Тэдэнд гэртээ байхаас өөр сонголт алга

Гудамж, талбай, дэлгүүр, хоршоо, цэнгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр бүр харагддаг уу. Хүмүүс нэг их удаан бодолгүй “Үгүй” гэх байх. Гэтэл манай улсад одоогоор 105 698, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш, доктор, профессор Г.Буянтогтохын хэлснээр гачлан зовлонтой хүн аж төрж байна. Буурал багш “Ийм хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэх болж. Цаашид хөгжлийн хүндрэлтэй иргэд гэж ярьдаг болох вий дээ” хэмээн болгоомжлуулсан юм. Явж, ярьж, харж, сонсож чадахгүй хүмүүс үнэхээр л гачлан зовлонтой. Зуун мянга гэдэг нийт хүн амын тоотой харьцуулахад бага бус үзүүлэлт. Гэтэл улсаас эдгээр иргэнээ ая тухтай, амар тайван амьдрах нөхцөлөөр хангаж чаддаггүй хэвээр л байна. Одоогийн байдлаар нийслэл, орон нутаг ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүн зорчиход хэцүү зам, талбай, нийтийн тээврийн үйлчилгээтэй.

Улсын төв талбайн гялгар хэсэгт халтирч, гэдрэгээ харж унан тархиа хөдөлгөнө. Энд тэнд траншейны нүх онгорхой байж л байна. Такси “барих” гэж явсан бүсгүй хазгай гишгэмэгцээ өрөөсөн хөлөө машин зам дээрх онгорхой ус зайлуулагч нүхэнд хийж унан, ахар сүүлээ гэмтээж байлаа. Эрхтэн бүтэн, эрүүл саруул хүмүүс ингэж зүдэрч байхад гачлан зовлонтой хүмүүс ийм орчинд яаж явж, хэдий хэр зам туулах билээ. Хэнээр туслуулж, юунд найдаж гэрээс гарах вэ. Чөлөөтэй хөдөлж, хөлсөө гарган, булчин шөрмөсөө чийрэгжүүлэх аргагүй учир гэр хорооллынхон хашаа байшиндаа, орон сууцынхан байрандаа чимээгүйхэн бүгсээр байдаг. Тийм болохоор хүмүүст төдийлөн харагддаггүй.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэсэг бүлгээрээ нийлж байгуулсан холбоо, төрийн бус байгууллага 500-гаад байдаг аж. Тэдгээрээс Хараагүй, мөн Сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах, бас Тэргэнцэртэй иргэдийн холбоо үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Өөрөөр хэлбэл, гишүүддээ сайн үйлчилдэг гэсэн үг. Тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Улаанбаатар хот, Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлгүй. Явах зам, орох, гарах гарц байдаггүй. Мэдээлэл авах боломж хомс. МҮОНТ мэдээний “Цагийн хүрд” нэвтрүүлгээ дохионы орчуулгатай явуулдгийг эс тооцвол хараагүй, сонсголгүй хүмүүс мэдээлэл авах суваг байхгүй. Тэд дэлхий нийтийг цочроогоод байгаа вирусийн тухай мэдмээр л байгаа. Тэгэхэд хэнийг цаг гаргаад яриад өг гэх вэ, дуугүй л байдаг. Хүмүүс дан ганц энэ биш, өөр сэдвээр мэдээлэл авахыг хүсдэг. Залуус урлагийн гоё тоглолтууд сонирхдог. Гэтэл харахаас цаашгүй болохоор дуу нь ямар үгтэй болохыг мэдэх аргагүй. Хөдөлгөөний бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд харж, сонсох чадвартай болохоор харьцангуй гайгүй.

