“Тэнгэрийн тойрог” төсөл түгжрэлийг 40 гаруй хувь бууруулна”

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэв. Тухайлбал, олон улсын нислэгийг УОК-ын шийдвэрээр өчигдрөөс эхлэн түр хугацаагаар хязгаарласантай холбогдуулан халдварт өвчин тархсан бүс нутгаас өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэд, эмчилгээ хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эх оронд нь МИАТ компанийн онгоцоор авчрахаар төлөвлөснийг салбарын сайд мэдээлэв. БНСУ-д 48 мянга гаруй монгол хүн байгаа учраас бүгдийг нь авчрах боломжгүй гэнэ. Нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайн улсдаа коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийн зардлыг Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэд өөрсдөө хариуцах аж. Үүнээс гадна томоохон хоёр төсөл хэрэгжүүлэх болсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв. 

Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг учраас тулгамдсан асуудал их бий. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсан. Одоо нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах ажлуудыг эхлүүлэх боллоо. Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлэх “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барихаар төлөвлөсөн. Энэ нь 6-12 м өндөрт 13 км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байх учраас замын хөдөлгөөний түгжрэлийг 46.5 хувиар бууруулна. Орох, гарах 27 цэгтэй бөгөөд үүгээр зорчсон иргэдээс хураамж авна. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс 6.5 км зам туулах болгонд нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж авна. Ингэснээр зургаан жилийн дотор зээл болон хүүгээ төлж дуусгана гэсэн тооцоо гаргасан. Бүтээн байгуулалтыг 2-3 жилийн дотор дуусгахаар төлөвлөсөн” гэлээ.

Сансрын аюулгүйн тойрог -Зүүн дөрвөн зам-“Нарантуул”-“Дүнжингарав”-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Зуун айл гэсэн чиглэлд уг зам холбогдоно. Өөрөөр хэлбэл, уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот 6-12 метрийн өндөрт байрлах тойрог хэлбэрийн замтай болох гэнэ. Үүгээр нийтийн тээвэр явуулах боломжтой байхаар төсөлд тусгажээ.

Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй, 25 жилийн хугацаатай концессоор уг төслийг хэрэгжүүлэхээрээ онцлог гэдгийг Б.Энх-Амгалан сайд онцолсон.

“4.9 КМ ЗАМЫГ 16 МИНУТАД ТУУЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ”

Түүнчлэн дүүжин тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг төслөө Монгол Улс болон Олон улсын ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон баталсан зээлийн хүрээнд хэрэгжүүлэх аж. Ингэхдээ УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх аж. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60.7 сая еврогийн зээлийн санхүүжилтээр төслөө эхлүүлэх юм байна. Ингэснээр Баянхошууны тойрог-Ханын материалын комбинат-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км, Долоон буудал-Дарь-Эх-Сансрын тойрог чиглэлд 5.4 км урт зам тавихаар төлөвлөсөн байна. Нийтдээ зургаан зогсоолтой байх аж. Баянхошуунаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн буудал хүртэлх 4.9 км замыг 16 минутад туулах боломж бүрдэх бөгөөд тус тээврийн хэрэгслээр өдөрт 22 000 хүн зорчино гэсэн тооцоо гаргаснаа салбарын сайд дурдав. Нэг бүхээгт 8-10 зорчигч тээвэрлэх боломжтой. 60.7 сая еврогийн зээлээ 40 жилийн хугацаанд эргэн төлөх юм байна. Ингэхдээ жилийн 0.076 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдсан учраас эхний 12 жилийн дотор үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ОЛГОНО

Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увсад өвөлжилт хүндэрсэн учраас тус аймгийнханд Улсын нөөцөөс нийт 3.8 мянган тонн өвс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр борлуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн “УАЗ-22069” маркийн “Фургон” болон “УАЗ-315195” маркийн “Хантер” автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг зарим аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад олгох нь. Мөн 2019 оны сүүлчийн хагаст гамшгийн голомтод ажилласан албан хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 онд баталсан төсвөөс гаргах зөвшөөрлийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд олгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)