Тэмбүү түмэн “хөлтэй”

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, О.Бат-Ундрах

Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.

Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. 

Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хэвийн үзэгдэл болж, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.

Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 25 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.

Хатуухан хэлчихье. Монголчуудад бэлгийн боловсрол гэдэг зүйл алга. Гэр бүлийн үнэнч бус харилцаа, найз залуу, бүсгүйгээ оймс шиг сольдог байдал, амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэж, хэтэвч зузаантай л бол хэнтэй ч хамаагүй энгэр зөрүүлдэг хүүхнүүд олширсноос өнөөдөр бэлгийн замын халдвар, тэр дундаа тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх боллоо.

Дөрвөн жилийн өмнө “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэлдээ ийнхүү бичсэнээ өнөөдөр дахин давтъя. Монголчууд тэмбүүнд “найр” тавьсан мэт эл өвчин нийгмийн үзэгдэл болчихлоо. “Хормойн” өвчин хил хязгааргүй тархаж, хүүхэд, өсвөр үе, бүр нялхсыг ч ээрэх болов. Ийнхүү харанга дэлсэж байхад бид айх нь битгий хэл цочирдох шинжгүй. Доороо яр, идээ бээртэй байж нүүрээ гоодож, энгэсэгдсэн, гоё ганган хувцасласан хүүхэн, харчууд нийгэмд тэмбүүгийн “үр тарьж” буйгаа мэдэхгүй яваа нь хамгийн аймшигтай. Тэдэнд бэлгийн, эрүүл мэндийн боловсрол огт алга. Тэднийг харааж загнаж болох ч нөгөөтээгүүр, энэ бол төр, засаг нийгмийн эрүүл мэндийн бодлогогүйн үр дагавар. Өнөөдөр монголчууд олон талаар гамшгийн байдалтай амьдарч байна. Тэдгээрийн нэг нь эрүүл мэнд. Монгол хүн хавдраар хорвоог орхих нь энгийн үзэгдэл болсон шиг тэмбүү ч хавтгайрсныг цөөөн статистикаар өгүүлье.

2014-2019 онд гурван сая гаруй хүн амтай Монголд Улсад тэмбүүгийн 33 594 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тэмбүүгээр нэгэнт өвчилсөн хүмүүсийг оруулаагүй тоо. Цагаан трепонем орон нутгийнханд илүү “дурласан” нь тархалтаас харагдана. Сүүлийн таван жилийн дунджаар 10 000 хүнд ногдох тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл аймагт 35.1, Дорнодод 41.7, Сүхбаатарт 35.5, Баянхонгорт 34.9, Говьсүмбэрт 32.3, Говь-Алтайд 32.6, Өвөрхангайд 17.6, Дорноговьд 22.1 буюу улсын дунджаас 2-3 дахин их байна. (Булган, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт цөөн бүртгэгджээ) Тэгвэл 146 сая гаруй хүн амтай хойд хөршид тэмбүүгийн тархалтаараа сүүлийн таван жилд “тэргүүлсэн” Сибирь, Алс Дорнодын бүс нутагт тодруулбал, Тува, Эрхүү, Буриад, Томск зэрэг газарт ч ийм өндөр статистик алга. Өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн Тува улсад (хүн ам нь 324 мянга гаруй) 100 мянган хүнд 43 тохиолдол байна.

2018 онд орон нутагт тэмбүүгийн 3361 тохиолдол бүртгэгдсэн нь Улаанбаатар хотынхоос ойролцоогоор 600-гаар олон аж. Аялал жуулчлалын хөгжил, уул уурхайн олборлолт, ажилгүйдэл, архидалт, биеэ үнэлэлт зэрэг нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан тэмбүү 21 аймагт харилцан адилгүй тархжээ. (Үзүүлэлтийг графикаар харуулав) Дорнод аймаг 2005-2015 онд улсын хэмжээнд тэмбүүгийн тархалтаараа “тэргүүлсэн” бол өдгөө Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар “цойлж” байна. Үүний учир шалтгааныг аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нараас тодруулсан юм.

