Тэгш эрх

Зарим хүн бүсгүйчүүд “мандахад” дургүй. Эрэгтэйчүүд төрийн эрхэд гарч болно, эмэгтэйчүүд хүүхдээ хараад гэртээ сууж бай гэдэг ойлголт манайд уламжлагдан ирсэн учраас тэр. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болдоггүй юм гэхэд нийслэлийн, ер нь аймгийн ч Засаг дарга байх ч “эрхгүй”, манай эмэгтэйчүүд. Их л сайндаа дүүргийн, тэгээд хорооны Засаг дарга хийж ирсэн. Ажиглаад байхад эмэгтэй Засаг даргатай хорооны ажил илүү урагштай, хөгжил нь хурдацтай байдаг. 

Жишээ нь, 2005-2013 онд Баянгол дүүргийн X хорооны Засаг даргаар ажилласан Ц.Энхжаргал хүрз барьж гудамжны хог цэвэрлээд, жоотуугаар газар ухаад, залуусыг нийтээр нь хөдөлгөхийг харсан. Намайг дагаад хий гэх шиг өөрөө түүчээлж хөдлөөд, гудамжны адагт байсан хур хогийг залуустайгаа нийлээд цэвэрлэж билээ. Дараа нь тус газартаа хүүхдийн тоглоомын талбай байгуулсан юм. Тухайн үед X хорооны тохижилт бусдаас илүү байсан санагдана. 

1998 онд Сэлэнгэ аймгийн Мандал (хуучнаар Зүүнхараа) сумд аавтай минь хамт ажиллаж байсан Хандаа эгчийг ер мартдаггүй юм. Хандаа эгч эрэгтэй, эмэгтэй хүн ийм ажил хийх ёстой гэсэн ойлголтыг халж, үүнийгээ шалгалтаар ирсэн комиссынхон хийгээд даргадаа баталсан юм. Тухайн үед цахилгааны саатал гарч сум даяараа тоггүй болсон гэдэг. Ингээд дарга даамлууд нь ирээд шалтгааныг тодруулахаар ажиллаж байтал Хандаа эгч өндөр хүчдэлийн шон дээр ухасхийж гараад цахилгааны саатлыг дор нь засчихсан гэсэн. 

Шалгалтынхныг мэл гайхуулж цэл хөхрүүлсэн тэрбээр ур чадвар болоод мэдлэгээрээ эмэгтэй, эрэгтэй хүн ижил гэдгийг харуулсан. Өөр нэг жишээ гэвэл, энэ онд шилдэг залуу ажилчны шагнал авсан Э.Уужимсэтгэлтийг дурдаж болно. 18 настай энэ охин гагнуурчны мэргэжлээр хөвгүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, ур чадварын тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан. Энэ мэтээр эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаагүй бүгдийг чадна гэдгийг нотолсоор ирсэн ч нийгэм үүнийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээр байна.

Нөгөө талаас жендерийн тэгш бус байдалд дан эмэгтэйчүүд өртдөг юм биш. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгаар дээд боловсролтой, 24-35 настай бүсгүйчүүдийн 46, 35-49 настай бүсгүйчүүдийн 25 хувь нь дунд сургууль төгссөн залуутай гэрлэсэн гэх дүн гарчээ. Эрчүүд боловсролоороо бүсгүйчүүдээс хол хоцорсны жишээ энэ. Эцэг, эхчүүд “Тоосго зөөгөөд ч болтугай амьдарчихна”, “Мал малласан нь дээр” гэж үзэн хөвгүүдээ ялгаварласнаас үүдэлтэйгээр дээрх нөхцөл байдал үүсжээ. 

Жендер бол тэгш эрх, тэгш боломж, тэгш үр дүн. Үүнийг бид өөрсдөө “бүтээнэ”. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, хөхүүлдэг, эрэгтэй хүн сахал ургаж, дуу хоолой нь бүдүүрдэг нь л жендерийн ялгаатай байдал. Энэ нь байгалиас заяасан өгөгдөл болохоос биш, эмэгтэй хагас эрх чөлөөтэй, эрэгтэй хүн давуу эрхтэй гэсэн ойлголт биш. Монголд л ийм ойлголт түгээмэл байгаа болохоос дэлхийд өөр. Тиймээс бүгдээрээ дэлхийн жишгийг дагаж эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлалгүй тэгш эрх эдэлцгээе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)