Туул голын хамгаалалтын бүсийг чөлөөлж эхэллээ

Арав гаруй жилийн өмнөөс Туул голын хамгаалалтын бүсэд хотхон, хороолол байгуулж, хүмүүс суурьших болсон. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд ч байгуулагдсан. Өдгөө Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бусдын эзэмшил, ашиглалтад шилжсэн 21.790 нэгж талбар бий гэсэн судалгаа гарчээ.

Гол бохирдож, урсац нь татарч буйн шалтгаан нь эрэг дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах болсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлсэн. Тиймээс БОАЖЯ-ныхан хотын удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах, эзэмших эрхийг цуцлахаар болжээ. Үүний дагуу нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагынхан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй танилцаж, зарим эрхийг түтгэлзүүлж эхэлжээ. Бусдын мэдэлд шилжсэн 21.790 нэгж талбарын талаас илүү хувийг хашааны зориулалтаар өрхүүдэд, үлдсэн хэдийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн аж. Гэвч бусдад эзэмшүүлсэн нийт талбайн талаас илүүг аж ахуйн нэгжийн газар эзэлж буй юм. Холбогдох албаныхан ирэх сард зарим өрхийг нүүлгэж, ихэнх газрыг чөлөөлөх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)