Тэмбүүнд “дөнгөлүүлсэн” хойч үе

Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.

Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хөгжлийнхөө дээд үедээ хүрч, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.

Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш гурван сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 21 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.

2016 онд Оросын Уралын нэгэн сургуулийн сурагч, 14 настай хөвгүүн дээд ангийнхаа нэг “эгчтэй” энгэр зөрүүлжээ. Үүнээс хагас жилийн дараа “хормойн” өвчин туссанаа мэдсэн аж. Зургаан сарын өмнө эр хүн болсныхоо шанд ийм “бэлэг” авснаа ч мэдэхгүй явсан тэрбээр нэг найздаа “Нөгөөхөөс минь туухай дүүжилчихсэн юм шиг хүнд оргиод, шээхэд өвдөөд байна” хэмээн зовлонгоо ярьжээ. Тэгтэл найз нь өөртөө тохиолдсонтой адил зүйл болж хэмээгээд “Нэг антибиотик тариулчихаар зүгээр болчихно, санаа зоволтгүй” гэж зөвлөсний дагуу эмийн сангаас тариа авч хийгээд “эдгэрчээ”. Найзынх нь хэлсэн “эмчилгээний” үр дүн ердөө хэд хоногийн дараагаас мэдэгдэж, ямар ч зовиургүй болсон гэнэ. Тэгтэл хэдэн сарын өмнө найз охин нь түүнд маш их уурлан, “Чи цусны шинжилгээ өг” гэжээ. Учир нь охин тэмбүүгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан бөгөөд үүнд найз хөвгүүнээ хардсан хэрэг.

Яг үүнтэй адил, төстэй явдал зөвхөн Оросын гэлтгүй олон орны өсвөр үеийнхний дунд тохиолддог байна. Ингээд зогсохгүй эл жишээнд өгүүлсэн шиг бэлгийн замын халдварт өвчнийг найзаараа “оношлуулж, эмчлүүлэх” нь түгээмэл аж. Манай өсвөр үеийнхэн дунд ч ийм зүйлтэй нүүр тулсан нь цөөнгүй. Бэлгийн замын өвчин тусчихаад эмчид хандахаасаа илүүтэй найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, дураараа янз бүрийн эм хэрэглэх болсныг ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг хэлсэн. Эмчтэй ярилцан, үзлэг, шинжилгээ хийлгэж, оношоо баталгаажуулсны дараа тохирсон эмчилгээ хийлгэхийн ач холбогдлыг хүүхдүүд мэдэхгүй учраас ийнхүү алддаг байна. Нэг, хоёроороо өөрсдийгөө “эмчилж”, өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлэн, нууц үе рүү нь “илгээж” буйгаа тэд гадарлах ч үгүй.

Шилжилтийн насны хүүхдүүдийн олонх нь бэлгийн замаар дамждаг халдварын талаар ойлголт, мэдээлэлгүйгээс өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадахгүй байгааг “хормойн” өвчний тархалтаас харж болно. Хүүхэд нь тэмбүү туссаныг мэдсээр байж эмчлүүлэхгүй сар, жилээр алга болдог хайхрамжгүй, хэнэггүй эцэг, эх байдгийг М.Мөнххишиг эрхлэгч толгой сэгсрэн ярив. Тэрбээр “ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 насныхныг өсвөр үе гэдэг. Манай улсын хүн амын 15 орчим хувийг эл насныхан эзэлж байна. Аль ч цаг үед өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн олон асуудал тулгамдсаар ирсэн. Тэдний дунд амьсгалын болон хоол боловсруулах эрхтний, бөөр, шээс ялгаруулах эрхтний өвчин элбэг тохиолддог. Харамсалтай нь, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бүр ч хурц байна” гэв.