Гэхдээ л би ажилдаа ганцаараа явж чаддаггүй, өглөө болгон нөхрөөрөө хүргүүлдэг. Гэр бүлийн хоёр өөр өөр тийш ажил амжуулахаар явбал цаг хэмнэж, бүтээмж сайтай байна. Гэтэл би нөхрийгөө үргэлж цагаар уяж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал манай улсад л анхаарал татсан хэвээр байсаар. Гадаадын өндөр хөгжилтэй оронд очихдоо өөрийгөө тэргэнцэртэй гэдгийг бараг мартчихдаг. Хаашаа л бол хаашаа хэний ч дэм, туслалцаагүй явж чадна. Тусгай, дардан замтай, өгсөж, уруудах налуу нь стандартынх байдаг. Хаалганы өмнө очиход өөрөө онгойно. Дэлгүүр, үйлчилгээний газарт өөртэйгөө адил хүн олныг хардаг. Бүгд аз жаргалтайгаар инээж, ярьж явдаг. Түүртэх, зовох зүйлгүй болохоор яг л эрүүл хүмүүс шиг ажиллаж, амьдардаг. Олон улсын хурал, зөвлөгөөнд очно, зочид буудал, танхим, зоогийн газарт над шиг хүмүүс түүртэлгүй үйлчлүүлэх бүх л боломжоор хангасан байдаг. Гэтэл манай нийслэлд л лав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр тайван байх газар үгүй. Аливаа улс орны хөгжлийг бидэн шиг иргэдийнхээ аж төрөх орчныг хэрхэн бүрдүүлснээр нь хэмждэг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ая тухтай амьдарч чадаж байгаа бол тэр хот, улс нийт иргэддээ ээлтэй. Стандартыг ингэж тавьдаг юм байна” хэмээв.

Хүний эрхийг дээдэлдэг, иргэдээ баялаг гэж үздэг, тэднийхээ амьдрах орчныг ус, агаар нь мэт хүртээмжтэй бүрдүүлж чаддаг улс орон, нийслэлийг соёл иргэншилт гэдэг аж. Манай улсад, тэгэх тусмаа нийслэлд сүүлийн жилүүдэд орон сууцын хороолол, хотхон, барилга байгууламж барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих замтай байхаар төлөвлөхийг шаарддаг, стандартад тусгадаг болсон нь дэвшил ч гэлээ түүнийг чин шударгаар, хүний төлөө гэсэн сэтгэлээр барьж байгуулдаг нь цөөн. Хаана, хаанаа ам, ажил зөрсөөр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлдэг төрийн яам, ажил хариуцдаг нэгжүүд нь ч гачлан, зовлонтой иргэдэд ээлтэй, таатайгаар үйлчилдэггүй тул харилцахад бэрх, ихэвчлэн гомдолтой буцдаг учраас гэрээс гарах дургүй гэж дээрх холбоодын ажилтнууд ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн бүх л талын үйлчилгээг сэтгэл ханамжтай хүртэж, өөрсдийгөө таягтай, чихэвчтэй, тэргэнцэртэй гэдгийг мартах мэт аз жаргалтай амьдардаг болсон цагт Монгол Улс, Улаанбаатар хот хүн амын хөгжлийн бодлого сайтай, энэрэнгүй, хүмүүнлэг, орчин үеийн улс, нийслэл байх нь ээ.

Бэлтгэсэн: Р.Оюунжаргал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хөгжих “замыг” нь хаажээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих боломж хэр байгааг сурвалжиллаа. Уг нь Барилгын болон Хот байгуулалтын тухай хууль, байгууллагын үйлчилгээний стандарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм зэрэг баримт бичигт тусгай хэрэгцээт хүмүүс аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдүүлэхээр тусгасан байдаг.

Явган хүний замын гол хэсэгт шар өнгөтэй, товгор бүхий хавтанг суурилуулж, түүнийг харааны бэрхшээлтэй хүмүүс таягаараа мэдрэн, зорчих боломж бүрдүүлдэг жишиг дэлхий дахинд бий. Мөн замын гарцны ногоон гэрэл асахад тусгай дуут дохио дуугарах ёстой. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй хүмүүст зориулж барилгуудын үүдэнд налуу шат байрлуулж, зам, талбайн зарим хэсгийг ирмэггүй байлгах учиртай. Манай хот энэ жишгийг нэвтрүүлж чадсан уу. Нийслэлийн Баянзүрх дүүргийн I хорооны нутагт байрлах гүүрэн гарцыг зорилоо. Уг гарц цахилгаан шатгүй ч налуу шатыг нь стандартын дагуу хийжээ. Өөрөөр хэлбэл, шат нь ойролцоогоор 80 метр урт бөгөөд нэг налуу замын өргөлтийн өндөр нь стандартын дагуу 800 мм-ээс бага юм байна. Харин Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн заагт орших Сэлбэ голын гүүрэнд (“И-мартын” дэргэдэх) налуу болон цахилгаан шат ч алга. Үүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжгүй аж. Дэргэд нь байрлах жижиг гүүрний явган хүний гарцаар гаръя гэсэн ч эхлэл, төгсгөл нь эгц ирмэгтэй харагдана. Арслантай гүүрээс энэ хэсэг рүү явган хүний зам тавьсан ч дундаа “тасарчихаж”. Хэрвээ уг замаар харааны бэрхшээлтэй иргэн зорчсон бол яахаа мэдэхгүй болох нь. Ойр орчимд нь Сэлбэ голын далангийн эгц ирмэг, гүүрэн доорх бохир орчин, огцом шаттай хэсэг байгаа нь тусгай хэрэгцээт хүмүүс ойртоод ч хэрэггүй гэсэн үг.

