Туркт хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг цуцалжээ


Туркт цар тахлын эсрэг авсан хязгаарлалтын хэд хэдэн хатуу арга хэмжээг  цуцалж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  мэдэгджээ. “Бид одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, үр дүнг нь мэдээлж байна. 18-аас доош насны иргэдэд гэрээсээ гарахад тавьсан хоригийг бүрэн цуцалж байна. 65-аас дээш насны хүмүүс 10:00-20:00 цагийн хооронд гарч болно. Кино театр, театр, үзэсгэлэнгийн танхимууд долдугаар сарын 1-нээс тодорхой болзолтойгоор ажиллаж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна, кафе, ресторан, цайны газруудын ажиллах цагийг шөнө дунд хүртэл сунгахаар болжээ. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч тус улсын Шинжлэх ухаан, техникийн судалгааны зөвлөлийн /TUBITAK/ эрдэмтэд “Фавипиравир” эмийг “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд зориулан амжилттай нийлэгжүүлж чадсаныг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар Туркт халдвар авсан хүний тоо 172 мянга давж, 4729 хүн нас барсан бол 144 598 өвчтөн эдгэрсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)