Туркийн арми Сирийн хойд хэсэгт байлдааны ажиллагаагаа эхлүүлэв


Өчигдөр /2019.10.09/ Туркийн арми Сири улсын хойд хэсэгт “Энх тайвны эх үүсвэр” байлдааны ажиллагаагаа эхлүүллээ.. Байлдааны ажиллагааг эхлүүлснийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган өөрийн Твиттер хуудсаараа мэдэгдсэн байна.
“Туркийн Зэвсэгт хүчин Сирийн үндэсний армитай хамтран “Энх тайвны эх үүсвэр ” ажиллагааг Курдын ажилчны нам, Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон "Исламын улс" террорист байгууллагуудын эсрэг эхлүүллээ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Туркийн цэргийнхэн хил орчмын газрыг Курдын дайчдаас цэвэрлэж, аюулгүй байдлын бүс байгуулснаар Сирийн дүрвэгсдийг байрлуулах бодолтой байгаа ажээ. Турк улсад 4 сая орчим Сирийн дөрвөгсөд байдаг бөгөөд тэднийг “эцэс төгсгөлгүй тэтгэх боломжгүй” гэдгээ Анкара урьд нь мэдэгдэж байсан юм. Сирийн төрийн телевизийн "Ихбария" сувгийн мэдээлснээр Туркийн арми Хасек мужийн Дарбас, Малик, Камышлы, Ракка мужийн Тель Абяд, Айн Иса зэрэг хотууд руу дайрсан байна. Үүнээс гадна Туркийн нисэх онгоцууд Аллюкийн усан станц, Маликийн хойд хэсэгийг эрчим хүчээр хангадаг цахилгаан шугамд цохилд өгчээ. “Сирийн Ардчилсан хүчин”-ий хэвлэлийн албаны мэдээлж байгаагаар уг ажиллагааны явцад SDF-ийн гурван байлдагч, таван энгийн иргэд амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Уг үйл явдалд санаа завж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш илэрхийлэв. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хаки аливаа цэргийн ажиллагаа нь НҮБ-ын дүрэм, олон улсын хүмүүнлэгийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстойг сануулжээ. Сирийн хойд хэсэг дэх нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх юм байна. Сирийн эрх баригчид Евфрат голын зүүн хэсгийг хяналтдаа байлгадаг автономит засаг захиргаа болон түүний цэргийн жигүүр SDF-ийг хүлээ зөвшөөрдөггүй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)