Олон улсын стандартаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүний хөтөч зам нь шулуун болон бөөрөнхий товгор хавтантай байх ёстой. Шулуун “зураас” бүхий хавтан нь аюулгүй, харин бөөрөнхийг дүрсэлсэн бол авто зам байгааг илтгэдэг байна. Гэвч Улаанбаатар хотод үүнийг зориулалтаар нь дүрсэлж, байршуулах нь бүү хэл, явган хүний замаа ч элдэв саадгүй болгож чадаагүй. Тухайлбал, Сэлбэ голын баруун эргийн дагуух явган хүний замын голд шон зоолттой, зарим хэсэг нь эвдэрч, бартаа үүсжээ. Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй буюу стандартад нийцсэн налуу шаттай, тэдэнд зориулсан тусгай ариун цэврийн өрөөтэй барилга, байгууламж тун ховор. МУИС, ШУТИС болон “Blue mon” төв уг нь үүдэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай. Харамсалтай нь, уг шат стандартын бус, эгц налуу нүглийн нүдийг гурилаар хуурсан маягтай. МУИС-д өнгөрсөн жилийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 98 оюутан суралцдаг гэх тоо бий. Гэтэл тус их сургуулийн хоёрдугаар байрны хамгаалагч “Би энд ажиллаад дөрвөн сар боллоо. Хааяа хөл нь бэртсэн оюутнууд найзуудаараа түшүүлэн, дээд давхар луу гарч харагддаг.

Тэргэнцэртэй оюутан харагдаагүй” гэв. Мөн “И-март” худалдааны төвийн Сансар дахь салбар налуу шаттай ч зорчих хэсэгт нь самбар байрлуулж, хүн явах аргагүй болгожээ. Тус худалдааны төв хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө тохижуулж, түүгээр хүмүүс үйлчлүүлж буй харагдав. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тусгай хэрэгцээт иргэддээ зориулсан ээлтэй орчин бүрдүүлж чаджээ. Тодруулбал, тус яамны байр өргөгч хавтан, брайл үсэгтэй хаяг, хананы бариул, хөтөч зам, тодруулагчтай. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй. Түүндээ тусгай тоноглол байрлуулж, хурлын өрөөндөө тэргэнцэртэй хүмүүст зориулж тусгай суудлын зай гаргаж, налуу зам бий болгожээ. Өргөгч хавтан нь тэргэнцэртэй хүнийг шатны доод хэсгээс дээд талд хүргэх боломжтой аж. Мөн шатны бариул орчимд брайл үсгээр давхар болон чиглэлийг заан бичсэн байв. Тус яаманд хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эмнэлэг, хөдөлмөрийн магадлантай олон хүн ажилладаг гэнэ. Үүнээс гадна нэгдүгээр давхрынх нь кофе шоп болон хэрэгжүүлж буй тодорхой төслүүдэд тусгай хэрэгцээт хүмүүс ажилладгийг тус яамныхан хэллээ. Үүнээс гадна МУИС-ийн шинэ номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломж бүрдүүлжээ. Жишээ нь, тусгай ариун цэврийн өрөө тохижуулж, налуу болон цахилгаан шаттай тавьсан аж.

