Туркийн Элчин сайд Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудтай холбоотой Туркийн Засгийн газрын байр суурийн талаар Элчин сайдын яамнаас тодорхой мэдээлэл өгье гэсэн хүсэлтийг тань хүлээн авч, тантай уулзаж байна” хэмээн тэмдэглээд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд турк сургуулиуд болон үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг холбогдох яамд, байгууллагаас авч, судалж үзэн, анхаарч ажиллаж байгаагаа хэлэв.

Элчин сайд Ахмет Язал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр долдугаар сарын 27-нд Турк улсын иргэн Вэйсел Аксайг саатуулахтай холбоотой өрнөсөн үйл явдалд Туркийн Элчин сайдын яамыг буруутгасан өнгө аястай мэдээлэл нийгэмд түгсэнд эмзэглэж буйгаа илэрхийлээд, Монгол Улсын хууль хяналтын байгууллага асуудлыг үнэн зөвөөр шалгаж тогтооно гэж найдаж байна хэмээсэн.

Мөн тухайн өдөр Элчин сайдын өргөөний дипломат халдашгүй эрхэнд халдсан Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын зарим үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар санал солилцлоо. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “50 жилийн ойн хүрээнд боловсрол, соёл, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлэх олон ажил байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллах болно” гэлээ.


А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)