ТЭЖЭЭВЭР НЬ ИЛҮҮ АЮУЛТАЙ

“Улаанбаатар хот нэг сая гаруй хүн, 700 мянга орчим нохойтой” гэсэн хачирхалтай статистик өнгөрсөн онд гарчээ. Гэхдээ энэ яг нарийвчилсан тоо биш. Нохдын 200 мянга орчим нь тэжээвэр, үлдсэн нь золбин аж. Эзэнтэй, эзэнгүй нохдоо хотын захиргаа цэгцэлж чадахгүй байгаагаас гудамж, талбайд тэд сүрэглэн явах боллоо. Үүнийг дагаад иргэд ч айдастай амьдарч байна. Учир нь сүүлийн үед нохой хүн урсан тохиолдол олширч буй.

Өнгөрсөн оны аравдугаар сард хоолны газраар үйлчлүүлэх гэсэн эмэгтэй уг цайны газрын хашааг манадаг нохойнд хөлөө тасдуулах дөхсөн. ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар өнгөрсөн оны сүүлчээр өдөрт 4-7 хүн нохойд хазуулж, эмчилгээ хийлгэхээр тус төвд очдог байжээ. Гэтэл өнгөрсөн сард тэжээвэр нохой хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарлаа. Дөрвөн настай хүүхдийг Дундад Ази үүлдрийн нохой бариад идчихсэн гэхэд хилсдэхгүй. Цагдаагийн байгууллага тус нохойн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Манай улсад тэжээвэр нохой нь хүн хазсан бол эзэнд нь “Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу хариуцлага ногдуулдаг. Хүн хазсан нохойн эздэд уг заалтын дагуу ял оноосон зарим жишээг дурдвал, 2013 оны долдугаар сард нийслэлийн Налайх дүүргийн иргэн Г.Г-д гурван сар баривчлах ял, 2014 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Э-д 960 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Харин тухайн нохойд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авах боломжгүй. Устгах уу, хамгаалалтад байлгах уу гэдгийг шүүх шийддэг аж.

“Золбин нохой хүн хазаж байна гэдэг нь өрөөсгөл. Хохирогч ихэвчлэн тэжээвэр нохойд хазуулсан байдаг тул эзэнтэй нь тохиролцож, чимээгүй өнгөрөх нь элбэг. Харин саяхан нэг хүү нохойд бариулж амиа алдсан нь олон нийтэд хүчтэй нөлөөллөө” гэж ГССҮТ-ийн албаны хүмүүс хэлж байна. Тэжээвэр нохой хүн барьдаг болсон нь иргэд дур мэдэн зодооны нохой үржүүлж, худалддаг болсонтой холбоотой аж.

Хэрэв та хүсвэл фэйсбүүкийн “Монголын нохой сонирхогчдын групп”, “Монголын тулаанч нохой сонирхогчид” зэрэг хуудаснаас нохой худалдан авч болно. Тэнд дэлхийн олон хотод тэжээхийг хориглосон үүлдрийн нохдыг ч худалдаж буй. Тухайлбал, олон улсын зарим хот орчиндоо аюул учруулж болох Дундад Ази, битбул, ротвейлэр, булдог зэрэг үүлдрийн нохой тэжээхийг хоригложээ. Харин зарим хотод тэднийг тусгай хяналт дор тэжээх зөвшөөрөл олгодог байна. Учир нь дээрх үүлдрийн ноход өвдөлт мэдэрдэггүй, ширүүн араншинтай аж.

Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн Дундад Ази үүлдрийн нохой зодооноор мэргэшсэн учир хүүг зуучихаад тавихгүй байсан байх хэмээн нохой сонирхогчид тайлбарлаж буй. Энэ бүгдээс дүгнэхэд нохой тэжээх талаар төр, орон нутгийн хууль, журам зохицуулалт муу байгаагаас хэн дуртай нь мөнгө олох зорилгоор зодоонч, харгис нохой тэжээж, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна гээд хэлчихэд хилсдэхгүй.