“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн дэд бүтцийн хүртээмж хариуцсан ажилтан Д.Ням-Очир “Бид нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад хандаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчих боломжтой автобус явуулахыг хүссэн. Гэвч автобусны дотоод орчныг тохижуулдаг ч суух, буух хэсэгт зориулалттай шат байрлуулдаггүй. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэлтгүй ахмад настан, хүүхэд гээд хэн бүхэн зорчиход таатай автобус үйлчилгээнд явуулах ёстой. Уг нь Улаанбаатар хотын ихэнх барилга налуу шаттай. Гэсэн ч тэдгээр нь стандартад нийцээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжгүй. Налуу шат цас, бороо орох зэрэг цаг уурын ямар ч нөхцөлд эрсдэлгүй зорчих боломжтой байх ёстой байдаг. Явган хүний замд олон хүн зорчих, эсвэл элдэв саад байдгаас тэргэнцэртэй иргэд автомашины замаар явж, эрсдэл үүрдэг. Ядахдаа л машины хорт утаагаар амьсгалж байна. Тиймээс ямарваа нэг төлөвлөлт хийхдээ иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүн аль аль нь зорчиход хүндрэл үүсэхгүй байхаар шийдэх хэрэгтэй” хэмээв.

Нийслэлд тусгай дуут дохио дуугардаг гэрлэн дохио тун ховор. Тухайлбал, Улсын их дэлгүүр, МУБИС-ийн хажуу талын гарц зэрэг цөөн хэдэн газар бий. Түүнчлэн номын сан, кофе шоп, их сургууль, худалдаа, үйлчилгээний газар, бизнесийн төв зэрэг газар наад зах нь налуу шатгүй байгаа нь тусгай хэрэгцээт хүмүүсийн хөгжих боломжийг хязгаарлаж байна.

Бэлтгэсэн: Б.Уянга

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Б.БАТЦОЛМОН: Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл оруулдаг болсон

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцолмонтой ярилцлаа.

-Нийслэлийн хот төлөвлөлт иргэдэд ээлгүй гэх шүүмжлэл захаас аван бий. Та ямар тайлбар өгөх вэ?

-Хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний орц, гарцын асуудлыг шийдэхээс авхуулаад тусгай цахилгаан шат, ариун цэврийн өрөө зэргийг төлөвлөх ёстой. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл хүссэн хүмүүст хандаж, барилгын төлөвлөлт, зураг төсөлд дурдсан дээрх нөхцөлүүдийг заавал тусга гэсэн шаардлага тавьж буй. Зураг төсөлд энэ асуудлыг тусгаагүй бол барилгын зөвшөөрөл олгохгүй гэсэн үг.

-Энэ бүхнээ өмнө нь төлөвлөж болоогүй юм уу?

-1970 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төлөвлөлт огт хийж байгаагүй юм билээ. Манайх хот төлөвлөлтийн загвараа ЗХУ-аас авч ашигласан. Тодруулбал, Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт болон Хот, тосгоны төлөвлөлт гэсэн барилгын хоёр норм, дүрэм бий. Уг дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон сууц тусдаа байна гэж салгасан байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчсөн хэрэг. Бид үүнийг өөрчлөх гэж зорьж байна. Монгол Улсад мөрдөж буй эдгээр барилгын дүрэм, журмыг өөрчлөх санал салбарын яаманд нь тавьсан.

-Ер нь нийслэлийн удирдлага энэ асуудлыг хэзээ анхаарч эхэлсэн юм бол?

-2010 оноос анхаарч эхэлсэн. Ялангуяа олон нийтийн барилгуудыг ашиглалтад өгөхөөс өмнө орц, гарц, налуу замаа шийдэж эхэлсэн. Энэ нь 2009 онд налуу замд зориулсан MNS:6055/2009 стандарт баталсантай холбоотой. Стандартад зам ийм, бариул тийм байна гэдгийг нарийвчлан зааж өгсөн. 2014 оноос орон сууцын компаниуд ч энэ асуудлыг анхаардаг боллоо. Нийслэлийн ЗДТГ-аас авхуулаад I сургууль, Соёлын төв өргөө, Төв номын сан, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Спортын төв ордон, Төв шуудангаар хүмүүс их үйлчлүүлдэг. Манайхан судалгаа хийж, эдгээр газраас хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээ авч чадахгүй байна гэж үзсэн. Энэ дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал ч авсан. Төв шуудан, Соёлын төв өргөө налуу замгүй. Тиймээс дээрх хоёр газарт налуу замын зураг төсөл хийж өгч, танилцуулсан. Цаашдаа энэ ажлаа үргэлжлүүлнэ. Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө гаднаа налуу замтай ч энэ нь стандартын бус.

-Хүртээмжтэй төлөвлөлт хийхээр зорьж буй гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?

