ТЭНГЭРИЙН БАЙДАЛ ДЭЭРДСЭН Ч газрын гарц нэмэгдэхгүй

“Хөдөөгүүр тэр чигтээ гандуу байна”, “Жимс, ногоо сайн ургасангүй”, “Айлууд цагаан идээгээ ч авч чадахгүй байгаа сурагтай”, “Хуурайшилтын улмаас хаа сайгүй түймэр” гэж ярих хүнтэй энэ зун олон тааралдлаа. Өдгөө нийт нутгийн 70 орчим хувь нь гандуу болон гантай болохоор аргагүй биз. Өнгөрсөн сард нийт нутгаар халж, бороо хур нүдний гэм болсны үр дүн нь энэ. Харин долдугаар сар гарснаас хойш агаарын температур харьцангуй буурч, хур тунадас ч багагүй уналаа. Сарын сүүлчээр ч ихэнх нутгаар бороотой, тэнгэр сайхан араншинтай байна гэх.

ХАМГИЙН ХАЛУУН САР

Сүүлийн 56 жилийн зургадугаар саруудаас хамгийн халуун нь энэ онд тохиолоо гэж Үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээлсэн. Өнгөрсөн сард нийт нутгаар буюу Өвөрхангай, Сэлэнгээс бусад аймагт агаарын температур олон жилийн дунджаас давж халжээ. Зургадугаар сард хамгийн их халсан газраар Дорноговь “тодорлоо”.

Тэндхийн цаг уурын станц нь нэмэх 39.6 градус гэх тоог анх удаа хүлээж авчээ. Хоёрдугаар байранд 39.2 градус хүрч халсан үзүү­лэлтээр Дорнод бичигдсэнийг энд мөн дурдъя. Их халсны нөлөөгөөр тус аймаг дахь байга­лийн нуур, цөөрөм хатаж, цагаан зээрнүүд ха­рангадан үхэж байгаа талаар бид өмнө нь мэ­дээлсэн. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оны дээд үзүүлэлт 33.4 градус (Дорнод аймагт) бол гантай байсан 2015 онд дээд тал нь 36.4 градус (Сэлэнгэд) хүрч халжээ. Дээр дурдсанчлан энэ сар гарсаар чамла­хааргүй бороо орсон ч зуншлага төдийлөн сайжрахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Говийн нутаг, Их Нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн бүс болон Дорнод Монголын талаар 5-10 хоног дараалан 30 градусаас давж халсан хэвээр. Хөрсөн дээрээ 50-68 градус халж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газ­рынхан мэдээллээ. Ийм шалтгааны улмаас зуншлага төдийлөн сайжраагүй гэнэ. Өдгөө Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян­хонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дор­ноговийн зарим сумын нутаг гантай аж. Тэд­гээрийн төлөөлөл болгож Өвөрхангай айм­гийн Засаг дарга Г.Ганболдтой холбогдон нөхцөл байдлыг тодруулсан юм.

Нийт нутаг дэвсгэрийнх нь 90 хувь гантай, үлдсэн багахан хэсэгт нь зуншлага сайн гэнэ. “Өнгөрсөн жил манай аймгийн нийт нутгийн 90 гаруй хувь нь ногооны гарц сайтай байсан. Гэтэл энэ жил огт өөрөөр эргэлээ. Үүл буудсаны ачаар энэ долоо хоногт 10 орчим суманд бороо орлоо. Байдал арай дээрдэх болов уу гэж харж байна. Нэг хүнд­рэлтэй тал нь газар нутаг маань өвс ногоо бага­тай байхад нэрмээс болж, бусад аймгаас 300-400 айл ирж нутаглаад байна. Хөөх хэцүү, байлгах бүр ч түвэгтэй. Ногоо сайн гараагүй учраас хадлан авах тухай яриад ч хэрэггүй болсон” гэв. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлсэн үү, энэ жил хадлан авч чадахгүй бол хэрхэх та­лаар Хүнс, хөдөө аж ахуй, хoнгoн үйлдвэрийн яамныхнаас тодруулах гэсэн ч холбогдох мэр­гэжилтнүүд нь нөхцөл байдлыг үзэхээр орон нутагт ажиллаж байгаа тул мэдээллүүдээ нэгт­гэж амжаагүй гэж хариулсан.

2015 ОНЫ ТҮҮХ ДАВТАГДАХ УУ

Гантай холбоотойгоор энэ жил ургац алдаж болзошгүй гэж олон нийт болгоомжлоод эхэл­лээ. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургацынхаа тал хувийг алдсан 2015 оны түүх давтагдахыг ч үгүйсгэхгүй. Цаг уур, орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын секторынхон Дархан-Уул, Сэлэнгийн тариалан бүхий нутгуудад буудай харьцангуй сайн ургаж байгаа бол Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгийнхныг “дунд зэрэг” гэсэн үнэлгээтэйг мэдээллээ.

Улсын хэмжээний нийт үр тарианы бараг тал хувийг Сэлэнгийн тариаланчид бүрдүүлдэг. Тиймээс хамгийн түрүүнд тус аймагт нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм. Азаар улсын буудайн хэрэгцээний ихэнх хувийг хан­гадаг тус аймгийнхан сайхан зусаж буй гэнэ. “Өвөрхангай, Булган зэрэг аймагт хуурай гандуу байгааг нүдээр үзлээ. Тэдгээртэй харьцуулахад манайд газрын гарц харьцангуй сайн байна. Мэдээж өмнөх жилүүдтэй харьцуулах аргагүй л дээ. Гэсэн ч одоогоор ургац алдлаа гэж шуу­гих хэмжээнд хүрээгүй. Ялангуяа томоохон компаниудын олонх нь усалгаатай тариалантай учраас тийм ч амархан хүнд байдалд орохооргүй юм. Аймгийн хэмжээнд жилд 150.000 тонн бай­галийн хадлан авах зорилт тавьж, түүнээсээ хавьгүй илүүг хураадаг. Өвсний гарц өмнөх жи­лүүдтэй харьцуулахад бага боловч дээр дурдсан хэмжээний хадлан авах бололцоотой гэж үзэж байна” гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хэлсэн.

