“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

“Хамгийн олон хамаатантай хүн хөдөөгийн сонгуульд ялдаг” гэдэг нь оргүй үг биш. Ямар сайн даа л намууд орон нутгийн сонгуулиар, тэр тусмаа сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх хүний эрэлд хатах билээ. Энэ удаа ч адил, аймгийн төвд амьдардаг найзад маань сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвших саналыг нэг бус намаас тавьсан байх жишээтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг сүүлд шинэчлэн батлахдаа нэг хүн хоёр шатны сонгуульд зэрэг нэр дэвшиж болохоор хуульчилсны үндсэн шалтгаан нь ч энэ гэж хэлж болно.

...УИХ-ын гишүүнийг сайдаар томилж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт, тэнцвэр алдагдаж байгааг засаж, “давхар дээл”-ийг нь тайлж, нимгэлэх нь өнгөрсөн хавраас мөрдөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдсан гол асуудлуудын нэг байсан ч өдгөө ийм нэршил олтлоо шүүмжлэл дагуулсан эл зовлон угтаа дан ганц дээд шатанд байсан юм биш. Гэтэл Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн л “давхар дээл”-тэй байж болох хязгаарлалт үйлчилж эхлэв үү, үгүй юү орон нутгийн албан тушаалтнууд давхар давхар даргаар ажиллаж эхлэх нь...

Сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа хүн харьяа аймаг, дүүрэгт өрсөлдөж буй бол нийслэлийн ИТХ-д нэгэн зэрэг хүч үзэж болно гэсэн үг. Хоёр шатны сонгуульд давхар нэр дэвшигч аль аль тойрогтоо ялалт байгуулсан тохиолдолд хоёр ИТХ-д төлөөлөгчөөр ажиллах юм. Шуудхан хэлбэл, нэр дэвших хүн олддоггүй учраас хоёр “туулай” хөөх боломж олгож буй хэрэг. Гэвч энэ нь бодит байдал, амьдралаас урган гарсан нөхцөл, шаардлагад нийцүүлсэн гэхээс илүүтэй буулт хийсэн, асуудлыг амар хялбар шийдсэн ажил болсон гэлтэй. Сонгуулийн дараа үүсэх үр дагаврыг тооцсон, эсэх нь эргэлзээтэй.

Нийслэл, аймаг, сум, дүүргийн бүх ИТХ-д нийт хэдэн хүн нэр дэвшиж байгааг хараахан эцэслээгүй учраас хэд нь ИТХ-д хүч үзэж буйг хэлэх боломж алга. Гэхдээ ийнхүү хоёр “туулай” хөөж буй хүн цөөнгүй байж болзошгүйг эх сурвалж өгүүлсэн. Монгол Улсын нийслэл болон 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумд нийт 8089 төлөөлөгчийн мандат ИТХ-д бий. Нэг аймагт багадаа гурван нам оролцоно гэж тооцвол 20 гаруй мянган нэр дэвшигч өрсөлдөхөөр байна. Тэдний хэд нь хоёр тойрогт өрсөлдөж, хэчнээн нь “давхар дээл” өмсөх бол.

УИХ-ын гишүүнийг сайдаар томилж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт, тэнцвэр алдагдаж байгааг засаж, “давхар дээл”-ийг нь тайлж, нимгэлэх нь өнгөрсөн хавраас мөрдөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдсан гол асуудлуудын нэг байсан ч өдгөө ийм нэршил олтлоо шүүмжлэл дагуулсан эл зовлон угтаа дан ганц дээд шатанд байсан юм биш. Гэтэл Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн л “давхар дээл”-тэй байж болох хязгаарлалт үйлчилж эхлэв үү, үгүй юү орон нутгийн албан тушаалтнууд давхар давхар даргаар ажиллаж эхлэх нь. “Давхар давхар” хэмээн сүржигнэлээ гэж бодож байгаа бол нийслэл төдийгүй аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн багагүй хувийг тухайн шатны Засаг даргаас шууд хамааралтай буюу түүний орлогч, доод шатны нэгжийн Засаг дарга, төрийн үйлчилгээний албан хаагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар бүрдүүлэх болсоор удаж байгааг хэлье. Тэгээд ч сонгуулиар гялалзсан амжилт гаргаж, хоёр ч ИТХ-ын төлөөлөгч болсон нэгнийг Засаг даргаас шууд хамааралтай энэ мэт албан тушаалд томилж, “давхар дээл”-ийг нь дахин давхарлахгүй гэх баталгаа алга.