Учир нь манай улсад тэжээвэр нохойн нэгдсэн бүртгэл, нохойн эзний эрх, үүрэг тодорхой бус байна. Орон сууцанд амьдардаг нохдыг тухайн СӨХ л дотоод журмаараа зохицуулдаг болохоос гэр хорооллын нохдод ямар ч хяналт байдаггүй. Тулаанч нохдод ч хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газар алга.

НОХОЙ ЗОДОЛДУУЛЖ, МӨНГӨ ОЛОХЫГ ЗОГСООХ ЁСТОЙ

Монголын хүнд жингийн нохдын тулааны 2016 оны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болжээ. Нохой сургагч хүн бүр тус тэмцээнд оролцох боломжтой бөгөөд ялсан нохойг тухайн жилийн аваргаар тодруулна. Энэ нь эргээд нохойны эзний бизнест ашигтай. Өөрөөр хэлбэл, ялагчийн эзэн тулаанч нохдынхоо гөлгийг 300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр үнэлж худалддаг аж. Харин нохой тэжээхэд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй учир хүссэн хүн бүр түүнийг худалдан авч, гэр, хашаандаа тэжээнэ.

Энэ талаар нохой сонирхогч Ц.Түвшингээс лавлахад “Би “Хаски” үүлдрийн нохой үржүүлж, худалддаг. Нохойг энгийн, гоёлын, албаны, тулаанч гэх зэргээр ангилдаг. Хаски бол энгийн нохой. Харин Дундад Ази, Кавказ, добермэн зэрэг үүлдрийн нохойг тусгайлан үржүүлж, зардаг хүмүүст хяналт тавих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нохойны бизнес нэлээд ашигтай болсон. Тиймээс томоохон зах, олон нийтийн сүлжээгээр ямар ч хяналтгүй худалдаж байна.

Хүмүүс эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлэх зорилгоор догшин нохойг ямар ч судалгаагүйгээр тэжээж байгаа. Тиймээс иймэрхүү тулаанч, орчиндоо аюул учруулж болох нохдыг бүртгэж, эздэд нь анхаарал болгоомжтой байхыг сануулах нь чухал. Мөн нохой зодолдуулах тэмцээнийг ч тусгай хяналт дор явуулах ёстой. Дөрвөн настай хүүг нохой барьсан явдал бол 100 хувь эзнийх нь буруу. Зодолдуулдаг, догшин авиртай нохойгоо хошуувч, хүзүүвчгүй байлгана гэдэг маш буруу” гэв.

Ингээд “Нохой худалдана” гэсэн зарын дагуу 993140хх дугаарын эзэнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.

-Дундад Ази үүлдрийн гөлөг зарна гэсэн үү?

-Тийм.

-Хэдэн сартай вэ?

-Сар гаруйтай. Өөрөө тэжээх гэж байсан юм. Боломжгүй болчихоод хямд зарж байна. 180 мянган төгрөгөөр ав.

-Шууд худалдаж аваад тэжээхэд зүгээр үү?

-Зүгээр ээ. Их өсгөлүүн нохой. Сүүлийн үед хүмүүс ийм нохой худалдаж авах нь ихэссэн. Мал эмнэлгийн газраар вакциныг нь хийлгэчихсэн.

-Орон сууцанд тэжээхэд хэр тохиромжтой бол. Би нялх хүүхэдтэй, хазчихгүй биз. Энэ үүлдрийн нохойг зарим хүн догшин авиртай гэх юм?

-Хаана ч тэжээж болно шүү дээ. Анхнаасаа хүүхэдтэй хамт байсан нохой хүн хазна гэж байхгүй ээ. Эзэн нь яаж сургахаас л бүх зүйл хамаарна. Анхнаас нь зодож, зодолдуулбал төрөлхийн авир нь сэргээд ирнэ гэв.

