ТЭЗҮ-ээр мөнгө “цохих” төслүүдийн нэг нь “Туул усан цогцолбор” уу.

Төсөлд тусгаснаар Туулгол дээгүүр барих, ус хаах I хөндлүүр энд, Гачуурт, Налайхын эхийн уулзвар хэсэгт байх юм.

...Тухайн үед хамаарах байгууллагыг удирдаж, өөрөөр хэлбэл төслийг “хар толгой”-гоороо хариуцаж байсан дарга нар өдгөө өөр ажилд шилжсэн байна. Оронд нь томилогдсон албан тушаалтнууд “Яам л мэдэж байгаа” гэж сууна. Барилга, хот байгуулалтын яамныхнаас асууя, “Туул усан цогцолбор” төсөл хаачсан бэ, хаачихсан уу, ТЭЗҮ хэмээх 44 хуудас цааснаас өөр юм байна уу. Түүнийг боловсруулахад зарцуулсан их хэмжээний хөрөнгө салхинд хийссэн үү. Хэрвээ тийм бол энэ нь байх л ёстой жирийн үзэгдэл үү. Сүүлийн үед ТЭЗҮ-гээр мөнгө “цохидог” загвар газар авсан гэнэ билээ. “Туул усан цогцолбор” үүний нэг жишээ болов уу....

Сүр дуулиантай эхлүүлсэн ч, сураг нь тасарсан “Туул усан цогцолбор” төслийн хувь заяа хаашаа эргэв. Горхи-Тэрэлжийн сав газраас иргэн редакцад хандаж “Усан сан барина гээд байгаа газарт иргэдэд газар олгоод байх шиг. Эсвэл түүнийгээ больсон юм уу. Мэдвэл зохих хүмүүст нь хэвлэлээр дамжуулж дуулгах санаатай” гэсэн юм. Мэдээллийн мөрөөр, өнгөрсөн баасан гарагт тухайн газрыг зорьсон ч, бороо шивэрч байсан тул Туул голын эх өөд жижиг тэрэгтэй явж барахгүй хэмээгээд газрын бартаа багатайгаар нь Гачууртад очлоо.

“Туул усан цогцолбор” төслөөр бол, нийслэлээс хамгийн ойр барих, Туул гол дээгүүрх нэгдүгээр хөндлүүр нь хотоос 20 км-т буюу Гачуурт, Налайхын эхийн уулзвар, Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр, Могойт дэнж орчимд байх аж.

Гачуурт өгсөж, Туул голын эргээр явсаар машин зам дуустал, “тосгон”-ы хамгийн дээд талын айлын хашаа өнгөрөхөд тэр жил сэтгүүлчдэд үзүүлж байсан нэгдүгээр хөндлүүр байх тохойд дөхсөн юм. Тэр хавьд машин техник алга, айлуудын зуслангийн байшин эл хуль, хэдэн үхэр л газар мөлжиж явна. Голын бургас салхинд найгаж, хос ангир ганганан, төрөөд удаагүй эрүү цагаан тарваганы нүхэн дээр эргүүтэхээс өөр хөдлөх юмгүй энэ орчинд нийслэлийн хүн амыг хосолмол системээр усаар хангах “Туул усан цогцолбор”-ыг барьж эхлэх өдөр хэзээ юм бол.

Сурвалжлах багийнхан хотоос гарахын өмнө Ус сувгийн удирдах газраар орлоо. Удирдлагатай нь уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл авах гэхэд ерөнхий инженер нь “Төслийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл аваарай. Уг төслийн хөрөнгө оруулалтыг шийдэх шатандаа яваа гэж ойлгож байгаа. Бидэнд мэдэх юм байхгүй” гэв. Харин тэрбээр бидэнд бороотой өдөр хол явбал зүдэрнэ, Туул гол дээгүүр барихаар төсөлд тусгасан хоёр, гуравдугаар хөндлүүр байх газар очно гэвэл их хол шүү. Хоёр дахь нь л гэхэд Тэрэлжид “UB2” амралтын газраас дээш нэлээд зайтай гэдгийг сануулж тусалсан юм.

Улаанбаатар хотын хүн амын усны хэрэглээг газрын доорх болон гадаргын усны эх үүсвэрээс хослуулан хангах зорилготой гэх тэрхүү усан сангийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын “Yooshin”, Монголын “Престиж” компани боловсруулсан юм билээ. Төслийн тайлан ёсоор Туул гол дээр усан сан, ус дамжуулах шугам хоолой болон ус цэвэршүүлэх байгууламж барьж, голын урсцыг тохируулснаар гадаргын болон газрын доорх усыг хослуулна. Ингэснээр Улаанбаатар хотын ундны болон үйлдвэрийн усны хангамжийг шийдвэрлэх бөгөөд уг цогцолборыг барихад 6.8 тэрбум төгрөг шаардлагатай аж. Тухайн үед буюу төсөл эхлүүлсэн 2015 оны байдлаар төсөл УСУГ-т хамаарч байсан бол өдгөө Барилга, хот байгуулалтын яамны мэдлийн асуудал болоод буй ажээ. Энэ сэдвээр бичих болсноос хойш мэдээлэл цуглуулж, судалгаа хийх явцад олдсон “Энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх даа. БНСУ-аас ирсэн шинжээчид үр ашиггүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад буцсан сураг байна лээ” гэсэн “хов” анхаарал татлаа. Юутай ч, газар дээр нь очиж байдалтай танилцахаар замд гарсан минь энэ.

