Тэд зардлаа бууруултал бид шимтгэл төлөх нь

Иргэн Б банк бус санхүүгийн байгууллагаас автомашинаа барьцаалж зургаан сая төгрөгийн зээл авчээ. Сарын 2.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай уг зээлийн эргэн төлөлтийг тэнцүү төлбөрөөр хийхээр тусгасан байв. Энэ нь үндсэн зээл дээрээ хүүгийн төлбөрөө нэмэн, 12 сард хуваасан дүнг сар бүр төлнө гэсэн үг. Эхний таван сард хүүгээ, үлдсэн хугацаанд нь үндсэн зээлээ төлөхөөр гэрээнд тусгажээ. Энэ аргыг ихэвчлэн ипотекийн зээл төлүүлэхэд ашигладаг бөгөөд урт хугацаатай, их хэмжээний зээл төлж буй тохиолдолд эхний жилүүдэд найдваргүй зээлдэгч болох магадлал өндөр байдгаас шалтгаалдаг аж. 

Тиймээс зээлийн хүү буюу зардлыг түрүүлж авдаг юм байна. Гэхдээ эл аргыг хэрэглээний зээлд ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг ба богино хугацаатай зээл авсан ч үндсэн төлбөрөөсөө сар бүр хасуулах нөхцөлтэйгөөр гэрээгээ байгуулах учиртай гэнэ. Гэхдээ зээлийн гэрээг нарийвчлан судалдаг иргэн, тус гэрээг нэгбүрчлэн тайлбарлан ойлгуулдаг аж ахуйн нэгж цөөн байдгаас зээлдүүлэгч болон зээлдэгчийн хооронд маргаан үүсдэг. Тодруулбал, иргэн Б-гийн авсан зээлийн хүүг нийт зээлээс нь тооцсон бөгөөд төлөх явцад үндсэн зээлийн хэмжээнээс хасагдах нөхцөлгүйгээр гэрээ байгуулсан байна. Мөн зээлээ хугацаат өдөр нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заажээ. Түүнчлэн зээл төлөх өдөр нь бүх нийтийн амралтын, эсвэл баяр ёслолын өдөр таарвал өмнөх ажлын өдрийнх нь 12.00 цагаас өмнө төлнө, үгүй бол алданги тооцно гэсэн байна. Алдангийг хоногоор тооцдог бөгөөд үндсэн зээлийн 0.3 хувьтай тэнцэх мөнгийг хугацаа алдсан өдөр бүрээр үржүүлждэг. 

Ингэснээр зургаан сая төгрөгийн алданги болох 18 000 төгрөгийг зээлээ төлөөгүй, хожигдуулсан хоног тутамдаа төлөхөөр болсон аж. Энэ нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс хасагдахгүй бөгөөд хэрэв төлөхөөс татгалзвал алданги нь өсөн, удаа дараа ийм зөрчил гаргавал найдваргүй зээлдэгчийн тоонд орж, “хар” түүх үүсэх учиртайг ББСБ-ын ажилтан хэлснээр маргаан үүсжээ. Мөн зээлийн төлбөр төлсөөр байтал үндсэн зээлээс хасагдахгүй байгаа нь ямар учиртайг магадлахаар болсон ч хаана, хэнд хандахаа мэдэлгүй цаг алдсан гэнэ.

