“ТУСГАЙ САЛАА” ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АМЬДРАЛААР ҮРГЭЛЖЛЭХ БОЛОЛТОЙ

Солонгосын савангийн дууриудын “ачаар” монгол хүүхэд “уба, ума” гэж хэлд орвол гайхах зүйлгүй болсон тухай сүүлийн үед ярьж, шүүмжлэх болсон. Зурагтын суваг солих бүрт эдгээр үг хангинаж, хэрэлдэж, зодолдсон хэдэн хүүхэн гарахаар арга ч үгүй биз. “Үзэх өөр юм байхгүй болохоор” гэдэг тайлбар тавьдаг үзэгчдийг өнгөрсөн жил “Монголын” гэсэн тодотголтой телевизийн цуврал кинонууд байлдан дагуулсан. “Хэцүү анги”, “Тусгай салаа”-ныхан ёстой л загатнасан газар маажиж, үзэгчдийг зурагтын өмнө уясан гэж болно. Эдгээр киноны үргэлжлэл удахгүй гарах тухай яриа чих дэлсэж, энэ талаар тодруулахаар зохиолч А.Амарсайхантай холбогдлоо.

-Шинэ оны мэнд хүргэе. “Тусгай салаа”-ны үргэлжлэл зурагтаар удахгүй гарна гээд гадуур шуугиад байна.

-Бид амьдралд илүү ойрхон, монгол ахуйтай кино хийсэн нь хүмүүст их хүрсэн. Ийм л зүйлийг үзэгчид хүлээж байсан нь мэдрэгдсэн шүү. Тиймээс “Хэцүү анги”, “Тусгай салаа” гарсан даруйдаа л олон олон хүсэлт, хүлээлтийг бий болгосон. Юу гэхээр киногоо үргэлжлүүлээрэй гэсэн үзэгч бидэнд цөөнгүй ханддаг. “Тусгай салаа”-ны дараагийн хэсгийг гэрээт цэргийн алба хаагчдын амьдралаар хийх талаар одоогоор ярьж байгаа. БХЯнаас энэ санааг дэмжиж байгаа ч хараахан ажил хэрэг болоогүй байна.

Хэрэв үргэлжлэлийг хийхээр бат тохироод хөрөнгө мөнгөө шийдвэл өмнөх шигээ 60 биш, 30 ангитай байхаар төлөвлөж, найруулагчаар Ж.Батбаяр маань ажиллана. “Хэцүү анги”-ийн хувьд роман болгож, ирэх хоёрдугаар сараас хэтрэхгүй хэвлэлтэд шилжүүлэхээр ажиллаж байна. Ер нь ажлынхаа 80 хувийг нугалчихсан.

-Өнгөрсөн жил уран бүтээлийн ургац арвинтай байсан. Энэ жил илүү ихийг хураана биз дээ?

-Оны эхнээс л ажил оволзож байна. Монголын кино урлагийн холбооны Бүүвэйбаатар санал тавьж, “Би үлдэнэ” бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол бичээд саяхан дуусгалаа. Гадаадад олон жил ажиллаад эх орондоо ирсэн уран нугараач бүсгүйн тухай, залуучуудын хайр сэтгэл, аж амьдралыг өгүүлэх юм.

Зохиол бэлэн болсон болохоор одоо зураг авах объектоо сонгоод гол дүрийн жүжигчдээ шалгаруулна. Тэгээд л зургаа авч эхэлнэ дээ. Өнгөрсөн жил дэлгэцийн бүтээл рүүгээ түлхүү анхаараад хошин өгүүллэгээ жаахан хойш тавьсан. Энэ жил энэ ажлаа ч орхилгүйгээр уран бүтээл туурвих бодолтой байгаа. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажил олон.


Ж.ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)