М.ҮҮРИЙНБАЯР (Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Хөвсгөл аймаг Монголын аялал жуулчлалын гол нутаг бөгөөд 133 400 хүн амтай. Жилд дунджаар гадаад, дотоодын 60 гаруй мянган жуулчин ирдэг. Энэ нь тэмбүүгийн халдвар тархах нэг шалтгаан болж байгаа ч уг өвчин нийгмийн асуудал болсон. Иргэд үзлэг, шинжилгээнд сайн дураараа хамрагдахгүй байна. Тиймээс 2018 онд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийнхэн хамтраад төрийн албан хаагчид, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, иргэдийг бэлгийн замын халдварт өвчний эрт илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргуулсан. Зорилтот бүлгийнхний 30 хүртэлх хувийг илрүүлгээр оношилж, эмчилсэн. Кампанит ажил өрнүүлсний хүчинд тэмбүүгийн халдварын илрүүлэлт нэг дахин нэмэгдсэн. Иргэдэд уг өвчний хор уршгийг сурталчилснаар сайн дураараа шинжилгээнд хамрагдах нь нэмэгдлээ. 2019 оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтийг харахад, бэлгийн замын халдварт өвчин өмнөх оны мөн үеийнхээс буурсан дүн ажиглагдаж байна. Гэсэн ч манай аймагт уул уурхай эрхлэх боломжгүй, ажлын байр цөөн, төрөөс татаас авч амьдардаг иргэн олон. Иргэд уул уурхайтай Өмноговь зэрэг аймаг руу олноор явж ажиллах нь нэмэгдсэн. Гэр бүлээсээ олон хоног, сараар хол ажилладаг тэдний дунд бэлгийн замын халдварт өвчин их байгааг эмч нар хэлж байна. Өвчинтэй хүмүүсээ хүчрэхгүй ядаж байхад уул уурхайд ажиллагсад нэмж халдвар “авчирч”, тарааж байгаа нь ганц манай аймгийн асуудал биш. Үүнийг төр, засгаас анхаарах цаг болсон.

Ц.ТУЯА (Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Тэмбүү, сүрьеэ зэрэг нийгмийн халдварт өвчнийг хэрхэн илрүүлж байгаагаас тархалтыг нь тогтоодог. Нийтийг хамарсан үзлэг, шинжилгээ хийхгүй бол тухайн халдвар намжмал байдалтай л байна. Манай аймгийн ЗДТГ-ын захирамжаар “Эрүүл цус” аян өрнүүлж, гурван жил дараалан үзлэг хийсэн. “Глобал” сангийнхны хэрэгжүүлсэн, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төслийн хүрээнд 8000 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Энэ жил 15-39 насныхан болон зорилтот бүлгийн 1000 гаруй хүн илрүүлгийн үзлэгт орсон. Үүнээс гадна бэлгийн хавьтагчдыг нь тандаж, илрүүлж, эмчилж байгаагаараа бусад аймгаас давуу талтай. Өөрөөр хэлбэл, илрүүлэлт сайн, тэр хэмжээгээр тэмбүүгийн халдварын түвшин өндөр гарч байгаа гэсэн үг. Нөгөө талаар манай аймаг 58 388 хүнтэй ч алтны бичил уурхай эрхлэгч олонтой. Үүнийг дагаад хөдөлгөөнт хүн ам ихтэй. “Алтайн хүдэр” зэрэг уул уурхайн томоохон компани бий. Бэлгийн замын халдварт өвчинд түлхүү өртдөг бүлгийнхэн олон гэсэн үг. Уул уурхайгаа дагаад архидалт, биеэ үнэлэлт ч тодорхой хэмжээнд байна.

Б.ЭРДЭНЭТУЯА (Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Манайх жил бүр 12 сум, нийт хүн амынхаа 70 хувьд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийдэг. Үүгээр халдвартай хүмүүсээ “барьж авч”, өвчнийг тархаахгүй байх талаас анхаарч ажилладаг. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд аймгийн төв болон 12 сумын иргэдэд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийсэн. Аймаг маань 63 232 хүн амтай, хилийн нэг боомттой. Жил бүр Бичигт боомтын ажилтан, эргэн тойронд нь үйлчилгээ эрхэлдэг иргэдийг шинжилгээнд хамруулдаг. Боомтод тэмбүү тэгтлээ тархсан юм байхгүй. Орон нутгийн төсвөөс шаардлагатай оношлууруудыг худалдан авахад нэг сумд таван сая төгрөг хуваарилж өгдөг. Нарийн мэргэжлийн эмч нарын баг бусад үзлэгтэйгээ хамт сүрьеэ, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг сумуудаар явж хийдэг.