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн “Алданги гэдгийг албаны хэллэгээр нэмэгдүүлсэн хүү гэдэг. Энэ нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хүүтэй мөнгийг үлдсэн зээлээсээ төлөх юм. Түүнээс биш анх зээлсэн мөнгөнөөс алданги төлөх ёсгүй. ББСБ иргэдээс журамд зааснаас илүү төлбөр авсан, зээлийн гэрээг сайтар ойлгуулаагүй гарын үсэг зуруулсан зэрэг тохиолдолд алдангид төлсөн мөнгийг буцаан олгуулж, тухайн байгууллагад хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Энэ төрлийн маргаан Санхүүгийн зохицуулах хороонд хэр олон ирдгийг тодруулбал “Энэ он гарсаар ББСБ болон иргэн хоорондын маргаан шийдвэрлүүлэх гомдол манайд ирээгүй. Харин иргэд ББСБ гэж ойлгон Санхүүгийн нэгдэл, Санхүүгийн групп гэсэн нэртэй барьцаалан зээлдүүлэх газруудаас зээл авсан, алдангид өндөр хүү төлсөн зэрэг гомдлууд ирсэн. СЗХ барьцаалан зээлдүүлэх газруудыг хариуцдаггүй. Тус салбарын зээлийн хүү, зээлийн гэрээний нөхцөл, нэмэгдүүлсэн хүү авах, эсэхэд манайх хяналт тавих боломжгүй” гэсэн юм. Эндээс харахад хэрэв иргэд ББСБ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж ямар нэг байдлаар хохирсон гэж үзвэл СЗХ-нд хандах шаардлагатай аж. 

Мөн зээлийн гэрээ байгуулахдаа эргэн төлөлтийн хэлбэр, нэмэгдэл хүү төлөх, эсэх журмыг сайтар магадлах шаардлагатай юм. Харин ББСБ-аас бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж хохирсон тохиолдолд шүүхэд хандах эрхтэй.

Үүнээс гадна арилжааны банкуудаас бүх төрлийн зээл авахад шимтгэл төлөх, эсэхэд хүмүүс эргэлздэг. Таван сая төгрөг зээлэхэд нэг хувь буюу 50 000 төгрөгийг шимтгэлд төлдөг. Энэ бол бага дүн биш. Зээлийн хүүд холбогдох зардал нь шингэсэн байх ёстой атал нэг хүртэл хувийн шимтгэл авч, түүнийгээ тухайн банкны үйл ажиллагааны зардал хэмээн ойлгуулдаг. Ийм шимтгэл авах, эрх банкуудад бий, эсэхэд Төвбанкнаас хариулахдаа “Банкны тухай хуульд банкууд үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авч болно гэсэн заалт бий. Энэ нь үндсэн зээлийн 0.5-1 хувь хэмээн заасан байдаг. Бүх зээл болон үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй олгуулах боломж хараахан үгүй.

Хэрэв банкууд зардлаа багасгаж чадвал үйл ажиллагааны шимтгэлийнх нь хэмжээ буурах боломжтой. Тодруулбал, банкууд дундаа автомат мөнгөний машинтай болбол зардал буурах боломж бүрдэнэ. Мөн цахим банкны үйлчилгээний цар хүрээ нэмэгдэх болон банкуудын зээлийн эх үүсвэрийн хүү буурвал мөн зардал багасна” гэсэн юм.

Энэ он гарсаар барьцаалан зээлдүүлэх газар болон ББСБ, банкуудтай холбоотой гомдол хэр олон ирсэн болон эдгээр байгууллагын хүү, шимтгэлийн хэмжээг бууруулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ямар оролцоотойг тодруулсан юм. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Арилжааны банкууд зээл олгохдоо иргэдээс шимтгэл авдгийг зогсоох, хэмжээг нь бууруулах талаар бид холбогдох байгууллагуудад нь удаа дараа гомдол гаргасан. Үйл ажиллагааны зардал тул одоогоор хүүг нь багасгах боломжгүй гэдэг.

ББСБ болон ломбардаар үйлчлүүлэхдээ иргэд сайн дураар, харилцан зөвшилцөн, гэрээ байгуулж зээлийн үйлчилгээ авдаг тул бид хөндлөнгөөс оролцох боломжгүйг анхаарах хэрэгтэй. Гэсэн ч бид үйлчлүүлэгчийнхээ эрхийг илт зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан ямар ч байгууллагын талаарх гомдлыг хүлээн авч, журмын дагуу шийдвэрлүүлэх санал гаргах үүрэгтэй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)