XXI зууны өсвөр насныханд тулгамддаг бэрхшээл хуучин цагийнхаас тэс өөр. Бэлгийн бойжилт нь эрт явагдаж, “хормойн” өвчинд өртөх болсныг ХӨСҮТ-ийн судалгааны баримтууд нотолно. Цахимаар шүүлтүүргүй мэдээлэл авдаг тэдний үзэж, харж буй зүйлийг томчууд хянаж чадахаа байв. Манай нийгэмд бэлгийн замын халдварт өвчинтэй хүмүүсийн 40 орчим хувь нь 15-24 насныхан байна. Энэ нь тохиолдлын бэлгийн харьцаанд эрт, хамгаалалтгүй орж байгаагийн тод жишээ. Бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлтээс хамгаалдаг ганц арга нь бэлгэвч гэдгийг тэд мэдэхгүй, хэрэглэхгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн.

Тэмбүү маш аюултай өвчин гэдгийг дахин дахин хэлье. Үр удамд нөлөөлж, бүх эд, эрхтэн, системийг гэмтээн, сэтгэц, оюун ухааныг доройтуулж, мэдрэлийн эмгэг үүсгэдгийг сануулъя. ДЭМБ-ын тайланд дурдсанаар, жилд дунджаар 12 сая хүн тэмбүүгийн халдвар авч буйн 20 гаруй хувь нь өсвөр үеийнхэн буюу 11-19 насныхан. Үүнд эмнэлгээр оношлуулаагүй хүмүүсийг нэмбэл хэчнээн оронтой тоо гарахыг таашгүй. Британийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн нийгэмлэгийн шинжээчдийн мэдээлснээр, 1990-ээд онд тус улсад бэлгийн замын халдварт өвчин туссан нийт хүний 90 хүртэлх хувийг 20-40 насныхан эзэлж байсан бол сүүлийн үед Хемпшир гүнлэгийн хэд хэдэн нутаг дэвсгэрт тэмбүү үүсгэгч цайвар трепонем бактерийн халдвар авсан 13-19 насны хэсэг бүлэг хүүхэд байгааг илрүүлжээ. Энэ нь хөрш Шотландын хүүхдүүдтэй ч холбогдсон болохыг дурдсан байна. Уг нь 1980-аад он хүртэл эл өвчин Британид ховор бүртгэгдэж байжээ. “International journal of STD and aids” сэтгүүлд нийтэлснээс үзвэл, хүмүүс хоорондоо уулзаж, учрах нь уламжлалт аргаас тэс өөр болсон. Таних, танихгүй хэнтэй ч цахимаар холбогдон, “ор дэрний” болзоо тогтоодог болсон нь бэлгийн замын халдварт өвчнийг хянах боломжгүйд хүргэх нэг шалтгаан аж. Ийм замбараагүй, өргөн фронтоор “унтдаг” болсноор илэртлээ уддаг, нууц үедээ хэдэн сар, жилээр “дүлий” байдаг тэмбүүг гааруулж байгаа талаар эрдэмтэн Патрик Френч ярьжээ.

Манай улсын хүн амын дундах эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл улам л муудсаар байна. Технологи өндөр хөгжсөн энэ эринд бид цахим ертөнцөөс хүссэн мэдээллээ олох боломжтой. Гэтэл бэлгийн замын халдвар өнөөдөр нийгэмд үзэгдэл болтлоо дэлгэрчихээд байхад эл өвчний талаар судлахгүй, уншихгүй байгаа нь харамсалтай. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 5135 тохиолдол бүртгэгдсэний 40 орчим хувийг тэмбүү эзэлсэн хэвээр. 2018 онд 6193 хүн тэмбүүгийн халдвар авсны 39.2 хувь буюу 2417 нь 15-24 насныхан гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгөв. Нийслэлд гэхэд л он гарсаар эл өвчнөөр 988 хүн халдварласан байх юм. Тэмбүүтэй гурван хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхэд гэвэл та итгэх үү. Цайвар трепонем бактери амьсгалын замын өвчин шиг л тархаж байгааг эл баримт илтгэнэ. Нийгмийн халдварт өвчин болтлоо “хөгжсөн” тэмбүү Монголын хойч үеийнхнийг ийнхүү онилжээ.