В.НАРАНТУЯА (Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Манайх 87 000 хүн амтай. Бусад аймгийн адил, архидалт, ажилгүйдэл, ядуурал ихтэй. Дайран өнгөрөх хүн олон. Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Жаргалант гээд бүх сумд томоохон компани, аж ахуйн нэгж, иргэд алт олборлодог. Өөр аймаг руу явж ажилладаг хүн ч цөөнгүй. Энэ он гарсаар тэмбүүгийн халдвар буурсан үзүүлэлттэй байна. 2018 онд “Халдварт өвчний эсрэг хамтдаа” аян өрнүүлж, элэгний В, С вирус, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээнд иргэдийг хамруулсан. Уг аяныг энэ жил дахин өрнүүлнэ.

2005-2015 онд улсын хэмжээнд тэмбүүгийн тохиолдлоор Дорнод аймаг толгой цохиж байсныг дээр дурдсан. Тэмбүүтэй хүмүүсийнх нь тоо улс, аймгийн дунджаас 2-3 дахин олон байсан. Нөхөн үржихүйн насны 10 000 хүн тутамд тэмбүүгийн халдвар 70-д хүрч байлаа. Харин цагаан трепонем бактеритай 2013 оноос “дайтаж” эхэлснээр халдвартай хүний тоо 2014 онд 10 000 хүн тутамд 67, нэг жилийн дараа 43 болжээ. Эл тоо 2016 онд 34, өнгөрсөн онд 29 болж буурчээ. Гэсэн ч эл үзүүлэлт нь аймаг, улсын дунджаас 30 орчим хувиар өндөр хэвээр байна. 80 мянга орчим хүн амтай Дорнод аймаг БНХАУ, ОХУ-тай хиллэдэг. Монголын газрын тосны бүтээгдэхүүний экспортын 90 хувийг дангаараа олборлодог “Петро Чайна дачин Тамсаг” компанид ажиллагсдын 2000 гаруй нь хятад иргэн. Орон нутгийн гурван их, дээд сургуульд нь 4000 орчим оюутан сурдаг. Ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байгаагийн зэрэгцээ дээрх компанийн ажилчдад биеэ үнэлдэг “дэнгийн эрвээхэй”-гээр тасардаггүй аж. Цагдаагийн байгууллагад нь бүртгэгдсэнээр хил дамнан “ажилладаг” биеэ үнэлэгч 100 гаруй байдаг гэх. Энэ бүхэн тэмбүүгийн тархалтад нөлөөлдөг. Ингэж шилжилт хөдөлгөөнөөр тэмбүү түмэн “хөлтэй” болдог байна.

Сүүлийн үед дүрвэгсэд болон цагаачдын асуудал дэлхийн хэмжээнд олон “сүүл” дагуулж буйн нэг нь бэлгийн замын халдварт өвчнүүд. Тэр дундаа тэмбүүгийн тархалт их байгааг ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын тайлангаас харж болно. Үүнээс гадна хүн амын шилжилт хөдөлгөөн аливаа халдварт өвчний тархалтад асар их “хувь нэмэртэй” аж. Тухайлбал, хойд хөршийн нийслэлд сүүлийн 5-6 жилд тэмбүүгийн халдвартай шилжин ирэгсэд 40 хүртэл хувь нэмэгдсэн талаар бичжээ. Ерөөс бэлгийн замын халдварт өвчнүүд шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал, нийгмийн ядуурлын “дайвар бүтээгдэхүүн” гэдгийг олон улсын шинжээчид мэдээлсэн байна. Бэлгийн замаар халддаг өвчнүүд хоорондоо “ах дүүгийн барилдлагатай” буюу нэгийг нь эмчлэхэд нөгөөгийнх нь шинж тэмдэг дарагдаж, түр зуурт “эдгэрч” улмаар ужигран, далд үедээ шилждэг аюултайг ч тэд онцолжээ. ДЭМБ-аас гаргасан шинэ удирдамж үүнийг батална. Юу гэхээр, 2016 онд тус байгууллагаас хламидиоз, заг хүйтэн, тэмбүү гэсэн гурван халдварын эмчилгээний шинэ удирдамж гаргасан. Эдгээр нь бүгд бэлгийн замаар тархдаг бактериар үүсгэгддэг, антибиотикоор эмчлэгддэг нийтлэг шинжтэй учраас хавсарсан тэмбүүгийн халдварт тооцдог байна. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 131 сая хүн хламидиоз, 78 сая нь заг хүйтэн, 12 сая нь тэмбүүтэй нь тогтоогддог талаар ДЭМБ-ын тайланд дурджээ.

