Тусгаарлах байранд байгаа иргэдийн тусгаарлагдах хугацааг долоо хоногоор сунгалаа

Улсын Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцууллаа.

Тэрбээр "УОК-ийн шийдвэрээр тусгаарлах байранд байгаа иргэдийн тусгаарлагдах хугацааг хамгийн багадаа 21 хоног, дээд тал нь 28 хоног болгохоор боллоо. Сүүлд хийсэн судалгаагаар Ковид-19-ийн нууц үе нь 14 хоног биш, харин 19 хоног болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1000 орчим иргэний тусгаарлагдах хугацааг долоо хоногоор сунгалаа. 

Бид гадаад руу гурван тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ авчрах төлөвлөгөөтэй байсан. Гэвч одоогоор тэднийг хүлээж авах боломж бололцоо тааруу байгаа учир эхний ээлжинд хоёр онгоц нисгэхээр боллоо.

Мөн тусгаарлах байранд байгаа иргэдийг тус тусад нь тусгаарлахаар боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлд хийсэн судалгаагаар гаднаас орж ирсэн халдвар бие биедээ халдварлах магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр эхний ээлжийн хоёр нислэгээр ирэх 750 иргэнд 750 өрөө шаардагдана гэсэн үг. Мөн тусгаарлах байрны 14 хоногийн төлбөр болох 750 мянган төгрөгийг нэг сая төгрөг болгож нэмэгдүүлнэ" гэлээ. 

Түүнчлэн тусгаарлах байрны хүрэлцээ тааруу байгаа учир УОК-оос зарим зочид буудлыг дайчилгааны хуулийн дагуу ашиглах шийдвэр гаргасан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)