Уг нь Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн заасан. Мөн “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн заалт бий. Энгийнээр хэлбэл, ИТХ, Засаг дарга хамтран, харилцан хяналттайгаар нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Гэтэл хамтран атгах учиртай нутгийн удирдлагад Засаг даргын оролцоо өндөр, давуу байдалтай, нутгийн удирдлагыг хэрэгжүүлж буй Хурлууд нь бие дааж, хараат бусаар ажиллаж чадахгүй явж ирсэн нь энэ. Орон нутаг дахь улстөржилт, намчирхал хэтийдсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бус “намуудын төлөөлөгчдийн хурал” болчихоод байна гэлтэй.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл, Монгол дахь “Конрад-Аденауэр” сан хамтран өнгөрсөн онд хийсэн, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт гурав дахь удаагийн бодлогын судалгааны тайлан, зөвлөмжид дурдсан 11 ИТХ-ын төлөөлөгчдийн 43.2 хувийг тухайн орон нутгийн Засаг даргаас шууд хамааралтай дарга нар бүрдүүлж байгааг онцолсон байна. ИТХ-ын төлөөлөгчөөр гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс сонгогддог, эсвэл сонгогдсоныхоо дараа дээрх албан тушаалд очдогоос нутгийн удирдлагын болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт давхцаж, хяналт алдагдаж буй шалтгаан энэ. Улмаар ИТХ-ууд Засаг даргын боловсруулж, танилцуулсан асуудлыг хэлэлцэхэд олонх хугацаагаа зарцуулж, идэвхгүй ажилладаг нь илт аж. Судалгаанд дурдсанаар ИТХ-уудын хэлэлцсэн асуудлуудын 65.6 хувийг Засаг дарга боловсруулсан байх жишээтэй. Гэтэл иргэний өмнөөс сонгогдсон төлөөлөгч өөрөө асуудал боловсруулан шийдвэрлүүлсэн тохиолдол ердөө 0.07 хувийг эзэлж байна.

2008 он хүртэл ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нэр дэвших эрхтэй байв. Гэтэл Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулж, “Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны төрийн жинхэнэ албан хаагч-төлөөлөгчийн тоо ИТХ-ын нийт төлөөлөгчийн гуравны нэгээс хэтрэхээгүй байна” гэх заалтыг хүчингүй болгосон юм. Ийнхүү төрийн албан хаагч улс төрийн намын харьяалалд байх, төрийн захиргааны албан хаагч ИТХ-ын төлөөлөгчөөр давхар сонгогдон ажиллахыг хориглосноор 2008 оны орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд сонгогдсон нийт 7668 төлөөлөгчийн 70 шахам хувь нь “шинэков” бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, төрийн бус байгууллагын төлөөлөл голдуу байсан гэдэг. Гэвч удалгүй 2012 онд хуулиа өөрчлөн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй болох нь тэр. Мөн нам, эвсэл намын гишүүн бус иргэнийг бичгээр гаргасан зөвшөөрлийнх нь үндсэн дээр нэр дэвшүүлж болохоор хуульчилснаар төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших эрхтэй болсон юм. Ингээд зогсохгүй 2017 оны сүүлчээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулан, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” хэмээн хуульчилснаар 2008 он руу буцаж, “ухарсан” гэхэд болно. Өөрөөр хэлбэл, үүгээр ИТХ-д Засаг даргын харьяа албан тушаалтнууд сонгогдох боломж бий болгосон юм. Энэ нэмэлтийг хийхдээ хууль тогтоогчид бас л “Төлөөлөгчид төрийн захиргааны албан тушаалд ажиллахгүй болохоор өөр томилох хүн олдохгүй нь. Орон нутагт боловсон хүчин дутагдалтай байна. Хамаг боловсролтой, туршлагатай хүмүүс нь ИТХ-д сонгогдчихдог. Тэдний мэдлэг, чадвар, туршлагыг ашигламаар байна” хэмээн уйлж, дуулах шахам аашилсаар баталсан юм даг. Энэ бол манай шийдвэр гаргачдын аргацаасан, гал унтраасан арга хэмжээнүүдийнх нь нэг төдий.

Эцэст нь асууя. “Тэлээлж” сонгогдсон төлөөлөгч Засаг даргад зүтгэвэл яах вэ. Үр дагаврыг нь тооцсон юм уу. Хэдийн үүссэн гажуудал нь газар авах юм биш үү, шууд хориглочих.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)