Тэмбүүг “доогуураа авдаг” гэдгийг ч ухаж ойлгохгүй насандаа байж цайвар трепонем бактерид “дөнгөлүүлчихсэн” хүүхэд олон байгаа нь харамсалтай. Эл өвчнийг эмчлүүлэхгүй удвал хөвгүүд алсдаа үр удмаа үлдээх боломжгүй болох эрсдэлтэй. Охидын хувьд ирээдүйд умайн гадуурх жирэмслэлт, ураг амьгүй төрөх, зулбах, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх, үргүй болох магадлал өндөр. ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникт “Тэмбүү гэж ямар өвчин юм бэ” гэсээр хүүхдээ хөтлөөд ирдэг эцэг, эх, асран хамгаалагч байдаг гэнэ. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ тэд уг өвчний талаар ямар ч ойлголтгүй байгаа нь тун тоогүй. Жишээ нь, манай хүүхэд цасан дээр удаан сууснаас, эсвэл тоосгон дээр бие зассан чинь ийм өвчин тусчихлаа гэж гайхсан эцэг, эх гарчээ. Ийм байж яаж үр хүүхдэдээ зөвлөж, тайлбарлаж, хамгаалах юм бэ. Томчуудын хараа хяналт, хайр халамжгүй ийм байдал хүүхэд “хормойн” өвчин тусах нэг шалтгаан гэхэд хилсдэхгүй болов уу. Өсвөр насанд аливаа зүйлийг туршдаг, оролддог, үүнийг ч, түүнийг ч хиймээр санагддаг. Өөрөөр хэлбэл, 10-19 нас бол бие, сэтгэл зүйн хувьд өсөж хөгждөг, өвөрмөц, чухал үе. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ улам дотносож, бэлгийн амьдралын талаар нас насанд нь тохирсон мэдээлэл, зөвлөгөө өгч байх нь эрсдэлээс хамгаалах энгийн арга.

Монголд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг ерөнхий боловсролын сургуульд системтэй, үр өгөөжтэй заахгүй байна. Оросын зарим мэргэжилтний үзэж буйгаар бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн тухай хичээлийг наймдугаар ангиас эхлэн заахын зэрэгцээ гэр бүл, нийгмийн орчинд мэдээллээр байнга “бөмбөгдөх” ёстой. Харин үүнийг эсэргүүцэж “Энэ нас бол ид шохоорхож, дурладаг, саваагүй үе учраас бэлгийн амьдралын талаар хичээл зааснаар эсрэгээрээ хүүхдүүдийг уруу татах “урхи” болох магадлал өндөр” гэх судлаач, эрдэмтэд байна. 13, 14 нас хүртэл нь энэ сэдвийг хаалттай байлгаснаар сайн үр дагавар гарахгүй гэдгийг тэд онцолжээ. Барууны эрдэмтэн, судлаачдынхаар бол энэ талын мэдээлэл, мэдлэгийг бага наснаас нь системтэй, цэгцтэй олгох ёстой. Өөрөөр хэлбэл, багачуудад бэлгийн бойжилтын тухай энгийн жишээгээр тайлбарлаж, нас нэмэх бүрт нь мэдээллийг “лавшруулан” олгох учиртай гэнэ. Манайд ч гэсэн өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө, тусламж хүсэж эмнэлэгт ханддаг болгоход төр, засгийн бодлого чухал байна. 

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг цэцэрлэгийн наснаас эхлэн олгох ёстойг эмч нар хэлэв. Эцэг, эхчүүд энэ насанд нь хүүхдийнхээ бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, өөрөө бие даан хийж хэвштэл нь сургах хэрэгтэй. Сургуульд орсных нь дараа дотуур хувцсаа хэрхэн зөв сонгож, хэрэглэх, эсрэг хүйстэндээ татагдах, шохоорхох болон биеийн өсөлт, хөгжил, нандин эрхтнээ хэрхэн арчлах талаар үргэлж харилцан ярилцаж, тусламж, үйлчилгээнд чиглүүлж, зөвлөж байх нь хүүхдээ бэлгийн амьдралд бэлтгэх хамгийн энгийн жишээ аж. Бэлгийн амьдрал, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, “хормойн” өвчний талаарх мэдлэг, мэдээлэлтэй хүүхэд өөрийгөө болон найз нөхдөө хэзээ ч эрсдэлд оруулдаггүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Эцэг, эхчүүд өөрсдөө мэдээлэлгүй, хүүхэдтэйгээ ойлголцоход хэцүү байгаа бол 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн кабинетад хандаарай. Харьяалал харгалзахгүй, бичиг баримт шаардахгүйгээр танд болон хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байна. Мөн нууцыг хадгална.