-Хүртээмжтэй төлөвлөлт гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж дан ганц налуу зам хийнэ гэж боддог. Гэрлийн нөлөө тусгал, цахилгаан шат, ариун цэврийн өрөө, хаалганы бариул, довжоо бүгд стандарттай. Энэ бүгд цогцоороо хүртээмжтэй төлөвлөлт болдог. Мөн сонсголын бэрхшээлтэй, хараагүй хүмүүс өөр өөр бэрхшээлтэй. Хот байгуулалтын үйл ажиллагаа барилга, авто зам, ногоон байгууламж, тохижилт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Энэ бүхэн иргэдэд ээлтэй байх ёстой. Үүний төлөө бид хүртээмжтэй төлөвлөлт хийе гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

БАЙР СУУРЬ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Тухайлбал, хот төлөвлөлт тэр дундаа дэд бүтцийн хүртээмжгүй байдал юм. Зарим иргэн энэ талаар байр сууриа илэрхийллээ.

НИЙГМИЙН АМЬДРАЛД ТЭГШ ОРОЛЦОХОД ДЭД БҮТЭЦ ЧУХАЛ

О.ЖАРГАЛ (Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч):

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах асуудал хариуцсан салбар төдийгүй улсын хэмжээнд тулгамдаж буй, зайлшгүй шийдвэрлэх ажлуудын нэг. Монгол Улсын хэмжээнд 105 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг. Эдгээр иргэнийг нийгмийн амьдралд бусдын адил тэгш оролцоход зориулсан, зам талбай, нийтийн тээврийн хүртээмж зайлшгүй шаардлагатай. Гэтэл Улаанбаатар хотын барилга, зам талбай, нийтийн тээврийн хүртээмж хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй энгийн иргэн, хүүхдийн тэрэг түрээд явж буй хүн, настан буурлуудад ч ээлгүй байгаа нь бодит үнэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ) нь Улаанбаатарын гудамж талбай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагын дэд бүтэц, хүртээмжид үнэлгээ хийж, үүний дагуу холбогдох газруудад зөвлөмж хүргүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх уриалга гаргасан. Мөн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд аян зохион байгуулж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2016 онд УИХ-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, 2017 онд Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичиг баталж, орон сууц, дэд бүтцийн байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, сайжруулах асуудлыг хуульчилсан. Шинээр ашиглалтад оруулж буй барилга байгууламжийг хүлээж авах Улсын комисст 2017 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулж, ажиллуулах болсон нь дэвшилттэй алхам.

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛД АЛДАА ОЛОН ГАРДАГ

Ш.ЦЭДЭНПҮРЭВ (“Цэнхэр дөхөм” ХХК-ийн барилгын зөвлөх архитектор):

-Барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр 43 жил ажиллаж байна. 1970-аад онд анх Финланд Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хот төлөвлөлт, дэд бүтцэд анхаарч тусгай зам гарган туршилт хийсэн гэдэг. Дэлхийн бусад улс орон ч үүнийг дэмжсэн. Манай улсад энэ асуудал 2000 оноос яригдсан. Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас 2004 онд Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормал баримт бичиг бүхий тогтолцоо бий болгосон. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардагдах орчин нөхцөл стандартыг заасан байдаг. Тодруулбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний тэргэнцрийн стандарт хэмжээ хэд байдаг, эргэх зай талбай ямар байвал зохистой вэ гээд бүх л зүйлийг зураглан тусгасан. 2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм баталсан. Тэгэхээр үүнээс өмнөх барилга, зам талбайн зураг төсөлд эл зүйл тусгагдаагүй байсан гэсэн үг. Барилгын зураг төслийг тус дүрэм, стандартад тохируулан гаргахад асуудалгүй ч ихэнх компани, байгууллага үүнийг тусгадаггүй, оруулсан нэг нь стандартад нийцүүлж чаддаггүй. Саяхан шинээр барихаар төлөвлөсөн Эрүүл мэндийн нэг төвийн барилгын зураг төсөлтэй танилцлаа. Тэргэнцэртэй хүнд зориулсан зам хийхээр төлөвлөсөн байв. Гэхдээ тэр замын налуу стандартад нийцээгүй байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ариун цэврийн өрөө алга. Энэ мэт алдаа дутагдлууд аль ч зураг төсөлд гардаг. Үүнийг улсын экспертиз хянан, засаж сайжруулдаг.

