Туул голд зэвэгний 80 000 жараахай нутагшуулав

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд байгаль хамгаалах “Туул ижий сан” ТББ-ынхантай хамтран таван жилийн турш загас үржүүлж буй. Үүний хүрээнд зэвэг загасны 80 000 жараахайг Туул голд нутагшуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын I багийн нутаг, Туул, Баруунбаян голын цутгал орчимд үржүүлсэн жараахайнуудаа тавьсан байна. Ингэснээр аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийг нөхөн сэргээхэд ач холбогдолтой аж. Үүнээс өмнө эрэгчин, эмэгчин зэвгийн 84 эх сүргийг Туул голд өнгөрсөн тавдугаар сард тавьжээ. Нутагшуулсан загас, жараахайн эдийн засгийн үнэлгээг хийгэхээр эрдэмтэд ажиллаж буй гэнэ.

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мэндсайхан “Зэвэг шахсан түрснийхээ 95 орчим хувийг алддаг. Өөрөөр хэлбэл, 100 ширхэг түрсний нэг нь л бие гүйцдэг гэсэн үг. Тиймээс түрсээ шахахаас нь өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Хангайн бүсээс авчирсан юм. Тэдгээрийг жараахай болтол нь бойжууллаа. Уг ажилд оюутнууд оролцсон нь энэ төрлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой ач холбогдолтой” гэв. Тус хүрээлэнгийнхэн цаашид Туул голд жил бүр загас нутагшуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)