Тул биш, жараахай барьсан парламент

Хуульд зааснаар энэ удаагийн УИХ-ын хамгийн сүүлчийн ээлжит чуулганыг цаад тал нь долдугаар сарын 1, наад тал нь өнөөдөр хааж, гишүүдэд албан ёсоор “Баяртай” гэж хэлэх байв. Гэвч УИХ-ын дарга захирамж гарган, ирэх сарын 23-ныг хүртэл түр завсарлуулчихсан. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, санал хураалт болоход долоо ч хүрэхгүй хоног дутуу байхад гишүүд Төрийн ордонд цуглаж, хуралдах нь юу л бол. Сонгуулийн бус үед аажуу, уужуу байхдаа ч тэд ажлаа хийдэггүй хүмүүс шүү дээ. Дангаараа олонх бүрдүүлэх хэмжээний суудал авсан нам үгүй учраас ирцээрээ боож, хуралдаа суухгүй байх нь энүүхэнд дөрвөн жил өнгөрлөө. Өглөө зарласан хуралдаанд үд өнгөрөхөд ердөө хоёрхон гишүүн сууж байсныг хамгийн сүүлчийн хуралдаанаас харж болно. “Мордохын хазгай” гэдэгчлэн анхдугаар чуулган нь хүртэл ирц бүрдэхгүй, хэрэлдэж уралцсаар бүтэн сар үргэлжилж байлаа. Тэгэхээр одоогийн нэр бүхий 76 гишүүн Их хурлын чуулганы хуралдааны танхимд дахин ажиллах боломж ч, сэтгэл ч үндсэндээ үгүй ээ.

 Хууль тогтоох цор ганц, дээд эрх мэдэл атгасан тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж, бүтээв. 2012 оны ээлжит сонгуулиар УИХ-д байгуулагдсан гурван бүлгийн нэг нь үгүй болж, улмаар өнөөдөр Засгийн газрын гурван гишүүн “тойрох”-оо зуруулах л дутуу байгаа бол ИЗНН-ын хоёрхон гишүүний нэг нь намдаа үлдэж, парламент ямар ч бие даагчгүй болоод байна. Парламент дахь гуравдагч хүчний нэг төлөөлөл байсан МҮАН хоёр гишүүнээ АН-д “өгөөд” УИХ-ын суудалгүй боллоо. Энэ мэт хөдөлгөөн, сандал, ширээ тойрсон хэрүүл уг парламентад тасарсангүй. Ёс шиг шүүмжилдэг цөөнхийнхний “дарамт”-аас гадна эрх баригчдын толхилцол, фракцуудын үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх тэмцэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн. Халааг нь авсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН, “Шударга ёс” эвслийн аль алинд нь өврөө нээж, бас хөөсөн. Үүнээс гадна “шүд сугалах” байдлаар сайд нарыг ээрч, Засгийн газрын ч, парламентын ч ажил хийх цагаас багагүй хумсаллаа.

Чухам энэ гаж зүй тогтол, үзэгдлийг сууриар нь засах учиртай гэж гарч ирсэн парламент бүрэн эрхийн хугацааныхаа эхэнд шахам ажлын хэсэг байгуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрөгч чуулганаар арайхийн бэлэн болгосон ч хэлэлцэх ёстой хуулийн хугацаа нь нэгэнт өнгөрсөн байв. Ийнхүү өдгөө доголдож буй нийгмийн зарим суурь харилцааг үндсээр нь өөрчлөх Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ парламент хийж чадсангүй. Үндсэн хуулиар биш юм гэхэд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар засаглал хоорондын замбараагүй харилцааг цэгцлэх гэсэн нэг биш оролдлого гаргасныг нь үл дэмжив. Тодруулбал, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг хориглох буюу “давхар дээл” тайлах төслийг 2013 оны хавар УИХ-д өргөн мэдүүлж, жил тойрон хэлэлцэж, дэмжиж буй дүр эсгэчихээд, санал өгөхдөө толгой сэгсэрсэн. Өнөөдөр ч яг ийм агуулга бүхий хууль түр завсарлагын цаана гацчихаад байна. Энэчлэн энэ цагийн хууль тогтоогчдын амласан тоймтой хэдхэн зүйл бий. Тэдгээрийн нэг нь Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл. Бүх шатны сонгуулийг нэгтгэн багцалж, цэгцэлсэн ч зориуд үлдээсэн “цоорхой”-гоо ашиглан дэлхийн жишиг, чиг хандлагаас ухарсан. Засаглал, төрийн байгуулалтын түвэгтэй олон асуудлын нэг тал болсон Улс төрийн намын тухай хууль, түүний санхүүжилтийг боловсронгуй болгох чиглэлд харин хууль тогтоогчид хуруугаа ч хөдөлгөөгүй. Өнгөрөгч оны төгсгөлд Ерөнхийлөгч төсөл санаачлан өргөн барьсан ч үл ойшоосон.