Өсвөр насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү хавтгайрахад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь архидалт, биеэ үнэлэлт гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ бол ядуурлаас үүдэлтэй жинхэнэ эмгэнэл. Өсвөр үеийнхний дунд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хяналтгүй болсон нь өвчин “үржих”, нууц үедээ орох бас нэгэн шалтгаан юм. Түүнчлэн баар, цэнгээний газрууд хэт олширч, тэнд өсвөр насныхан мансуурч, дэлгүүрт архийг чөлөөтэй худалдаж байна. Энэ бүхнээс болж бэлгийн харьцаанд тохиолдлоор орох нь түгээмэл. Мөн өсвөр насны охидын дунд биеэ үнэлэлт гаарлаа. Үйлчлүүлэгчид нь бэлгэвч хэрэглэхгүй гэсэн “шаардлага” тавьдаг гэнэ. Энэ нь өвчин тархах том шалтгаанд тооцогдоно. Эцэг, эхчүүд гэр бүлийн орчиндоо архи, тамхины хэрэглээг хязгаарлах, эрсдэлтэй зан үйл дэргэд нь хийхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Өсвөр үеийнхэн хэрэв бэлгийн харьцаанд орсон бол заавал эмчид хандаарай. Тэгснээр аливаа эрсдэлийг бууруулах, буруу замаар явж буйгаа ойлгох нэг гарц юм. Нөгөөтээгүүр, үр хүүхэд нь бэлгийн амьдралд орсон талаарх мэдээллийг эмч нар тухайн эцэг, эхэд зайлшгүй мэдээлдэг байх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага тулгарчээ. Эс бөгөөс өдгөөгийн журмаар зарим тохиолдолд буюу хүчирхийлэлд өртсөн болон бэлгийн замын өвчин нь хүндэрсэн үед л мэдээлэх үүргийг эмч нар хүлээжээ. Гэтэл эцэг, эхийнхээ хяналтаас гадуур хүүхдүүд “том хүн” болж шаналж, зовж, сэтгэлийн дарамтад орж байна. ОХУ-д энэ оноос мөрдөж эхэлсэн нэгэн хуулиар хүүхэд нь бэлгийн замын өвчин туссан, жирэмсэн болсон тохиолдолд эмч зайлшгүй мэдээлэх үүрэг хүлээжээ. Өмнө нь эмч нууц хадгалах үүрэгтэй гэсэн шалтгаанаар эцэг, эхэд энэ талаар мэдээлдэггүй байснаас өсвөр насныхны жирэмслэлт, бэлгийн замын өвчин эрс нэмэгдэж, зарим тохиолдолд хүүхэд амиа егүүтгэх эрсдэл гарч байжээ. Тэгэхээр эмч сэрэмжлүүлэхээс гадна “ховлодог” байх нь аль ч талаасаа зөв болохыг эл жишээ харуулах буй за.

Манай улсад бэлгийн замын халдвар авагсдын 13 хувь нь 15-19 насныхан байгаа нь өндөр үзүүлэлт. Нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан өсвөр насныхны бэлгийн замын халдварт өвчний эмчилгээг үнэ төлбөргүй болгох нь зүйтэй гэж эмч нар ярьж байлаа. Жирэмслэлт болон “хормойн” өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах нь үр дүнтэй гэдгийг ч тэд хэлэв. Эцэст нь, залуус хосын харилцаандаа үнэнч, ёс журамтай, хариуцлагатай байхыг тэд зөвлөлөө. Ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтнууд, эцэг, эхчүүд, эрүүл мэндийн байгууллага, төр, засаг гээд бүгд зангидсан гар шиг ажиллаж, халдварын тархалтыг зогсоохгүй бол улс мөхөхөд ч хүрч мэдэх нь.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, О.Бат-Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)