Турк, ОХУ-аас 600 орчим иргэнээ авчрах боллоо

Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр энэ сарын 13-нд Туркийн Истанбул руу тусгай үүргийн онгоц нисгэж, 170 иргэнээ авчрах боллоо. Түүнчлэн 14-нд ОХУ-ын Улаан-Үд хотоос 202, 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнээ татан авах аж. Харин Энэтхэг улс руу энэ сарын 18-нд тусгай үүргийн онгоц нисгэнэ гэж УОК-оос мэдээлэв. Эдүгээ дэлхийн 46 улсаас 10 836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК-оос Турк, Энэтхэг улсаас ойрын хугацаанд иргэдээ татан авах чиглэл өгсөн. Үүний дагуу маргааш (өнөөдөр) Истанбул руу эхний тусгай нислэг үйлдэнэ. Дараагийн нислэгүүдийг ч хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн. Зорчигчдод өмнө нь тавьж байсанчлан тухайн газраа шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлөх зэрэг шаардлага нь хэвээр” гэсэн юм.

Хятадад халдварын ганц тохиолдол бүртгэгджээ

Мягмар гаргийн өглөөний мэдээллээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын нэг, сэжигтэй 15 тохиолдол бүртгэгджээ. 27 өвчтөн эдгэрсэн, нас барсан хүн үгүй. Халдварын голомтод тооцогдож байсан Ухань хотын шуурхай штаб 10 хоногийн хугацаанд бүх оршин суугчаа шинжилгээнд хамруулахаар болжээ. Тус хотод өнгөрсөн сарын 4-нөөс хойш анх удаа энэ сарын 9-нд халдварын нэг шинэ тохиолдол, шинж тэмдэггүй 16 тээгч илэрсэн. Шинж тэмдэггүй буюу сэжигтэй эдгээр тохиолдлын таваас нь нэг хоногийн дараа шинж тэмдэг илэрч, тэднийг нотлогдсон тохиолдлоор бүртгэсэн юм. Үүний дараа халдвар тархах аюулын түвшнийг багаас дунд руу шилжүүлсэн билээ. Ухань байнгын 11 сая орчим оршин суугчтай.

Японы зарим мужид цар тахлын онцгой байдлын дэглэмийг маргаашнаас цуцлах гэж байна. Тодруулбал, 47 мужийн 34-т нь онцгой байдлын дэглэмийг цуцлах аж.

АНУ-ын Коннектикут муж улсад коронавирустэй холбоотой байж болзошгүй булчирхайн цочмог үрэвсэл болон бусад шинж тэмдэгтэй гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Тус муж улстай хөрш зэргэлдээ оршдог Нью-Йоркт мөн халдвар авсан гурван хүүхэд уг вирусээр үүсгэгддэг өвчний бус хүндрэлийн улмаас нас барсан байна. Хүүхдүүдээс илэрсэн шинж тэмдэг халдвар авсан ахмад настнуудынхтай адилгүй байгаа нь мэргэжилтнүүдийг түгшээж буй аж.

БНСУ-д халдвар дахин тархсантай холбоотойгоор ахлах сургуулийн үйл ажиллагааг сэргээх хугацаагаа энэ сарын 20 хүртэл хойшлууллаа.

Английн хөл бөмбөгийн лигүүд өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон улирлын тоглолтуудаа сэргээхийг Британийн эрх баригчид зөвшөөрчээ. Ирэх сарын 1-нээс олныг хамарсан арга хэмжээг, тэдгээрийн дотор спортын тэмцээнийг үзэгчгүй явуулахаар болсон байна.

Бэлтгэсэн: З.Гал

Сувилагч нарыг сорьц цуглуулах аргад сургаж байна

Улсын хэмжээнд эмнэлгийн бусад төрлийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна. Түргэн тусламжийн төвийнхөн хоногт 1800 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Коронавирусийн халдварын үед хүний нөөцийн бэлэн байдлыг хангах хүрээнд уушги, зүрх, судас болон бусад чиглэлээр ажиллаж буй сувилагч нарыг эрчимт эмчилгээний богино хугацааны сургалтад хамруулж эхэлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлэв. Тодруулбал, болзошгүй эрсдэлийг тооцон, эрчимт эмчилгээний сувилагчдын тоог нэмэгдүүлж буй аж. Мөн лабораторийн сувилагч нарыг сорьц авах аргад сургаж байгаа гэнэ.

ТООН МЭДЭЭ

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар

Эдгэрсэн хүний тоо 15 боллоо

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 64 хоножээ. Өнгөрсөн хугацаанд эмч нар гадаадын дөрөв, өөрсдийнхөө 10 иргэнийг эмчилж эдгээсэн. Харин өчигдөр дахин нэг иргэн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 15 болов. Үүнээс гадна хоёр хүн бараг эдгэрсэн, тун удахгүй эмнэлгээс гаргаж, дараагийн ажиглалт, хяналтад шилжүүлнэ гэдгийг ЭМЯ-ны өчигдрийн ээлжит мэдээллийн үеэр Д.Нямхүү захирал дуулгасан. Ташрамд дурдахад, өвчтөнүүдээс таван төрлийн сорьц авч, 2-3 удаагийн давтан шинжилгээгээр “Ковид-19” илрээгүй тохиолдолд л эмнэлгээс гаргаж буй билээ. Улсын хэмжээнд энэ сарын 11-12-нд халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг албаныхан хэлсэн. Тодруулбал, гурван лабораторид хийсэн 80 шинжилгээнд шинэ вирус илрээгүй аж. Үүнд ХӨСҮТ-д тусгаарласан 30, тандалтын зорилгоор 29, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийг хамруулжээ. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүний тандалт судалгаа, үзлэг, шинжилгээг үргэлжлүүлж байв.

ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөөрэй

УОК-ын Шуурхай штабынхны мэдээллийн үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэд явсан газраа үнэн зөв мэдээлэхгүй байх явдал мэр сэр гарах боллоо. Тиймээс цаашид эх орондоо ирэх иргэд дараах зүйлсийг анхаараарай” гэснийг хүргэе.

  • Турк, Энэтхэгээс болон дараагийн бусад нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөх
  • Мөн онгоцонд суухаас өмнөх явсан, очсон газруудаа нэгбүрчлэн мэдээлэх
  • Тусгай үүргийн онгоцонд хилийн хяналтын улсын хоёр байцаагч (эмч) ажиллан, иргэдийн эрүүл мэндийг хянана
  • Истанбул руу дунджаар 10 орчим цаг нисэх тул хувь хүмүүс бэлтгэлээ сайтар хангах
  • Онгоцонд N95 амны хаалт заавал зүүх
  • Суудлаа солихгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Хоол, хүнсээ тохируулах
  • Эмчийн тавьсан шаардлагыг биелүүлэх
  • Бага насны хүүхдийн хоол, хүнсийг тусгайлан бэлдэх