Ер нь УИХ-ыг удирдаж буй хүний зан авир гэх үү, эсвэл олонхгүй парламентын гачлан уу хууль тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй парламент хуулийн хүрээнд хууль зөрчиж, хүч түрэх жишгийг бүрэн эрхийн хугацаанд тогтоосон гэхэд болно. Хууль батлахад ирц хүрэхгүй, ганцхан гишүүн дутаад байвал Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гадаадад байгаа гишүүнийг өөр хэн нэгнээр шууд сольж, асуудлыг урагшуулж болдгийг эндээс л харж болно. УИХ-ын дарга З.Энхболдын энэ мэт үйлдлийг цөөнхийнхөн буйдантай суулт хийх үеэсээ л шүүмжлэхээр шүүрч авсан. Энэ нь МАН-ынхны сонгуулийн пи-артаа ашиглах томоохон бай болох нь дамжиггүй.

УИХ эхний ээлжит чуулганаараа эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хүрээнд таван тэрбум хүртэлх ам. долларын “Чингис” бонд гаргахыг Засгийн газарт зөвшөөрч, улмаар 1.5 тэрбум ам.доллар босгосон нь өнөөдөр улстөрчдийн “хэрүүлийн алим”, сонгуулиар сайн, муу хэлүүлэх хамгийн том сэдэв болоод байна. Өдгөө уг бондын зарцуулалт, түүний үр ашиг, төслүүдийн чанар, үр дүн, хэрэгжилт ямар байна, ард түмний амьдралд хэрхэн нөлөөлөв, улмаар эрх баригчдын бодлого эдийн засагт гай тарьсан уу, гавьяа байгуулсан уу гэдгийн хариулт энэ удаагийн ээлжит сонгуулийн үр дүн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас мега төслүүд гэгддэг “толгой”-нуудыг хөдөлгөх ажилд ахиц гарсангүй.

Гэвч хүмүүсийн амьдралд хэрэгтэй, үгүйлэгдэж байсан цөөнгүй хууль баталсныг үгүйсгэж боломгүй. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан, өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тасарсан иргэдийн тодорхой хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох, нөхөн төлж болохоор хуульчилсан. Олон жил ханилсан гэр бүлийн хүн нь өнгөрөхөд үлдсэн нь төлсөн тэтгэврийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн авах бололцоо олгосон Хамтын тэтгэврийн тухай хуулийг сайшааж, хэрэгжиж эхлэхийг нь хүлээх хөгшид бишгүй байна. Цагдаа, Тахарын алба, Гэрч, хохирогчийг хамгаалах болон Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай зэрэг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлт хийсэн багц хууль баталсан. Эдгээр нь эдийн засгийн тооцоолол, хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн, эсэхээс хамааран сайшаал, шүүмжлэлийн аль алиныг нь дагуулж буй. Энэ парламентын эхнээс хэлэлцсэн хууль, эрх зүйн хүрээний шинэчлэлийн төслүүд дөрвөн жилийн турш бараг тасралтгүй хөвөрч, эцсийн найруулгыг нь сонсчихвол хэрэгжүүлэхэд бэлэн хэд хэдэн хууль бий.

Үүнээс гадна татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилснийг мэргэжилтнүүд онцолж буй. Мэдээж шүүмжлэл ч бас бий. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, татварын буцаан олголтын систем ажиллаж эхэлснээр сайн, муу олон хандлагатай нүүр тулж буй. Татвар, данс тооцоотой холбоотой томоохон шинэчлэлийн нэг нь Шилэн дансны тухай хууль. УИХ-ын босгон дээрээс нэг удаа буцаагдаж, хэзээ, хэрхэн хэрэгжүүлнэ дээ гэсэн үл итгэх байдалд дарлуулж байсан энэ хуулийг мэддэг, үр дүнг нь мэдэрсэн хүмүүс цөөнгүй ээ. Хэдхэн хоногийн өмнө баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ч энэ парламентын нэгэн тод өнгө. Архидан согтуурч, ар гэрийнхнийгээ дарамтлан, адаг сүүлдээ нэг нь шоронд, нөгөө нь шороонд ордог гэр бүлийн хүчирхийлэл гээч зүйлийг зөрчлөөс эрүүгийн гэмт хэрэгт тооцсон уг хуулийн төлөө алга таших нь зүйтэй.

Энэ мэтчилэн сайшааж, бас саар хэлмээр зүйлийг дурдаад байвал дуусахгүй. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн туршид хамгийн түрүүнд “агнана” гэж ам гарсан тулын дайтай том, тодорхой, суурь асуудлуудаа хойш тавьж, зугтсаар тулга тойрсон, жараахай мэт асуудлуудтай дэндүү зууралдаж, хайран цаг хугацаа барж дээ гэсэн харамсал төрж байна. Энэ удаагийн ээлжит сонгууль, цаашид ер нь парламентын бүрэлдэхүүн ч одоогийнхтой тун төстэй байх магадлал өндөр. Тэр болгонд төрийн эрх барих дээд байгууллагынхан ийм хандлага, арга барилаар ажилласаар байх уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)