ХҮН БОЛГОН МЭДДЭГ Ч АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГГҮЙ

С.ОТГОНЦАГААН (Хөвсгөл аймгийн иргэн):

Би 13 настайдаа мориноос унаж дунд чөмгөө хугалсан юм. Тэр үеэс 20 нас хүртлээ суга таягтай явсан. Сургуулийн орчин суралцахад хүндрэлтэй байсан болохоор орхисон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам талбай, тохирсон шат гэх зэрэг нийгмийн олон асуудал гардаг. Үүнийг хүн болгон мэддэг ч ач холбогдол өгөх нь бага. Төрийн зүгээс сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, орчныг сайжруулахад нэлээд анхаарч буй. Гэвч энэ ажлыг нь гүйцэтгэж буй төрийн алба хаагчийн ёс зүйгүй, туршлагагүй байдлаас шалтгаалж төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна. Зам тавьж буй инженер байлаа гэж бодоход, замаа л мэдэхээс бус хөгжлийн бэрхшээлтэй хүнд ямар асуудал гарах вэ гэж боддоггүй. Тиймээс мэдлэгжүүлэх хэрэгтэй болов уу. Мөн сэтгэл гэж юм бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурах орчин хүртээмжгүй. Үүнийг төр ганцаараа хийх ёсгүй. Үнэхээр сэтгэл байвал тухайн сургуулийн захирал, багш, ажилчид холбогдох байгууллагуудтай хамтарч тодорхой түвшинд шийдэж болно. Налуу замгүй бол түүнийгээ боломжит газар стандартад тааруулаад хийхэд тийм ч их чирэгдэл гарахгүй.

ТӨРИЙН БОДЛОГО, ИРГЭНИЙ ХАНДЛАГА САЙНГҮЙ

Д.БАДАМХАНД (“Салхич шувуу” ТББ-ийг үүсгэн байгуулагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч):

-Сүүлийн жилүүдэд компани, үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж барилгадаа нэмэлт засвар, үйлчилгээ хийх болсон. Гэхдээ л өдөр тутам үйлчлүүлдэг өрхийн эмнэлгээс өгсүүлээд хүртээмжгүй хэвээр байна. Гаднаасаа авхуулаад налуу шатгүй. Дотроо сонсголын бэрхшээлтэй хүнд харагдах дэлгэц байдаггүй гээд олон асуудал бий. Хөгжлийн бэрхшээлтэй зарим хүн Улаанбаатарыг “ээлгүй харгис хот” гэж хэлдэг. Анх төлөвлөхдөө бүх зүйлийг стандартад тааруулах ёстой. Гэхдээ өргөс авсан юм шиг бүх зүйлийг нэг доор бүтээж болохгүй л байх. Нэг талаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө идэвхтэй байвал зүгээр. Амьдрахад нь ямар бэрхшээл тулгарч байна, юу хэрэгтэйгээ хэлж оролцдог байгаасай. Нэг хэсэг оролцдог ч үгүй байсан. Одоо ихэнх нь нийгэмд ил гардаг болж. Нөгөөтээгүүр, төрийн бодлого, хүмүүсийн хандлагад учир бий. Төр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг, энгийн иргэнтэй адил орчинд сурах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ямар зовлон тулгардгийг хүмүүс мэдэж, ойлгох хэрэгтэй шүү дээ. Ингэж байж л ажлаа мэдэж, хариуцлагатай, стандартын дагуу хийж чадна. Засгийн газраас НҮБ-д хоёр жил тутам тайлан бичдэг. Төрийн бус байгууллагууд хамтарч бас тайлан явуулдаг. НҮБ-аас эдгээр тайланг харьцуулан шалгадаг. Ингээд НҮБ-аас зөвлөмж Засгийн газарт ирүүлдэг юм. Гэвч Засгийн газар солигдох тоолонд уг ажил хаягдаад байна. Энэ нь ажлын уялдаагүй, залгамж чанар үгүйтэй холбоотой.

