Туул гол хогийн сав биш

Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг Туул булаг гэх газар 2019.07.24

Амарч, зугаалсан хүмүүсийн тарьсан хур хог “эздээ хүлээн” хэвтсээр. Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачуурт орчимд Туул гол дагуу байдал ямар байгааг бид өнгөрсөн лхагва гарагт сурвалжилсан юм. Хураасаар хураасаар далай гэгчээр нэг иргэний үлдээсэн хог дээр бусад нь нэмж овоолсоор тус хорооны “Туул булаг” гэх хэсэгт хогийн гурван ч цэг үүсжээ. Тэнд амарч буй хүн цөөнгүй байлаа. Байгаль нь үзэсгэлэнтэй, агаар нь сайхан болохоор Тэрэлж рүү “бартаатай” замаар явахаас төвөгшөөсөн иргэд гачууртад нарлаж байгаа юм. Харамсалтай нь хогоо хаа ч хамаагүй хаяснаас болж модны мөчирт өлгөгдсөн гялгар уут, усанд хөвөх ундааны сав гээд энд тэндгүй хаягдал хөглөрнө. Хувцас байтугай биеэ угаахыг цээрлэдэг энэ голд иргэд автомашинаа угааж байна. Хүмүүс ч хогон дунд хэвтэхдээ юу ч бодохгүй байгаа бололтой. Идэж, уусан зүйлийнхээ хаягдлыг майхнаа тойруулан арзайлгажээ. Хогийн цэгүүд голын хөвөөнөөс ердөө 100 гаруйхан метрт үүссэн байгаа юм. Хүмүүс тэнд хогоо овоолоход хүчтэй салхинд туугдаж, үерийн усанд түрэгдэн гол руу орох нь дамжиггүй.

Гачуурт бол нийслэлчүүдийн ундны усны нөөц байдаг газар. Ундны усныхаа эхэд хүмүүс хэрэглэсэн ариун цэврийн цаас, архины шил, хоолны үлдэгдэл, тамхины ишээ хаяж, өтгөн, шингэнээ хүртэл нийлүүлж байна. Тэнд хогоо хаяхгүй байхыг сануулсан самбар ч алга. Ажил хийдэг, байгалиа гэсэн сэтгэлтэй нэгэн бол “Энгийн болон тугай хамгаалалттай бүс нутагт хогоо битгий хаяарай” гэж бичээд самбар байрлуулчихаж болмоор.

Хог хаягдалд хэн хяналт тавих ёстой талаар Баянзүрх дүүргийн XX хороо хариуцсан нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын байцаагч Х.Бямбаа “Өнгөрсөн оны долдугаар сард энэ бүс нутаг руу орж ирэх иргэдээс 2000 төгрөгийн хураамж авдаг байлаа. Энэ оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлээд одоо больчихоод байна. “Засаг дарга хураамж авсан мөнгөө байгаль цэвэрлэхэд зарцуулахгүй байна” гэсэн шалтгаанаар дээрх ажлыг зогсоосон юм билээ. Уг нь Хөвсгөл рүү ороход иргэдэд уут тарааж өгөөд гарахдаа хогтой нь авчрахыг сануулдаг. Буцахад нь уутанд хоггүй бол торгууль ногдуулна гэсэн дүрэмтэй. Энэ санаачилга үр дүнтэй байгааг хэрэгжүүлэгч хүмүүс нь онцолсон. Манай хороонд энэ санаачилгыг хэрэгжүүлдэг байсан ч улс төрийн сонирхол, үл ойлголцлоос болж үр дүнгээ өгсөнгүй. Ганцхан хогийн машинаар долоо хоногт хоёр удаа л үйлчилж байна. 

Манай хороонд одоогоор Засаг дарга, байгаль хамгаалагч, зохион байгуулагч нарын найман хүн ажиллаж байгаа” гэлээ. Хогийн машин нь байсхийгээд эвдэрчихдэг, бартаат зам ихтэй, төсөвлөсөн мөнгөгүй зэргээр тэднийг ээрэх асуудал цөөнгүй аж. Тэрбээр зовлонгоо учирлаж байтал зохион байгуулагч Б.Чинбат ирж “Энэ жил Налайхын зам хаасантай холбоотой хотоос манай тосгоныг зорих хүмүүсийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс эрс өссөн. Аялагчдын тоо цөөрч, одоо л амьсгаа авч байна. Наадмын дараа гурав хоногийн турш сайн дурынхантай хамтарч 64 тонн хог цэвэрлэлээ. Гэвч Шар хоолой, Хар хошуу зэрэг газрынхыг цэвэрлэж амжаагүй. Хаягдлын хэмжээ ихэссэнд бид ч санаа зовж байгаа. Боломжийнхоо хэрээр л ажиллаж байна. Энэ мэтээр иргэд хариуцлагагүй, эзэд нь хайхрахгүй явсаар эцэстээ өөрсдөө л хохирно гэдгээ ойлгохгүй байгаа бололтой” гэсэн юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэж цаашид Туул гол орчмын хогийг хэзээ цэвэрлэж, ачиж дуусгахыг хэн ч мэдэхгүй нь. Ундны усны эхийг бохирдуулсаар зарим булгийн ус ширгэж, өт хорхойн “үүр” болсон гэж Б.Чинбат хэллээ. Уг нь гол дагуу био жорлон, зориулалтын хогийн сав байрлуулчихвал ийм асуудал үүсэхгүйг судлаач нар өгүүлдэг ч хаданд хашгирсантай агаар нэг аж. Туул голын сав газрын захиргааныхан уг нь хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. Тус газрын дарга Я.Болдбаатартай уулзахад “БОАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлсэн “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд 5000 хүнд ухуулга хийж, 24.5 км зайд, 107 га газрыг хамруулан 41.7 тонн хог цэвэрлэлээ. Гол дагуу анхааруулах 300 самбар суурилуулсан. Тус голыг хамгаалахад нийслэлийн төсвөөс энэ жил 50 сая төгрөг төсөвлөсөн юм. Уг нь манай байгууллага тухайн сав газрын хог хаягдлыг цэвэрлэх бус, усны чанарыг тодорхойлох, бүтцийг судлах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага. Гэхдээ бохирдлоос сэргийлэх нь чухал учраас хог хаягдалтай холбоотой асуудалд анхаарахаас өөр аргагүй. Хог цэвэрлэхэд мөнгө төсөвлөдөггүй юм. Манай байгууллагын хүн хүч муу. Одоогоор 26 хүн ажиллаж байна. Гачууртаас Сонсголон хүртэлх зайд бохирдлын хэмжээ зуны улиралд огцом нэмэгддэг” гэж ярилаа.

Хогийн сав байсан ч түүнийг нь хариуцах, иргэдэд шаардлага тавих хүн хүч дээрх хоёр газарт хомс юм байна. Уг нь иргэдийн хамгийн их очдог газруудад хяналт тавих боломж бий. Орц, гарцыг нь тодорхой болгож, тухайн цэгүүддээ анхаарч ажиллавал заавал олон хүн ажиллуулах шаардлагагүй. Иргэд ч ухамсартай байдаг бол жил бүр Туул гол татарлаа, усны ундарга бохирдлоо гэж үглэх явдал хаана, хаанаа гарахгүй сэн. Түүнчлэн зогсоол байгуулахгүй бол иргэд гол дотор автомашинаа угаах нь энгийн үзэгдэл хэвээрээ байгааг байгаль хамгаалагч нар өгүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)