Дээр хэлсэнчлэн, Улаанбаатар хотын хүн амын усны хэрэглээг хосолмол шийдлээр хангах, хот төлөвлөлтийн бодлогын хүрээнд байгуулах дагуул хотууд болон шинэ бүтээн байгуулалтуудын ус хангамжийг шийдвэрлэх зорилгоор байгуулах “Туул усан цогцолбор”-ын сураг алдарчээ. Ус сувгийн удирдах газрынхан гарт минь байсан “Техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах “Туул усан цогцолбор” төсөл, хоёр дахь хэлэлцүүлэг” гэсэн 44 нүүр материалыг хараад “Үүнийг та хаанаас олоо вэ, бидэнд байхгүй” гээд гайхаад байв. Тус газрын удирдлагууд лав энэ төслийг мартжээ. Барилга, хот байгуулалтын яамны ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд бас мартсан юм биш биз дээ гэсэн бодол зурсхийн орж ирэв. БНСУ-аас ирсэн шинжээчид үр ашиггүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад буцсан тухай “хов” зөөсөн хүн нэгийг мэдэж байгаа юм биш биз.

Гачууртад явахдаа, “тосгон”-ы цаад захын дэлгүүр болон зөрж өнгөрөх хүмүүсээс төслийн талаар ямар мэдээлэлтэй байгааг асуухад бүгд мөрөө хавчиж, мэдэхгүй, дуулаагүй гэж байлаа. Бага хоондойн амны төгсгөл дэх хүнсний дэлгүүртийн худалдагч “Манай энэ хавьд гүний усны олон, хамгаалалтай худаг байдаг. Улаанбаатар хот усны хомсдолд орох гэж байна гэж сонсоогүй. Хэрвээ тийм аюул нүүрлээд байгаа бол улс даяар шуугих байлгүй дээ” гэж санаа бодлоо хуваалцсан юм. Тэндхийн оршин суугчид бололтой хөнгөн тэрэгтэй хүмүүсийг түр зогсоож төслийн талаар сонссон, дуулсан зүйл байгаа, эсэхийг асуухад “Туул голын усыг боож сан байгуулна гэж байх уу. Боогоогүй байхад тасалдаад байдаг голыг оролдож яах нь вэ. Байдгаа барах гэгч болохгүй юу” гэсэн юм. Эгэл ард чин сэтгэлээсээ үнэнийг хэлэх шиг санагдав.

Томоохон төслийн ТЭЗҮ хийхэд их хэмжээний мөнгө шаарддагийг бүгд мэднэ. “Туул усан цогцолбор” төслийг хиймлээр санаачлан, зальдаж, зүтгүүлэн ТЭЗҮ боловсруулах мөнгө босгож, хувааж хүртсэн юм биш байгаа гэсэн хардлага төрөв. Төслийн гүйцэтгэгчээр сонгосон “Yooshin” компани 1966 оноос үйл ажиллагаа явуулж буй, БНСУ-даа усан цогцолбор олныг байгуулсан туршлагатай байгууллага юм билээ. Тэднийх “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ боловсруулах хүрээнд “Байр зүй ба газар ашиглалт”, “Геологи болон хөрс”, “Газрын доорх усны байгууламжууд, бохирдлын эх үүсвэрүүд”, “Хайгуулын судалгаа, гидрологийн шинжилгээ”, “Ус хэрэглээ ба ус хангамжийн төлөвлөлт” зэрэг хэд хэдэн ангиллаар нарийвчилсан судалгаа хийж, дүгнэлт гаргасан аж. Магадгүй тэдний инженерүүд төсөл үр ашиггүй, хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд хохиролтой гэж дүгнэснийг нь албаны хүмүүс нуусан юм болов уу. Тухайн үед хамаарах байгууллагыг удирдаж, өөрөөр хэлбэл төслийг “хар толгой”-гоороо хариуцаж байсан дарга нар өдгөө өөр ажилд шилжсэн байна. Оронд нь томилогдсон албан тушаалтнууд “Яам л мэдэж байгаа” гэж сууна.

Барилга, хот байгуулалтын яамныхнаас асууя, “Туул усан цогцолбор” төсөл хаачсан бэ, хаачихсан уу, ТЭЗҮ хэмээх 44 хуудас цааснаас өөр юм байна уу. Түүнийг боловсруулахад зарцуулсан их хэмжээний хөрөнгө салхинд явсан уу. Хэрвээ тийм бол энэ нь байх л ёстой жирийн үзэгдэл үү. Сүүлийн үед ТЭЗҮ-ээр мөнгө “цохидог” загвар газар авсан гэнэ билээ. “Туул усан цогцолбор” үүний нэг жишээ болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)