Туркийн газар хөдлөлтөд 57 хүн амь үрэгдэв

Туркт гуравдугаар сарын 8-нд рихтерийн шаталбараар 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 57 хүн амь үрэгдлээ. Газар хөдлөлтийн төвөөс холгүй байсан Элазиге мужийн Оксулар тосгон хүнд хохирол амссан байна. Тус мужийн амбан захирагч Муаммер Эрол “Оксулар тосгонд голдуу шавар, тоосгоор баригдсан 30 орчим байшин нурж, 17 хүн дарагдаж үхсэн. Харин цемент, чулуун хавтангаар барьсан байшингууд газар хөдлөлт тэсч үлдсэн” гэжээ.
Аврагчид, цэргийнхэн нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байгааг Туркийн телевизүүд дамжуулсан байна. Газар хөдлөлтийн дараа 40 гаруй удаа хүчтэй чичирхийлэлт мэдрэгдсэн тухай албаны хүмүүс мэдээлээд, “Иргэд газах хөдлөлтөд нураагүй ч хана, таазанд нь цууралт үүссэн байшинд толгой хоргодох аюултай. Зарим газарт хүчтэй чичирхийлэл мэдрэгдсээр байна” хэмээн анхааруулав. Өвлийн хүйтэнд толгой хоргодох газаргүй болсон хүмүүст Туркийн “Улаан хавирган сар” нийгэмлэг майхан, хоол хүнс, дулаан хөнжил тараасан байна.
Туркийн Ерөнхий сайдын орлогч Жемиль Чичек гамшигт нэрвэгдсэн газарт очиж, байдалтай танилцаад, “Шавар тоосгоор байшин барих нь нутгийн уламжлал ч гэлээ байгалийн гамшгийн үеэр аюултай, хүний аминд хүрэх сууц юм” гэсэн байна. Харин нутгийн иргэдийн зарим нь газар хөдлөлтөд эд хөрөнгө, хүний амь нас сүйдсэнд Засгийн газар буруутай хэмээн шүүмжлэв. Тэд “Энэ бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлчийн 20 жил их бага хэмжээгээр олон удаа газар хөдөлсөн. Гэтэл Засгийн газар барилгуудыг хүчитгэх талаар болон газар хөдлөлтөд тэсвэртэй материалаар барих тухай ам ангайгаагүй. Нутгтйн тргэдийн олонх нь боловсрол багатай, ямар материалаар байшинг баривал дээр вэ гэдгийг мэддэггүй” гэх зэргээр шүүмжилжээ.
Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужийг сэргээн босгох төсөл эхлүүлэх шийдвэрт гарын үсэг зурав. Турк газар хөдлөлтийн идэвхтэй бүсд оршдог агаад 1999 онд нутгийн баруун хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 18.000 орчим хүн үрэгдэж байжээ.
Их Британийн эрдэмтэн Ричард Локетт “Гаити, Чилид болсон газар хөдлөлт Туркт болсонтой ямар нэг байдлаар холбоо байхгүй. Газарзүйн байрлалын хувьд шууд нөлөө үзүүлэх боломжгүй хол зайтай газрууд. Ойрын өдрүүдэд болж байгаа газар хөдлөлтүүд тогтоворгүй нөхцөл үүссэн гэдгийг үзүүлж байгаа хэрэг огт биш. Шинжлэх ухааны төвүүдэд 6.0-6.9 баллын хүчтэй газар хөдлөлт жилдээ 134 орчим бүртгэгддэг. Энэ нь дэлхийд долоо хоногт нэгээс хоёр удаа хүчтэй газар хөдөлдөг болохыг харуулж байгаа юм” гэжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)