Бэлтгэсэн: Э.Азжаргал

ДЭЛХИЙН ЖИШИГ

Гэрээсээ ганцаараа гарах асуудал биш

Японд анх удаа очсон гадаадын иргэдэд тус улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн олон байдаг юм шиг санагдаж магадгүй. Тэдэнд гэрээсээ гарахад айх аюулгүйн улмаас тийм сэтгэгдэл төрүүлэхээр аж. Тус улсын явган хүний бүх зам харааны бэрхшээлтэй хүмүүст баримжаа болох, чиглүүлэгч товгор хавтан бүхий тусгай зориулалтын зурвастай. Товруу нь жишээлбэл, гарц руу ойртох хэсэгт өөр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудын хөдөлгөөнд саад болох эхлэл, төгсгөлтэй явган хүний зам Японд байхгүй. Үүнийг тусгасан хуулийг парламентын гишүүд нь 2006 онд баталжээ.

Мөн тус улсын нийтийн тээврээр ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хялбар, тохь тухтай үйлчлүүлдэг. Токиогийн олимп, паралимпийн наадмын өмнө таксины шинэ загвар гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэрэгтэй зорчигчдыг саадгүй тээвэрлэхээр бэлтгэж буй гэнэ. Метроны өртөөнүүдийн олонх нь цахилгаан шаттай, өртөөний ажилтнууд шаардлага гарсан тохиолдолд тусламж үзүүлдэг аж.

Түүнчлэн нийтийн бие засах газар, утасны бүхээгт боломж хязгаарлагдмал иргэд чөлөөтэй үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Худалдааны төв, музей, төмөр замын буудал болон нийтэд үйлчлэх гол байгууллагууд өргөн хаалга, зориулалтын замтай. Үүний сацуу Засгийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ зарим хэрэгцээг хангах, тухайлбал, автомат дугуй авах санхүүжилтийг олгодог гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг нийгмийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг улсаас өгдөг юм байна.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГҮҮР

Францад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих хөтөлбөрт хэдэн арван тэрбум евро зарцуулдаг. Тэдгээрийг нийгмийн даатгал, нутгийн өөрөө удирдах байгууллагын сан, улсын төсвөөс бүрдүүлнэ. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь сард 900 еврогийн тэтгэвэртэй. Үүн дээр татварын, нийтийн тээврийн, утасны зэрэг янз бүрийн хөнгөлөлт эдэлдэг. 20-иос дээш ажилтантай байгууллагын бүрэлдэхүүний зургаан хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Ийм шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжид торгууль ногдуулдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчлүүлэх шаардлагыг орон сууц болон нийтийн үйлчилгээний газрыг барихдаа хангаж байхаар хуульд заажээ. Нийтийн тээврийн бүх автобус, трамвай нь замын хашлагатай тэнцэх нам босготой болж буй гэнэ. Шаардлагатай тохиолдолд жолооч нар автобус, трамвай руу тэрэгтэй хүн чөлөөтэй нэвтрэх автомат гүүр тавьж байна.

АЖИЛД АВАХААС ТАТГАЛЗАЖ БОЛОХГҮЙ

Дээд шүүхийн 1999 оны шийдвэрийн дагуу АНУ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгай асрамжийн газарт бус, орон гэртээ ая тухтай аж төрөх бүх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй болжээ. Гэрээр ахуйн болон эмнэлгийн байнгын тусламж үзүүлж байна. Үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаас татгалзах явдлыг хуулиар хоригложээ. Ажилд анх ороход тавих асуултуудын жагсаалтыг ч хязгаарласан байна. Засгийн газартай 50 мянгаас дээш долларын гэрээ байгуулахыг хүсэж буй компанид ажилтнуудынхаа долоон хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулах, ажлын байр бий болгох шаардлага тавьдаг. Орон сууц олгоход ч ийм иргэдийг ялгаварлан гадуурхахыг хоригложээ. Бүх шатны эрх барих байгууллага эрүүл мэнд, боловсрол, тээвэр, чөлөөт цагийн асуудлаар эрх тэгш үйлчлэх аж. Дунд сургууль, эсвэл нийтийн бие засах газар зэрэг байгууллага тэрэгтэй хүнд зориулсан зам болон цахилгаан шаттай байх ёстой. Явган хүний замын тусгай зорчих хэсэг стандарт болжээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй иргэдэд “Паратранзит” гэсэн тусгай хэрэгсэл үйлчилж байна. Холбоо харилцааны компаниуд сонсголын, ярианы бэрхшээлтэй хэрэглэгчээ 24 цагийн турш холбоотой байлгах үүрэг хүлээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь сард 1100-1200 орчим долларын тэтгэмж авдаг гэнэ.

Бэлтгэсэн: З.Амгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)