Туул голд бохир цутгасан, эсэх нь тодорхойгүй байна

Нийслэлийн төв цэгээс 11.5 км зайд орших Хүрхрээгийн аманд “АСЕМ вилла” хотхоныг 2016 онд байгуулсан. Тансаг зэрэглэлийн 53 сууц бүхий уг хотхоны бохирын шугамыг холбохдоо гүйцэтгэгч компанийнхан нь хуудуу хандсанаас орчны бохирдол үүссэн гэх мэдээллийн мөрөөр бид газар дээр нь очлоо.

Уг нь тус хотхоныг анх төвийн шугамд холбохоор төлөвлөжээ. Гэтэл УСУГ-аас “Хөрсний усны бохирдол их” гэх шалтгаанаар тус хотхоны бохирын шугамыг өнгөрсөн оны намар хаасан аж. Өнгөрсөн зун бороо их орсноос хөрсний ус төвийн бохирын шугамд нийлж, ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэнэ. Тиймээс хотхоны бохирыг соруулах станц буюу бага оврын цэвэрлэх байгууламж барихаас өөр аргагүй болжээ.

Тус станц нь хотхоноос зүүн тийш нэг км орчим зайд байрладаг юм байна. Ойр орчимд нь шаргал өнгөтэй мөс ихээр хуримтлагдсан нь иргэдэд Туул гол руу бохир цутгаж байна гэх хардлага төрүүлжээ.

“АСЕМ вилла” хотхонд очиход “Гурван булаг сод” компанийн мэргэжилтэн Г.Мягмарцэд яагаад ийм асуудал үүссэнийг тогтоохоор ажиллаж байлаа. Тус компанийнхан хотхоны шугам сүлжээг холбожээ. Тэрбээр “Шугам, сүлжээ налуу газарт байрлаж байгаа учраас хоёр метр гүн нүх ухна. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс газар ухаж цэвэр усны шугам сүлжээг харах шаардлагатай. Манайхан шугамаа буруу холбосон, эсэхээ шалгана. Бид буруугүй бол ашиглалтаас үүдэж бохирын шугам гэмтсэн болж таарна” гэсэн юм.

“АСЕМ вилла” цогцолбор газрыг хариуцсан ерөнхий инженер Э.Ариунболд “Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 21-нд гэмтэл гарч, шугам хагарсан. Гэмтлийн улмаас ус хальжээ. Халиа үүссэнээс ус шаргалтсан бололтой. Түүнийг мэргэжлийн бус хүмүүс хараад, бохир урссан гэж дүгнээд байна. Бохир хальж, Туул голд нийлээгүй” гэж тайлбарлав.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Дэмбэрэл бохирын ус хальсан асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн долоо хоногт ханджээ.

Уг гомдлын дагуу МХЕГ-ынхан “АСЕМ вилла” хотхоны бохирын станцыг шалгаж байхтай таарав. Тус газрын эрүүл ахуйн хяналтын байцаагч н.Жаргалан “Станцын эргэн тойронд хуримтлагдсан мөс газрын гүнээс ундарсан хөрсний ус, бохирын аль нь болохыг тогтоохоор ажиллаж байна. Авсан дээжээ шинжилнэ. Шинжилгээний хариунд үндэслэн буруутай этгээдэд хариуцлага тооцох байх. Хариу нь 3-4 хоногийн дараа гарна. Үүссэн мөсийг цэвэрлэж, хогийн цэг рүү ачуулахыг үүрэг болголоо” гэсэн юм. Тэрбээр дээж авах үеэр шивтэр ханхалж байсныг онцлов.

Дээж авсны дараа “Скай резорт” цогцолбор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хуралдсан юм. Энэ үеэр мэргэжилтнүүд “Цэвэрлэх байгууламж иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газартай ойрхон байрладаг. Тиймээс хөлдсөн бохирыг цэвэрлэхгүй бол хайлж, элдэв өвчин дэгдэх эрсдэлтэй”-г санууллаа. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хөрсний усны ундарга дээр станц барихад шаардагдах бичиг баримт нь бүрэн, эсэхийг шалгахаар болов.

“АСЕМ вилла” хотхоны оршин суугчид одоогоор гүний худгаас ундаалж буй. Тэд “Хөрсний устай газарт барилга барих ёсгүй”, “Ус нэвчиж буй нь барилгын компанийн буруу”, “Хөрсний устай газарт барилга барих зөвшөөрөл өгсөн нь буруу” зэргээр санал бодлоо илэрхийлсэн.

Хөрсний усны ундарга дээр барилга барихын тулд тусгаарлалтыг найдвартай хийх талаар зураг төсөлдөө тусгах ёстой аж. Ус тусгаарлагчийг найдвартай хийсэн тохиолдолд хөрсний уснаас “айх” шаардлагагүй юм байна.

“Туул голд бохир нийлсэн, эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдээлнэ” гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэлэв.

Туул голын Зайсан орчмоор урсах хэсгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу хамгийн сүүлд дээж авч орчны шинжлэхэд голоос эрдэс фосфорын бохирдол илэрч, хүлцэх агууламжаас бага зэрэг давжээ. Хүлцэх агууламж гэдэг нь ус, агаар, хөрсөнд агуулагдаж болох хорт бодисын дээд хэмжээг хэлдэг. Энэхүү агууламж өндөр гарсан тохиолдолд хүн, мал, амьтанд аюултай юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)