Тувад сууж байсан Ерөнхий консулд торгох ял шийтгэв

Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр албан тушаалаа ашиглан Монголд төрийн байгууллагад ажилладаг нөхрөө ажилд томилсон тушаал гаргаж, дээрх Консулын газарт ажилладаггүй гэр бүлийнхээ хүнд цалин олгож байсан гэнэ.

Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан хэлэлцсэн шүүх хурлаас Б.Ганцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч Б.Ганцэцэг улсад учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлсөн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)