Дээрх жишээнээс нохойны худалдаа ямар ч хяналтгүй байгааг харж болно. Орон сууцанд амьдардаг ноход айлын нохой барьсан хэрэг саяхан гарчээ. Энэ талаар хохирогч Э “Миний нохой спанел үүлдрийнх. Ямар нэгэн хурц авиргүй. Хэдхэн хоногийн өмнө хажуугийн орцны булдогт бариулчихлаа. Нохойгоо гадаа орхиод дэлгүүр орчихоод ирэх хооронд л барьчихсан байсан. Эзэн нь тэр булдогийг тэжээгээд удаж буй. Тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүд ч тэр нохойд хүрч л байдаг. Гэтэл миний нохойг барьчихлаа. Нохой биш, хүүхэд барьсан бол яана гэж бодохоос аймшигтай.

Эзэн нь ойрд нохойгоо гаргаагүй. Нохойны минь эмчилгээний зардлыг өгч буй ч тийм аюултай нохойг тэжээлгэхгүй байх нь зөв юм шиг байна” гэлээ. Үүнээс гадна нохойг гангараа болгодог хүмүүс олширчээ. Тэд өмчөө хамгаалуулах гэж бус, зүгээр л гангарах, бусдад гайхуулах гэж зодоонч нохой тэжээдэг. Нохой тэжээхэд мөнгө хэрэгтэй, тиймээс бусдад баян хүн болж харагдахын тулд үнэтэй, зодоонч нохой авч байна. Ялангуяа 30 хүртэлх насны эмэгтэйчүүд гангарах зорилготой худалдан авагч байдаг гэнэ.

ЗОЛБИН НОХДЫГ УСТГАХААС ӨӨР АРГААР ТООГ НЬ ЦӨӨЛЖ БОЛНО

Дөрвөн настай хүүг нохой урж, аминд нь хүрсний дараа нийслэл, дүүргийн удирдлагууд хуралдаж, золбин нохой устгах зардлыг 12 мянган төгрөг болгон нэмжээ. Золбин ноход иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй учир устгах нь зүйтэй хэмээн үзсэн. “Өнөөдөр” сонин өмнө нь энэ сэдвийг хөндөж байсан. Тэр үеэр дүүргийн удирдлагууд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн мэргэжилтэн “Золбин нохой устгахад төсөвлөсөн зардал хаанаа ч хүрдэггүй. Нэг нохой устгасан анчин 1000 төгрөгийн хөлс авдаг” гэж байв.

Мөн гадаад орнуудын хийдэг спэй (сав авах мэс ажилбар) хэтэрхий өндөр өртөгтэй учир манай улсад хэрэглэх боломжгүй гэж байв. Тэгвэл уг нийтлэлийн дараа манай сонины редакцад золбин нохойноосоо салсан улсуудын туршлагыг судалсан хүн хандсан юм. Тэрбээр “Дэлхий нийтээр амьтныг тарчлаан хөнөөхөөс татгалзаж буй. Золбин нохойг буудаж устгахаас өөр аргаар тоог нь цөөлж болно. Гэвч манай улсад нохой устгах ажил хариуцаж буй хүмүүс ямар нэгэн судалгаа хийгээгүй. Гадаадад нохойны савыг авч, үржлийг зогсоодог.

Бид ч энэ жишгээр явж болно. Дүүрэг бүрт лаборатори байгуулан, хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн анги төгссөн мэргэжилтнүүдээр мэс ажилбар хийлгэх боломжтой. Эхний ээлжинд лаборатори байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарна. Цаашдаа энэ ажилбарыг 30 орчим мянган төгрөгөөр хийх боломжтой” хэмээн ярилаа.