Улсын хэмжээнд 400.000 тонн буудай ху­раалаа гэж бодоход Сэлэнгийнхэн түүний тал хувийг, харин Төв аймгийнхан 100.000 тонн орчмыг нь тарьж ургуулан, хураадаг. Сэлэнгэ нутгийнхан нэлээд гэгээлэг зүйл хэлсэн бол харамсалтай нь Төв аймагт байдал сайнгүй гэнэ. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын онцолсноор тэд ургацынхаа 40 орчим хувийг алдаж магадгүй аж. “Манай аймгийн газар нутгийн 90 орчим хувь нь гантай. Өчигдөр (уржигдар) урд талын хэдэн суманд бороо орлоо. Харин хойд талын сумдаар хур тунадас унаагүй, байдал нэлээд хүндэрсэн. Мэргэжлийн байгууллагуудаа оролцуулаад дөрвөн ч ажлын хэсэг гаргаж, бүх суманд ажиллуулах захирамж гаргасан. Зуншлагын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, гангийн зэрэглэл, бэлчээрийн ургамлын гарц, таримал ургамлын боловсролтыг тогтоох нь ажлын хэсгийнхний үүрэг. Энэ онд манайх буудай 80.000, тосны ургамал 10.000, малын тэжээл 8000 га талбайд тарьсан. Урьдчилсан мэдээллээр үүний 40 орчим хувийг алдаж болзошгүй гэсэн таамаг бий. Гэхдээ ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтийг баттай гаргах учиртай. Бас нэг хүндрэлтэй асуудал нь бид орон нутгаасаа хадлан бэлдэх бололцоогүй болсон. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймаг руу хадлан авах талбай гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьчихаад байна. Одоо хэчнээн сайн бороо орлоо ч хадлан авахаар хэмжээнд ногоо ургах хугацаа үлдсэнгүй шүү дээ” гэж Ж.Батжаргал дарга ярилаа.

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар юутай ч өвс экспортлохыг хориглов. Нийт нутгаар гандуу, зуншлага муу учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилах үүргийг ХХААХҮ-ийн сайдад өгөөд байна.

ТЭНГЭРИЙН АРАНШИНГ ХЭН МЭДЭХ ВЭ?

Цөөнгүй жил талхлагдаж, доройтсон бэлчээрээ сэлгэн, амрааж ашигладаг уламжлал, зохион байгуулалт хэдийнэ алдагдсан, үүн дээр ган нөлөөлж буй тул бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг монголчууд хүнд сорилттой тулгарах нь. Манай орны өвөл, хаврын бэлчээрийн даац сүүлийн 2-3 жилд 60 гаруй хувьд л арайхийн хүрэлцэх дүнтэй гарсан. Өөрөөр хэлбэл, нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжиж, хаваржих боломжтой, харин 40 гаруй хувь нь өөрийн нутагтаа мал сүргээ онд мэнд оруулах боломжгүй байгаа юм. Энэ жил ган нүүрлэсэн тул уг тоо хэд болж буурахыг таашгүй. Юутай ч ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээллийг ирэх сараас гаргах юм билээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд яригддаг гол сэдвүүдийн нэг нь малын тоог цөөлөх. Малчид ч зуд болж магадгүй гээд хэдэн малаа мөнгө болгох сонирхолтой нь мэдээж. Гэхдээ махны үнэ ханш бага байвал малаа цөөлөх сонирхолтой хүн төдийлөн олдохгүйг хэд хэдэн хүнтэй уулзахад онцолж байв. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын малчин Б.Сосор л гэхэд “Борлуулж болно. Гэхдээ ченжүүд биднээс хямд үнээр авчихаад, нэлээд өндөр үнээр зарчихдаг. Үнэ бага хэвээр байвал зарах хүн олдохгүй байх. Зовж өсгөсөн малаа хэдхэн төгрөгөөр өгчих чинь хэцүү биз дээ” гэв.

Орон нутгийн удирдлагуудтай холбогдоход энэ чиглэлд нэлээд анхаарч буйгаа онцолсон. Төв аймгийн хэмжээнд өдгөө махны 2-3 үйлдвэр бий бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулж, тордож буй гэнэ. Тус аймагт бэлчээрийн даац 1.8 дахин хэтэрсэн учраас мах бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч энэ чиглэлээр малчдад зөвлөмж өгөхөөр төлөвлөж байгаа гэсэн. Өвөрхангайн ЗДТГ-ынхан урд хөрштэй хамтран аймагтаа махны үйлдвэр барьж буй гэнэ. Ирэх аравдугаар сарын 1-нээс малчдаас махыг нь авч, үйлдвэрээ ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ.

Энэ мэтээр гангаас үүдэлтэй хүндрэлтэй асуудлууд ундарч эхлээд байна. Урин дулааны улирал хараахан дуусчихаагүй болохоор тэнгэрийн араншин өөрчлөгдөх биз гэж харсан хүн ч байна. Цаашид цаг уур ямар байхыг тодруулах гэхэд энэ асуултад хариулт өгч, иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй байгууллагынхан нь “Ирэх сарын төлөв гараагүй байна” гээд сууж байлаа. Тэнгэрийн араншин ямар байхыг, түүнээс сэргийлж, ямар арга хэмжээ авах шаардлагатайг тэгэхээр хэн мэдэх вэ?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)