Хятадад тэмбүү өвчний тархалт асар их байгааг эл байгууллагын шинжээчид онцолсон байна. Гэхдээ БНХАУ цайвар трепонем бактерийг илрүүлэх шинжилгээнд иргэдээ өргөн фронтоор хамруулж чаддаг болсныг ч тусгайлан тэмдэглэжээ. Тус улсын Засгийн газраас тэмбүүгийн эсрэг үндэсний бодлого боловсруулсан бөгөөд эл өвчний халдвар, тархалтыг бууруулахад илрүүлэх шинжилгээг дан ганц эмнэлэгт хийх нь өрөөсгөл учраас олон нийтийн байгууллагууд болон бэлгийн таашаалын үйлчилгээ үзүүлдэг тусгай газруудыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр эмнэлэгт хандахаас цааргалдаг, эсвэл алслагдсан бүсийнхэн, бэлгийн замын халдвар авах эрсдэлт бүлгийнхнийг илрүүлгийн шинжилгээнд өргөн хамруулах боломж бүрдсэн юм байна. Тодруулбал, тэмбүүгийн эсрэг тэмцлийг эмнэлгийн байгууллагуудын хүрээнээс гаргаж, тэлснээр тодорхой үр дүнд хүрчээ.

Америкт хийсэн тэмбүүгийн тархалтын судалгаагаар эл өвчний халдвар авах хамгийн эрсдэлт бүлэг нь архи, хар тамхинд мансуурагчид. Тэд мансуурсан үедээ бэлгийн харьцаанд бүлэглэн орох, эсвэл хамтрагчаа солих, хар тамхиар биеэ үнэлэх зэргээр замбараагүй хавьталтай байдаг нь хамгийн аюултай гэдгийг АНУ-ын эрдэмтэн Capa Keннeди ярьжээ. Сүүлийн найман жилийн хугацаанд АНУ-д тэмбүүгийн тархалт 1960-1980 оноос хойш хамгийн их бүртгэгдсэн байна. Тэр дундаа Heвaдa, Kaлифopни, Луизиaнa муж улсад газар авсны дотор төрөлхийн тэмбүүгийн тохиолдол эрс өссөн аж. Ялангуяа Kaлифopнийн Фpecнo дүүрэгт тэмбүүтэй хүүхэд хамгийн олон төрсөн шалтгааныг судлахад эмэгтэйчүүдийн дунд хар тамхины хэрэглээ өндөр байжээ. Энэ бүхнээс харахад, нөхөн үржихүйн замаар тархдаг халдварт өвчнүүдийн “дөрөө” нь мансуурал, ядуурал гэдгийг Калифорнийн судлаачид дурдсан байна. Хэрэв тэмбүүг хүнээр зүйрлэх юм бол засаршгүй гэмт хэрэгтэн. Гэхдээ түүнийг давраахгүй, дийлэх боломж бий. Тэр нь эрт илрүүлэн, эмчлэх. Харин хэт оройтвол гэмт хэрэгтнээр гений бүтцээ эвдүүлж, авсаа бэлдсэнээс ялгаагүй гэдгийг америк эрдэмтэд анхааруулжээ. Цайвар трепонем хэмээх бичил биет ийм л аюултай. Тэмбүүгийн гуравдугаар үеийг үхэл гэж тодорхойлдог аж. Учир нь тэр үед бүх эд, эрхтэн, мэдрэлийн тогтолцоо тэмбүүгийн бактерийн оромж болсон байдаг гэнэ.

Орчин цагийн анагаах ухаанд тэмбүүг богино хугацаанд найдвартай эмчилдэг эм бэлдмэл бий болсон гэдгийг хүмүүс ойлгож, хэрэв халдвар авсан бол хамгийн түрүүнд эмнэлэгт хандах нь чухлыг сануулъя. Бид “Зуун дамнасан “хормойн” өвчин” цуврал нийтлэлээрээ үүнийг л иргэдэд ойлгуулах зорилготой. Тэмбүүгийн халдвар их байгаа нь удам залгамж, гэр бүл, нийгмийн оршин тогтнолтой холбоотой гэдгийг ухуулах нь бидний бас нэгэн зорилго юм. Дараагийн цувралаараа бид мэдрэлийн буюу эцсийн шатандаа орсон тэмбүүгийн аюулын талаар хүргэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)