Нохой, муур устгах ажлыг тогтмол зохион байгуулдаг ч олон зулзага гаргадаг эдгээр амьтан хэдхэн сарын дараа эргээд олширдог. Өнгөрсөн онд нохой устгахад 890 сая төгрөг төсөвлөсөн бол энэ онд мөн тийм хэмжээний мөнгө зарцуулахаар болжээ. Гэвч энэ мөнгөөр нохой бууддаг, тэр нь үр дүнд хүрэхгүй байгааг дээр хэлсэн. Тиймээс сайн дураараа нэгдэн, бэртэж гэмтсэн золбин нохдыг эмчилж, спэй хийлгэдэг хүмүүс монголд бий болжээ. Энэ талаарх мэдээллийг фэйсбүүк дэх “Азтай савар” хуудаснаас үзэх боломжтой.

Уг аянд нэгдсэн хүмүүс өөрсдийн боломжоор нохойнд спэй хийлгэдэг ч устгал хариуцсан буутай хүмүүс түүнийг нь алчихдаг гэнэ. Энэ нь нэг талаас савгүй нохойг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, нөгөө талаас гудамжинд сул яваа бүх нохойг устгах дүрэмтэй холбоотой. Нийслэлээс дүүрэг болон хариуцсан аж ахуйн нэгжид нохой устгах зардлыг шилжүүлдэг ч тэр хөрөнгөөр чухам ямар ажил зохион байгуулсан нь тодорхой бус байгаа юм. Дүүргүүдийн шилэн дансны мэдээллээс энэ ажлын талаар мэдээлэл авах гэсэн боловч өнгөрсөн жил хийсэн устгалын ажлаа гурван дүүрэг л тодорхой бичсэн байлаа.

Зардал нь нийлээд 280 сая төгрөг болсон байв. Улаанбаатар хотод 600 орчим мянган золбин нохой бий, үүний тал нь жингэр гэж тооцъё. Дүүрэг бүрт 30 орчим сая төгрөгөөр жижиг лаборатори байгуулахад 270 сая төгрөг болно. Улмаар нэг нохойд 30 мянган төгрөгөөр мэс ажилбар хийнэ гэж тооцвол гурван жилийн хугацаанд золбин нохойн тоог эрс цөөлөх боломжтой гэсэн үг. Гэвч уг ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, судалгаа хийхэд төрийн дэмжлэг дутуу байна.

Нохой, муурыг буудаж устгах нь тийм оновчтой арга биш, сөрөг тал олон бий. Тэр нь ч илэрсээр байна. Галт зэвсэг ашиглаж сураагүй хүнд буу бариулснаар иргэдийн эд хөрөнгөд хохирол учирч буй. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт нохой устгаж явсан хүмүүс айлын цонх руу буудсан хэрэг гарсан. Тэд буу эзэмших эрхийн бичиггүй атлаа нохой буудаж явсан байдаг.

Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Гадаад хэргийн яамны хашаанд “Улаанбаатар” нэгтгэлийн гэрээт анчин 27 настай Б нохой буудаж байгаад буу алдан “Toyota рrius-20” автомашиныг оножээ. Дээрх анчин мөн л галт зэвсэг ашиглах эрхгүй байсан юм.

Иргэдийн амь насанд заналхийлж буй нохдыг анхааралдаа авч, золбин нохойг буу эзэмших эрхгүй хүмүүсээр устгуулах аргаасаа татгалзах нь зүйтэйг олон хүн хэлж байна. “Тэжээвэр ноход л хүн хазаж буй болохоос эзэнгүй ноход хүнээс айдаг юм” гэж хэлэх хүн ч таарав. Тиймээс нохойд хазуулсан хүмүүсээр түрий барин, нийтийг хамарсан аллага үйлдэх нь зохимжгүй явдал мэт. Түүний оронд тулаанч нохой үржүүлэн, худалддаг хүмүүст хяналт тавих, ямар нохойг хотод тэжээж болох, ямрыг нь болохгүйг ялган тогтоож өгөх шаардлагатай байна.

Г.ЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)