэр үснүүдийг толгой дээрээ овоолон засаж, гоёдог юм байна. Тэднийг уулынхан гэх нь бий. Энэ нь амьдралых нь хэв маягтай холбоотой.

Нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалан эндхийн хүмүүс халуун ногоо маш их хэрэглэдэг юм билээ. Солонгос хоолных шиг улааран харагдахгүй ч хэл, ам дарвигануулах нь гашуун чинжүү чили, цагаан гааны “хорлол”. Бас их нялуун амттанаар дайлах юм. Тэр нь голдуу чихрийн уусмалд дүрсэн будааны боов, улаан чавгатай мантуу.

Монголчууд зочиндоо хонь гаргадаг бол меочууд тахиа, нугас “төхөөрдөг” уламжлалтай аж. Мөн хамгийн хүндэтгэлтэй өдрөөрөө мөн л шувуугаа гаргаж, толгой болон зүрхийг нь овгийн хамгийн ахмад нь, сарвууг нь насаар бага нь зооглодог байна.

Сүрлэг уулсын бэлд худалдаа арилжаа эрхлэх хүмүүс хурц улаан, улаан шаргал өнгөтэй зүүлтээ жуулчдад их санал болгох юм. Тэр нь чулуу, мод биш, зандан мод шиг үнэртэй нэгэн төрлийн шош юм билээ. Удаан үнэрлэвэл хамар цоргих нь уг шош бага зэрэг халуун чанартайнх. Цусны даралт бууруулдаг “шидтэй” юм гэсэн.

Явсан хүнээс үг сонс гэдэг. Уг нь аяллынхаа талаар илүү ихийг “яримаар” байвч мянга сонсохоор нэг үз гэдгийг санан энэ хүрээд өндөрлөе.

Ташрамд өгүүлэхэд, ийм сайхан зүйл үзүүлж, амрах боломж олгосон БНХАУ-ын ЭСЯ-ханд талархъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)